Байгаль орчин

Мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгосон нь цөлжилтийн эсрэг дэлхийд өгсөн ухаалаг дохио

Говьд өссөн хүн говийн салхийг мэднэ. Хуурайшилтыг, салхины хүчтэйг нь андахгүй.

Хайлган зун цагаар хангай нутгийнхаа үзэсгэлэнт газруудаар зугаалдаг монголчуудыг, дэлхий дахины аялагчдыг хаврын хүчит хавсарга шуурах үест говьд зочлуул. Сэтгэлээс нь хэсэг л хугацааны турш хуурайшилтын дуу чимээтэй, тэр эмзэглэл салахгүй. Эмзэглэл нь монголын ээрэм говийг улам гүн нөмрөн авсаар буй цөлжилтийн эсрэг “Бид юу хийж чадах билээ” гэх бодол руу л хөтөлнө.

Хэвлэл мэдээллийн редакцын өнцгөөс харвал монголын говийг дэлхий дахинаа таниулах, таашгүй нууцлаг энэ их сав газрыг дархлан хамгаалах, амьдран буй амьтдыг алдаршуулахад оролцох нь бидний хийж чадах нэн тэргүүний оролцоо гэж харав.

Иймд Eguur News агентлаг нь найруулагч Э.Ган-Очирын найруулгаар 2024-2026 онд цөлийн баавгай мазаалайн тухай “Их говийн манаач” баримтат киног бүтээсэн билээ. БНСУ-ын Пусан хотноо “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэр, Болгарын “Алтан феми” наадмын алтан цом, Бангкокийн Кино Шүүмжлэгчдийн Нийгэмлэгийн “Шилдэг найруулагч” шагналын эзэн, Лос Анжелесийн Баримтат киноны фестивалийн Албан ёсны шалгаруулалтад шалгарсан болон Их Британийн MegaFlix Movie Awards-ын оролцогч болсон уг бүтээлээр цөлийн мазаалай баавгайн амьдрах орчин, говийн экосистемийн онцлог чанар, усны асуудал, Дэлхийн өвд монголын говийг бүртгүүлэх шаардлага хийгээд, говь ба мазаалай хамгаалалд амьдралаа зориулсан судлаач, байгаль хамгаалагчийн дүрийг харуулахыг зорьсон юм.

Баримтат кино бүтээх явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 онд Мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгосон нь нэгэн ховор амьтныг алдаршуулаад өнгөрсөн хэрэг биш, бодит хамгаалалт болон бэхэжсэнийг онцлох нь зүй билээ. Цөлийн мазаалайг Үндэсний бахархалт амьтны хэмжээнд анхаарч, төрийн бодлогоор хамгаалснаараа цөлжилттэй тэмцэх дэлхийн бодлогын өмнө Монгол Улс өөрийн хамгийн эмзэг экосистемийг нэр, дүр төрхтэй болгож буй хэрэг.

Учир нь мазаалайг хамгаална гэдэг нь зөвхөн устаж, үгүй болохын ирмэгт ирсэн ч эргэж сайн мэдээ дуулгасаар буй баавгайн тухай бус, түүгээр дамжуулан говийн экосистемийг, олон янз байдлыг, дархан цаазат А хэсгийн нэн ховор амьтан, ургамлыг, цаашлаад Монголыг газрын доройтлоос хамгаалах тухай юм. 2017 онд бидний цэнхэр гараг дээр 31-ээр тоологдож байсан ч өдгөө 50 гаруй болж өсөөд буй мазаалай баавгайг хамгаалснаар монголчууд цөлжилтийн эсрэг Дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүргээ бодитой өргөж яваа нэг томоохон ажил болж байна.

Тиймээс ч төрийн бодлогын хүрээнд мазаалайг Үндэсний бахархалт амьтнаар өргөмжилсөн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-гоор амьсгалсан энэ өдрүүдэд талархахын ялдамд, төрийн тэргүүн байх хугацаандаа тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг ямагт тэлэх бодлого барьж, онцлох байршлуудыг Дэлхийн өвд бүртгүүлэхэд үнэмлэхүй анхаарч ажиллаж буйг нь дурдах нь зүй биз ээ.

Их говь, цөлийн амьтдын өөр нэг дүр нь зэрлэг тэмээ буюу хавтгай юм. Мазаалайн амьдрах бүсэд зэрэгцэн оршиж, үргэх төдий чимээнд зогсолтгүй 60 км давхидаг, 600 гаруй толгой зэрлэг тэмээний өмнө тулгарсан генийн эрсдэлийн талаар хоёр дахь баримтат кино төсөл дээрээ Eguur News агентлаг ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Монголын говийг хамгаалах үйлс өнөд дэлгэрэх болтугай.

Eguur News мэдээллийн агентлаг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button