НИЙГЭМУРЛАГ

“Их говийн манаач” бүтээл Английн “Lift-Off Global Network” кино сүлжээний албан ёсны үзвэрээр шалгарлаа

Монголын говь цөлийн нэн ховор амьтан мазаалай, түүний амьдрах орчныг хамгаалах ажлыг дэлхийд сурталчлан таниулж буй “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) баримтат кино Британийн алдарт "Pinewood Studios"-д төвтэй “Lift-Off Global Network” олон улсын кино наадмын албан ёсны хэсэгт (Official Selection) шалгарлаа.

“Их говийн манаач” бүтээл “Beijing Lift-Off Film Festival”-ийн дижитал шалгаруулалтын шатыг амжилттай давж, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 16-ны өдрүүдэд олон улсын шүүгчид болон дэлхийн үзэгчдэд хөндлөнгийн үнэлгээ хийх өрсөлдөөнт хөтөлбөрт албан ёсоор багтан, Англи, Хятадын хамтарсан кино сүлжээгээр дамжин дэлхий даяар толилуулагдаж байна.

Тус шалгаруулалтад амжилттай оролцсон бүтээлүүд нь тухайн жилийн эцэст Жон Баррийн нэрэмжит кино театрт зохион байгуулагддаг нэр хүндтэй "Lift-Off Season Awards" шагнал гардуулах ёслолд нэр дэвших эрхтэй болохын сацуу олон улсын кино зах зээлд зуучлуулах боломжтой болдог.

Найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын хамтын бүтээл “Их говийн манаач” баримтат кино өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд амжилт гаргасаар буй. Тухайлбал, Тайланд улсын Bangkok Movie Awards наадмын "Кино шүүмжлэгчдийн нэрэмжит шилдэг баримтат кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг эмэгтэй уран бүтээлч", "Шилдэг гэрэл зураг", "Шилдэг зураглаач" зэрэг шагналуудыг нэгэн зэрэг хүртсэн бол Болгар улсын Golden FEMI Film Festival-аас “Алтан Мазаалай” цом, АНУ-ын 18 дахь удаагийн Angeles Doc Film Festival-ын "Шилдэг баримтат кино" номинацид нэр дэвшиж, “Шилдэг зураглаач" шагнал хүртсэн, Их Британийн MegaFlix Movie Awards-аас "Шилдэг байгаль, шинжлэх ухааны кино", БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан гурав дахь удаагийн Seoul Whistler Film Festival-аас “Last Stand” (Boru Award) шагнал хүртсэн, Энэтхэгийн Колкота хотын Fest5 International Film Festival-ийн албан ёсны үзвэрт шалгараад байна.

Говийн Их Дархан Цаазат Газар буюу онгон тансаг эх байгальдаа тэсэж үлдсэн, маш цөөхөн тооны мазаалай баавгайг хамгаалахад бие сэтгэлээ зориулж буй байгаль хамгаалагчид, эрдэмтдийн зүтгэлийг харуулсан энэхүү бүтээл ийнхүү дэлхийн үзэгчдэд хүрэх дараагийн алхмаа хийлээ.

Р.БОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button