НИЙГЭМНийгэм мэдээ

ОБЕГ: 22 жилийн хугацаанд 49.759 хүний амь нас, ₮2.8 их наядын хөрөнгийг авран хамгааллаа

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны I тогтоолоор тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш 22 жил болж байна. Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, алба хаагчдын нийгмийн баталгаа, техник, тоног төхөөрөмжийн хангалтын талаар мэдээлэл танилцууллаа.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 22 жилийн хугацаанд 49.759 хүний амь нас, 2.8 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.Албаны хэмжээнд тусгай зориулалтын хувцасны хангалт 64.4 хувь, техник тоног төхөөрөмжийн хангалт 57.7 хувьтай байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд 80 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд "Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх" төслийг хэрэгжүүлж, Агаараас эрэн хайх, аврах ангитай болж, Онцгой байдлын байгууллага дотооддоо нисгэгч, инженер, техникийн ажилтнуудаа бэлтгэж, агаараас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэдэг болсон байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх" төслийг эхлүүлж, гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, шуурхай мэдээлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бол "Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлснээр техник, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн бэлэн байдал, оролцоо сайжирах юм.

ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Япон, Солонгос, Польш, Турк, Беларусь зэрэг 29 орны гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, БНХАУ, ОХУ, БНФУ зэрэг нийт 7 улс оронтой хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, АНУ, Солонгос, Турк, Беларусь, Польш, Энэтхэг тэргүүтэй улс орнууд болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагатай 56 хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ. Түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн агентлагууд, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА) зэрэг 34 олон улсын засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button