Н.Алтанхуяг: Засгийн газар иргэдтэйгээ хэрэлдэж байхын оронд Оюутолгойн ногдол ашгаа олж ирэх хэрэгтэй
Ардчилсан намын өнөөдрийн 4/11 мэдээлийн цагаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төрийн хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Баяр наадам болох гээд олон нийт хөл хөдөлгөөнтэй байгаа энэ үед УИХ сунаж хуралдана, олон чухал хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэж шал түүхий юм хийж байна. Эрх баригчид энэ мэтчилэн өөрсдийн хуулиа яаралтай горимоор хэлэлцүүлчихэд манай намын гишүүдийн хуулийн төслийг хэлэлцэхгүй жил сараар дарчихдаг" гэв.
Мөн тэрбээр Оюутолгойн ногдол ашиг авах хугацаа болоод зургаан жил өнгөрч байна. Айлын тал мөнгөө аваад байдаг, манайх болохоор баахан УИХ-ын тогтоол цаас гаргаад хоорондоо маргаад суудаг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Засгийн газар иргэдтэйгээ хэрэлдэж байхын оронд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх нөхцөлөө тавиад, шахаж шаардаад мөнгөө олж ирэх хэрэгтэйг тэмдэглэлээ.
Тухайлбал,
Яаралтай горимоор хэлэлцэнэ гэдэг бол хөнгөн шингэн явдал. Нийгмийн дааталын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг яаралтай горимоор шийддэг ч зүйл биш. Бэлтгэл, судалгааг нь сайн хийж байгаад намар хэлэлцэх ёстой.
Хоёругаарт, манай намын гишүүд буюу УИХ дахь цөөнхийн бүлгээс санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байна. О.Алтангэрэл гишүүний санаачилсан Хөрөнгө хураах тухай хууль жил гаруй болоход хэлэлцдэггүй. УИХ-ын гишүүний өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газрын хууль болгох гээд дараад суугаад байдаг буруу жишиг тогтлоо. Энэ хооронд нь хулгай дээрэм нь гаарлаа.
Гуравт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх баталж байхад Тэргүүн шадар сайдаар ажиллаж, дэмжиж байсан. Тэр үед хийж байсан танилцуулгаар анхны ногдол ашгийг 2019, 2020 он гэхэд авна гэж байсан. Гэтэл зургаан жилийн хугацаа өнгөрч байхад ногдол ашгаа авахгүй сууж байна гэдэг бол буруу. Тиймээс иргэдийн хэлж яриад, тэмцээд байгаа нь зөв. Засгийн газар үгүйсгэх биш, иргэдээ хүлээн авч, тэдний дэмжлэгтэйгээр гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж компаниудын хооронд байгуулсан гэрээ байгаа. Тэгэхээр УИХ, Засгийн газар гэхгүйгээр компаниудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах зээл, зээлийн хүү, хуримтлагдсан хүүг нэг мөр шийдчихвэл бид өнөөдөр ногдол ашиг авах боломжтой. Өнөөдөр шүү.
Энэ жилийн урьдчилсан дүнгээр Оюутолгой 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Үүнээс бид 34 хувьдаа ногдох ашгаа авна гэвэл 1.5 тэрбум ам.доллар авна. Тэгэхээр засаг төр, иргэдтэйгээ хэрэлдэж байхын оронд гадаадын хөрөнгө оруулсан хүмүүстэй харилцан ашигтай байх нөхцөлөө тавиад энэ мөнгөө шахаж шаардаад олж ирэх хэрэгтэй. Энэ 5 тэрбум ам.долларын ашиг 9-10 жил үргэлжилнэ. Айлтай хамтраад юм хийсэн. Нөгөө айл нь мөнгөө аваад байдаг, манайх болохоор баахан УИХ-ын тогтоол, цаас гаргаад хоорондоо маргаад суудаг. Үүнийг таслан зогсоох цаг болсон.
Өөр нэг асуудал нь наадам дөхүүлж байгаад Ашигт малтмалын тухай хуулийг өргөн барьсан байна. Засгийн газар гэхээс илүү Г.Дамдинням хүчилж оруулж ирж байгаа юм. Оюутолгойн хэсэг ордыг эзэмшигч Онтрэ компанитай гэрээ хэлцэл хийж байгаа энэ цаг үед АМНАТ-ыг гурав дахин бууруулахаар тусгасан байна. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн эсрэг үйлдэл. Байгалийн баялагтаа эзэн сууна гэж МАН өчнөөн жил ярилаа. Одоо бүр гаднынхан эзэн суух нөхцөлийг хуульчлах гэж байна. Н.Учрал Ерөнхий сайд энэ хуулиа татаж ав. Наадам далимдуулж ийм хууль батлах гэж байгаа бол намар өөр асуудал гэдгийг хэлчихье" хэмээлээ
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.