Л.Мөнхбаясгалан: Одоогийн улс төрчдийн увайгүй хандлага, зан араншин сэтгүүлчдийн цаазын тавцан
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцсаныг хүргэж байна.
Видео:
-Хэвлэл мэдээллийн байгууллага зоригтой ажиллаж чадаж байна уу. Өнөөдрийн нийгмийн зориг нь хэвлэл мөн үү?
-Хэвлэл мэдээлэл оршин тогтноход хамгийн хэцүү үед та бүхэн ажиллаж байна. Биднийг ажиллаж байх үед ч мөн адил хэцүү л байлаа, тэсэж үлдэхийн төлөө, амьд үлдэхийн төлөө хичээдэг байсан. Тэр үед мэргэжлийн, шударга сэтгүүлчид, мэргэжлийн редакцууд маш олноороо, шударга өрсөлдөөн явагддаг байсан.
Нэг үгээр хэлбэл тухайн цагт шударга бус нь цөөхөн байсан бол одоо шударга нь цөөхөн болчхож. Мэргэжлийн редакц маш цөөхөн, гарын таван хуруунд багтахаар л байна. Тэдний нэг нь Eguur. Би Eguur-ийг унших дуртай, миний нүдэн дээр төрж, өсөж бойжоод, одоо мэргэжлийн, эрийн цээнд хүрчихсэн редакц. Талархалтай санагддаг.
Сэтгүүлч, улстөрч зоригтой л байх ёстой юм билээ. Зориг байхгүй бол юу ч хийж чадахгүй. Гэхдээ тэр зориг тэнэг бус ухаантай зориг байх ёстой. Айх юм бол юу ч хийж чадахгүй, бас айхгүй байна гэдэг аюултай. Юунаас ч айдаггүй хүнээс айх ёстой, ямар ч ёс зүй алга гэсэн үг. Ёс зүй, айдас хоёр нэг шугамаар явж байдаг зүйл шүү дээ. Сэтгүүлзүйн салбарын шударга өрсөлдөөнд ялсан редакц, сэтгүүлч л амьд үлддэг.
Шударга бус өрсөлдөөнд оролцох юм бол юу ч авч чадахгүй, бусадтайгаа адил живээд л алга болно. Манай зарим сэтгүүлчид микрофон бариад, бараг зодох гээд, өөрийгөө шүүгч гээд бодчихсон яваад байна. Тэд бол ногоон малгайтнууд, мэргэжлийн сэтгүүлч биш. Мэргэжлийн сэтгүүлч нар өөр байдаг.
-Сэтгүүлч нарын зоригийг хамгийн их мохоож байгаа, айдаст автуулдаг хүчин зүйл юу вэ. Хэн нэгэн албан тушаалтан уу, эсхүл хуулийн байгууллага уу?
-Сэтгүүлчийг хамгийн ихээр айдаст автуулах зүйл мөнгө л байх ёстой. Мөнгөнөөс айдаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр мөнгөнд хайртай болоод гүйгээд байвал мэргэжлээ алдчихна.
Одоогийн улстөрчдийн увайгүй хандлага, зан араншин бол сэтгүүлч нарын цаазын тавцан. Увайгүй байгаа нь хэн нэгнийг барьж, шоронд хийхээр хэмжигдэхгүй. Шууд мөнгө амлах, мөнгөөр хүчирхийлэх. Буу тулгаснаас мөнгө тулгасан нь амархан гэж тэд ярьдаг. Энэ мөнгөний хүчирхийлэл, айдсыг ялж гардаг байх хэрэгтэй, мөнгийг ялдаг зоригтой байх ёстой. Энэ арван жил үргэлжлэх болов уу гэж харж байна.
Сэтгүүлчдийг айдаст автуулж байгаа хүчин зүйлийг хувь хүн, байгууллага гэхээс илүүтэйгээр өнөө цагийн ялзарсан улстөрчдийн увайгүй хандлага л хамгийн аюултай байна.
-Та 28 жил сэтгүүлч хийсэн, одоо бодлого тодорхойлогч, УИХ-ын гишүүн болсон. Салбараа хөндлөнгөөс харахад юу бодогдож байна вэ. Олон улсын жишээ, өнөөгийн бидний салбарын нөхцөл байдлыг зэрэгцүүлэн харахад биднийг туулах ёстой зам мөр, бэрхшээлээ дайрч өнгөрч яваа гэх юм?
-Дэлхийн хэвлэлийн түүхийг харахад яг л энэ замыг бид ч даван туулах ёстой. Гэхдээ дэлхийн сэтгүүлзүй технологийн асуудалтай нүүр тулж байна. Өмнө нь ийм технологийн эрэн байгаагүй шүү дээ. Гэхдээ бид сайн багш нар, сайн дарга нартай байсан. Одоогийн сэтгүүлчид даргагүй, эзэнгүй байхыг хүсэж байна. Хуучин "Өдрийн сонин", "Ардын эрх" сонины эзэд маш сайн хүмүүс, мэргэжлийн сэтгүүлчид байсан учир биднийг зөв алхуулахад тус дэм болсон. Одоогийн хэвлэлийн байгууллагын эзэд нь өөр зорилготой. Тийм болохоор сэтгүүлчид дарга нараасаа холдохыг хүссэн.
Би амьдралдаа бодож үзээгүй айсан нэг зүйл байдаг. "Өдрийн сонин"-оос өдөр тутмын шинэ сонин байгуулж тусдаа гараад эхний дугаараа хийхдээ л ойлгосон. Миний бичсэнийг шүүх шүүлтүүргүй болчихсон. Урьд алдаа гаргавал тэд засаад өгөх юм чинь гээд хамгаалагдсан мэдрэмжтэйгээр нийтлэлээ гаргадаг байсан бол тэр үед хэн ч засахгүй, хамгаалахгүй далай руу орсон. Дарга нарын нөмөр нөөлөг тэгж мэдрэгдсэн.
-Сэтгүүлчээр ажиллах хугацаандаа чамгүй олон удаа айдаст автсан байх. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Одоогоос 12 жилийн өмнө. Оффшор задарч, дуулиан болох үеэр АНУ-руу явахаар төлөвлөж байх үед надад хилийн хориг тавьж, 15 жилийн хорих ял төлөвлөж байсан. Тэр үед шантармаар л байсан. Дуртай ажлаа найман сар хийж чадахгүй, цалин мөнгө ч үгүй болчихсон. Тухайн үед би өөрийгөө шантарч байна гэж бодож байсан ч эргээд харахад надад эрч хүч авчирсан.
Хамгийн их шантрах зүйл бол алдар нэр. Намайг хэн ч танихгүй ч байсан болоосой, миний бичсэн нийтлэлийг хэн ч уншихгүй, нэвтрүүлгийг хэн ч үзэхгүй ч байсан болоосой гэж бодож шантарч явсан цаг надад байсан.
Хэвлэл мэдээллийн бүх салбарт ажилласан. Сониноо, телевизээ хаалгаж байсан, бүгдийг нь туулсан. Хүн ярилцлага өгөхгүй гэвэл хүндлэх ёстой. Орхиод л яв. Тэрний хойноос хөөгөөд, ноцолдоод л, энэ сэтгүүл зүй биш. Хууль бусаар олж авсан нотлох баримтыг нотлох баримт биш гэдэг шиг хүнийг дургүй байхад авсан ярилцлага ярилцлага биш.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ авгай ч мөн адилхан улстөрч шүү дээ,