АҮЭБЯ: БНХАУ-аас захиалсан 3000 тн онгоцны түлшний 1000 тн нь Улаанбаатарт ирсэн

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараа холбогдох байгууллагынхан шатахууны нийлүүлэлт, нөөцийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр И баримт дээр суурилсан мэдээллээс харахад нийт хэрэглэгчийн 60 орчим хувь нь 50 мянган төгрөгийн бензин авчихаад дахин оочерлож байгааг тэмдэглэв. Мөн наймдугаар сарын дунд үеэс шатахууны татан авалт, нөөцийн хуваарилалт ердийн түвшинд очих төлөвтэй байна гэлээ.
Наймдугаар сард Роснефть компаниас 49,5 тн, ОХУ-ын бусад нийлүүлэгчээс 12,5 тн, БНХАУ-аас зургаан мянган тн нийт 60 мянган тн АИ92 автобензин худалдан авахаар захиалсан. Гадаад захиалга баталгаажиж ачилтууд эхэлсэн. ОХУ-аас тасралтгүй орж ирж байгаа. Сүүлийн хоёр хоногт 84 вагон буюу 5050 тн бензин орж ирснийг, буулгах ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар буух өртөө буюу Толгойтод 22, Рашаантад 12, Эрдэнэт, Дарханд 10 вагон АИ92 бензинийг буулгаж байгаа. Сүхбаатар боомтоор импортоор орж ирсэн бензинийг гааль, төмөр замын байгууллагууд тасралтгүй өртөөлөн буулгаж байгаа. Манай 60-70 мн тонны сарын ердийн хэрэглээтэй. Нэлээд хэдэн үйлдвэрээс нийлүүлэлт орж ирж байгаа учраас наймдугаар сарын дунд үеэс нөөцийн хуваарилалт сайжирна гэж тооцоолж байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.
Мөн БНХАУ-аас орж ирсэн 1000 тн JET A-1 онгоцны түлш Замын Үүдэд байрлах Сод Монголын агуулахад буулгасан. Үүнээс дөрвөн вагон Улаанбаатарт орж ирсэн. Өнөөдрөөс буулгалтын ажил эхэлнэ. Онгоцны түлшийг ОХУ-аас 100 хувь импортоор авдаг байсан. Дотоод нөхцөл байдлаас шалтгаалан зургаа, долоодугаар сард манай улсад онгоцны түлш нийлүүлээгүй. 1-2 тооны вагон ирж ирсэн. Иймд БНХАУ-аас хэлэлцээ хиййж, долоодугаар сард 3000тн онгоцны түлш авах гэрээ байгуулсан. Үүний 1000 тн нь хилээр орж ирсэн. Үлдсэн нь ачилт хийгдээд найман вагон Эрээн өртөө рүү хөдөлсөн. Дөрөв хоногийн дотор Эрээн өртөөнд хүрнэ.
Дизель түлш улсын хэмжээнд 20 гаруй хоногийн нөөцтэй байгаа. Ургац хураалтын үеэр эрсдэл үүсэхгүй гэв.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Цахим орчинд саяхан түгсэн хойд хил дээр ачаатай вагонууд бөөгнөрсөн байна гэдэг мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Түлш, шатахууны тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулж байгаа гэдгийг тодотгов.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.