У.Болортуяа: Сэтгүүлчийг хаалттай шүүж, шоронд хийгээд үзүүлчихсэн учраас хэвлэлийнхэнд айдас бодитоор нүүрлэсэн
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакциуд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, Urug.mn сайтын үүсгэн байгуулагч У.Болортуяатай ярилцсаныг хүргэж байна.
Видео
-Өнөөгийн нийгэмд редакцууд хэр зоригтой ажиллаж байна гэж харж байна. Чөлөөтэй хэвлэн нийтлэхэд редакцуудад ямар сорилт тулгарч байна вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарын хамгийн чухал зүйл бол зориг. Зоригтой ажиллаж чадвал хийж буй бүтээлээрээ бодлогод, нийгэмд нөлөө үзүүлж чадна. Зоригтой ажиллана гэдэг бол бидний нэг том тулгуур багана. Гэтэл сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд зоригтой ажиллах гэдэг зарчмаасаа ухарсан.
Энэ юутай холбоотой вэ гэхээр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шоронд хоригдсоноос хойш мэргэжлээрээ ажиллах хүний тоо буурсан, салбараасаа гарсан хүмүүс ч байгаа, нэрлэж болж байна. Ер нь тэгсхийгээд л явж байсан нь зүгээр юм байна. Айхтар хурц юм ухаж төнхөх хэрэггүй юм байна гэдэг байдал үүсгэчихсэн.
Ямар нэгэн аргаар тухайн сэтгүүлчийн амыг таглах дуугүй байлгах зорилгоор “Эзэн нь байхад хэрэг нь олдоно” гэдэг шиг зарчмаар бидний өмнө сэтгүүлчийг шоронд хийгээд, бүр хаалттай шүүгээд үзүүлчихлээ шүү дээ, бидэнд. Төрийн нууцыг задруулсан хүн нь хариуцлага байхгүй, хадгалсан гэдэг үндэслэлээр шоронд хийгээд харуулчихсан.
Тийм учраас ямар нэг зүйлийн араас яваад, эрсдэлтэй зүйл хийх юм бол шоронд орох дараагийн хүн нь би байх уу, бид байх уу гэдэг айдас бодитоор байгаа. Сэтгүүлчийнхээ хувьд би ч гэсэн энэ үйл явдлаас хойш эрсдэлтэй том сэдвээр дуугарч, сэтгүүл зүйн эрэн сурвалжлах бүтээл хийгээгүй. Ийм л байдалтай байна.
-Цөөнгүй эрхлэгч, редактортай энэ сэдвийн хүрээнд ярилцлаа. Зориг гэдэг агуулгын цаана яалт ч үгүй редакцын бодлого гэдэг асуудал байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олширсон ч мэдээллийн чанар түүндээ хүрэхгүй байна гэдэг шүүмж ч байдаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Манай салбарт 4000-5000 хүн ажиллаж байна. Бидний ажил ил тод байдаг гэдэг утгаараа сайн муу нь хүмүүст харагдаад байгаа юм. Уулын мод урттай богинотой, салбар дотор сайн муу, сайхан муухай, чадвартай чадваргүй хүмүүс байж л байгаа. Бусад салбарт ч гэсэн ёс зүйгүй эмч, ёс зүйгүй багш нар байдаг.Түүнтэй адил манай салбарт ёс зүйгүй, шантааж хийдэг хүмүүс бий, үгүйсгэхгүй. Гэхдээ салбарын дийлэнхийг энэ хүмүүс бүрдүүлж байгаа юм биш.
Бид үүргээ биелүүлж байна уу, урагшилж, хөгжиж байна уу гэвэл би тийм гэж хариулна. Бид туулах ёстой замаа туулаад явж байгаа. Жишээ нь, Urug.mn видео суурьтай, Eguur.mn бичвэр суурьтай, үүргээ гүйцэтгээд сайн явж байна. Шууд дамжуулдаг онцлогоо хадгалаад Zarig.mn ажиллаж л байна. Тэгэхээр өөр өөрсдийнхөө онцлог чиглэлээр явж байгаа. Би ч өөрөө ил тод шүүмжилдэг, Монгол Улсын амьдрал Төрийн ордноос өөр газар байхгүй юм шиг бөөн бөөнөөрөө ганц УИХ-ын гишүүн элдээд явдгийг.
Сэтгүүлчид нийгмийн амьдрал, нийгмийн дуу хоолойгоо гээгдүүлээд ордон тойрсон сэтгүүл зүй гэдэг юм бол үүсчихээд байгаа нь үнэн. Магадгүй 2-3 жилийн дараа энэ байдлаасаа өөрсдөө залхана гэдэгт итгэлтэй байна. Ордон тойрсон сэтгүүл зүй хийж болно. Гэхдээ ядах нь аа, мэргэжлийн түвшинд хийхгүй байгаа. Үүнийгээ бид өөрсдөө ярьж, шүүмжилж эхэлж байна гэдэг нь өөрчлөгдөх зам руугаа орж байгаа хэлбэр гэж харж байгаа.
-Танай редакцад ирснийх ВВС-гийнхэнтэй хамтарч ажилласан талаар нь асуухгүй өнгөрч боломгүй байна. Гадны хэвлэлүүд бидний хөгжлийг хэрхэн дүгнэдэг юм бол?
-ВВС-гийнхэн Монголд есөн редакцтай уулзаад, гурван редакц сонгон хамтарч баримтат кино хийсэн. Үүний нэг нь манайх. Яагаад манайхыг сонгосон шалтгааныг нь асуухад телевиз суурьтай учраас хамтарч ажиллахад амар, хурдтай гэж үзсэн юм билээ. Эмэгтэй захирлуудтай, шууд нэг хэлээр ойлголцчихож байгаа юм. Шот лист гээд хэлэхэд текст суурьтай хүмүүс бол ойлголцлын цэг нь огтлолцох гэж цаг орно шүү дээ. Хамт ажиллаад явахад биднийг маш их магтсан.
Жишээлбэл, манай эвлүүлгийн найруулагчийг ид шид бүтээж байгаа хүн шиг л байна гэсэн. Ер нь биднийг жижигхэн хэрнээ богино хугацаанд их юм хийгээд сурчихсан, суралцах юм байлаа гэсэн. Бид ВВС-гээс юу сурсан бэ гэхээр бүх зүйлээ цаас руу буулгаж, бичиж төлөвлөдөг нь маш их таалагдсан. Зураглаач гэхэд зурганд гарахаас өмнө төлөвлөгөөгөө бүгдийг нь бичиж байгаа юм.
Сэтгүүлч нь секунд бүрээр нь зохиолоо бичдэг. Мэдээж, сайн эрэн сурвалжилга, сайн баримтат кино хийхэд хүний нөөц, мөнгө, цаг хугацаа гурав чухал. Энэ гурав дээр BBC илүү анхаардаг юм байна билээ. Бид энэ дээр л "унаж" байгаа болохоос биш ур чадвар, харж байгаа өнцөг, сэтгэлгээний хувьд дутах зүйл байхгүй юм байна гэдгийг харсан.
-Санхүүжилтийн асуулдлыг та ч дурдлаа. Өнөөдөр ихэнх хэвлэл мэдээллийн байгууллага төрийн байгууллагуудтай гэрээ байгуулж, тэндээс санхүүжилтээ босгож байна. Үүнийг яаж бууруулах вэ?
-Хэвлэлийн мэдээллийн байгууллагын нэг төвөгтэй, ээдрээтэй зүйл нь энэ. 50 хувь нь бизнесийн байгууллага, 50 хувь нь үнэний төлөө дуугарах ёстой байдаг. Үнэний төлөө дуугарах, мөнгө олох гэдэг хоёр нюансыг зэрэг авч явна гэдэг бол үүсгэн байгуулагчаас, тухайн редакцаас маш нарийн мэдрэмж, ухаалаг байдал, тэвчээр бүгдийг шавхсан зүйл. Жишээ нь, манай хувьд 2025 оны санхүүгийн болон бусад тооцоонуудаа харахад нийт борлуулалтын орлогын 56 хувь нь хувийн хэвшлээс, 44 хувь нь төрийн байгууллагаас байсан.
Энэ нь салбар дотроо өндөрт тооцогдох үзүүлэлт гэж харж байгаа. Бид анхнаасаа контент сайт буюу контентоороо борлуулалт хийх, контентоор дамжуулж мөнгө олох гэдгийг бизнес моделийн хувьд тооцож харсан. Тийм учраас жил ирэх тусам хувийн хэвшлээс босгож байгаа мөнгөн дүн өсөж байгаа. Цаашид 70-80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Контентоо зарна гэдэг нь хамгийн сүүлийн жишээ гэхэд Цагаан сарын 10 контент хийж хувийн хэвшлүүдэд борлуулсан.
Тэр дотроо, Бишрэлт, Таванбогд, Мах импекс, Өв соёл брэндүүдийн сурталчилгааг хийгээд Увсын Зоригоо хүүгийн контентыг хийлээ. Давхардсан тоогоор хоёр сая хандалт авсан. Хоёр сая хандалтын хариуд хувийн хэвшлүүдийн сурталчилгааг хийж өгөөд тэндээс мөнгө босгож байна. Борлуулалт контент гэдэг дээр манай бизнес модель илүү төвлөрдөг.
Судалгаа харж байхад манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын 80-90 хувь нь төрийн байгууллагаас санхүүжилттэй байдаг. Тэгэхээр бид дотооддоо яах ёстой вэ гэхээр бизнес модель, мөнгө олдог аргаа яаж өөрчлөх вэ гэдэг рүү л төвлөрөх ёстой. Төрийн ордонд 60-70 сэтгүүлч нэг улстөрч хөөгөөд байна гэдэг чинь ордонд мөнгө байна гэсэн үг. Ордноос мөнгө олдог зарчмаа багасгая гэвэл ордноосоо гарах л хэрэгтэй.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлчид айдастай ажиллана гэдэг хамгийн аюултай
ene bol chuluut hevleliin asuudal shuu
айдас бодитоор байна гэдэг нь ноцтой дохио
setguulchdiig ingej daramtalj bolohgui
үнэн бичихээс айдаг нийгэм бол ухралт
ene asuudal deer hun bur bodoh heregtei
zorigt setguulch nar l niigmiig hugjuuldeg
айдас төрүүлж ам таглах нь буруу
ene bol zugeer neg hunii asuudal bish
setguul zui uneheer hetsuu bolj bn
хэвлэлийн эрх чөлөө хамгаалагдах ёстой
хүмүүс үнэнийг мэдэх эрхтэй шүү
setguulchdiin too buurч baiga ni haramsaltai
ene bol boditoi baidal gej haragdaj bn
setguulch nar hamgaalaltgui yum shig sanagdaj bn
үнэн үг хэлсэн хүн шийтгэгддэг бол хэцүү
үнэн бичсэн хүнийг дэмжих хэрэгтэй
Хүн гүтгээд худал сэвээд мөнгөөр амаа таглуулчаад байвал хуулийн дагуу л юм болно шдээ. Тэрнээс биш нотлох баримттай үнэн бичвэл яана гэж. Бичиж байгаа асуудлаа бодитой тал бүрээс нь зөв өнцгөөс дүгнэж бичдэг байх хэрэгтэй.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud