Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчлах үеэрээ Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд зочилж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцлоо.
Энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцолжээ.
Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан. Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.
Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.