Ерөнхийлөгчийн тухай хууль дахь 4 жил гэснийг хүчингүй болголгүй сонгууль явуулсныг хөндөв
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн гэх шийдвэрийг хэлэлцэв.
2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгогдож байхаар нэмэлт өөрчлөлт хийсэн бөгөөд улмаар Ерөнхийлөгчийн тухай хууль дахь хуучин заалтыг хүчингүй болгоогүй энэ хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн асуудлыг зарим гишүүд хөндсөн юм. Тэгэхээр эргээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 6 жилээр сонгогдон ажиллаж буй.
Байнгын хорооны зарим гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэц өөрөө нэгэнт хүчингүй болсон заалтаар гаргасан гомдол, маргааныг хэлэлцэх шаардлагагүй байсан буюу одоогийн Үндсэн хуулийн 6 жилээр гэдэг заалт нь хүчин төгөлдөр байхад хуучин заалтыг автоматаар хүчингүй гэж үзэх ёстой байсан гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээн авч, чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.