Мазаалайн амьдрах орчныг 210 автомат камераар хянаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 оноос мазаалайг хамгаалах ажлыг эрчимжүүлсэн. Үүний хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгааллын олон талт ажил хэрэгжүүлсний нэг нь мазаалайн гол байршлын усны эх үүсвэрүүдэд 24 цагийн хяналтын автомат камерын системийг суурилуулжээ.
Тус бүс нутагт 2022 оноос хойш 210 автомат камер суурилуулж, мазаалайн тархац, шилжилт хөдөлгөөн, зан төлөвт тогтмол мониторинг, судалгаа хийж байна. Камерын хяналтын үр дүнд 2022 оноос хойш 13 алманцаг бүртгэгдсэнийг Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Хяналтын системийг 6 метр өндөр цамхагт суурилуулсан бөгөөд нарны панель, антенн, камерыг нэгтгэн байршуулжээ. Камер нь 8 мегапикселийн нягтралтай, 360 градус эргэдэг, 20 дахин оптик томруулалт (PTZ 20X)-тай бөгөөд -30-аас +60 хэмийн температурын нөхцөлд хэвийн ажиллах хүчин чадалтай. Мөн 24 цагийн турш тасралтгүй ажиллах эрчим хүчийг нарны панель болон цэнэг хураагуур батарейгаар шийдсэн байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.