Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шахаж 2028 онд дуусгана

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Барилгын талбайд 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байгаа аж.
Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжсэн бөгөөд түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа орсон талаар Засгийн газраас мэдээллээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Төрөөс шалтгаалах зөвшөөрөл, журам, зураг төслийн магадлал, санхүүжилтийн шийдвэрээс болж бүтээн байгуулалт дахиж нэг ч өдөр гацах ёсгүй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шиг алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа шахаж 2028 онд дуусгана. Хуримтлагдсан асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэн шийдвэрлэнэ. Үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг одооноос баталгаажуулна. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, барилгын материал, инженер техникийн боловсон хүчин, хотхон, дэд бүтцийн асуудлыг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн шийдвэрлэнэ" гэв.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна. 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэх юм.
Энэ үеэр тэрбээр АҮЭБЯ, Сангийн яам, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” , Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг тодорхой болгож үүрэг өглөө. Түүнчлэн нийт гүйцэтгэл хэдэн хувь болсон, тухайн долоо хоногт ямар ажил хийсэн, хаана хоцрогдол үүссэн, дараагийн долоо хоногт ямар ажил хийхийг тодорхой мэдээлж ажиллахыг чиглэл болгожээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил, 20 хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан юм. Хаврын чуулганаар Гадаад зээллэгийн хуулийг батлуулж, санхүүжилтийг шийдвэрлэснээр бүтээн байгуулалт үргэлжилж эхлээд байгаа юм.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud