Бодлогын хүүг 0.5 хувиар багасгалаа ч зээлийн хүү буурах БОДИТ НӨХЦӨЛ ҮҮСЭХГҮЙ

- УИХ-ЫН ДАРГЫН ШАХААСАНД ТӨВ БАНК ӨРТӨВ-
Монгол банк 2016.08.18-нд бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмэгдүүлж, 15 хувь болгож байв. Энэ бол манай улсын хувьд бодлогын хүү хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Төв банкнаас бодлогын хүүг 15 хувиар дөрвөн сар барьж, тухайн оны сүүлийн сард буулгаж байв. Уг бууралт тогтмол үргэлжилсээр 2018.11.28-наас хойш бодлогын хүүг 11 хувьд барьж байгаа билээ.
Харин өнгөрөгч долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч Д.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзах үеэрээ “Бодлогын хүүг 0.5 хувиар буулгах саналыг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ дагуу Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ долоо хуралдаж, бодлогын хүүг бууруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн чигтэй байгаа юм.
Төв банк УИХ-ын харьяанд байдаг. Тэр ч утгаараа УИХ-ын даргын нөлөөлөл нэлээд өндөр байдаг нь нууц биш. Сонгуулийн жилийг ч хэлэх үү, Төв банкны Ерөнхийлөгчөөр өөрийнхөө үгэнд орох хүнийг томилсныг ч хэлэх үү, УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн үед банк, санхүүгийн асуудалд ихээхэн анхаарах болсон. Тухайлахад, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар сар шинийн өдрүүдэд иргэдийн мөнгөн гүйлгээнээс банкууд шимтгэл авах зохицуулалтаа зогсоосон билээ.
Тэр бас хувьсамтгай. Уг нь сар шинийн баярын өмнөхөн “Зээлийн хүүг буулгах боломжгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч өнгөрөгч долоо хоногт “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг бууруул” гэсэн чиглэлийг өгсөн юм. Мэдээж, зээлийн хүүг бууруул гэж УИХ-ын дарга мэдэгдчихээр арилжааны банкууд хүүгээ буулгачихгүй. Тэгэхээр зайлшгүй байдлаар Төв банк зохицуулалт хийх шаардлагатай нүүр тулгарч байгаа юм.
БОДЛОГЫН ХҮҮ БУУРАНГУУТ МАРГААШ НЬ ЗЭЭЛИЙН ХҮҮ ДАГААД БУУРЧИХГҮЙ
Тиймээс ч Төв банк бодлогын хүүг 0.5 хувиар буулгах асуудлыг хөндөх нь ээ. Саяхан Австралийн Төвбанк бодлогын хүүгээ 0.5 нэгжээр бууруулсан. Гэхдээ Австралийн том зах зээлтэй манайхыг харьцуулалтгүй. Дээрээс нь чиглэл ирээд байгаа учраас Төвбанк дуртай, дургүйн хооронд 0.5 хувиар бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын сул мөнгийг 10.5 хувийн хүүтэйгээр зээлнэ гэсэн үг.
Эндээс бодлогын хүүг Төвбанкны Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 0.5 хувиар бууруулаад, эдийн засагт эерэг өөрчлөлт гарах уу. Зээлийн эх үүсвэр хямдрах нөхцөл бүрдэх үү. Үр шимийг нь жижиг дунд бизнес эрхлэгчид хүртэж чадах уу гэсэн асуултууд үүсч буй. Хамгийн тодорхой зүйл нь бодлогын хүү буурангуут маргааш нь зээлийн хүү дагаад буурчихгүй. Бүр 3-4 сарын жаахан гэрэл гэгээ тусч магад.
Сайн тал нь, бодлогын хүүг 2020 он дуустал дахин хөдөлгөх эдийн засгийн боломж хумигдана. Төвбанкны зүгээс бодлогын хүүг 1-1.5 хувь хүртэл бууруулвал жинхэнэ утгаараа эдийн засагт эерэг нөлөөтэй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч сонгуулийн жил тул улсын төсөв өндөр зарлагатай батлагдсан.
Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн учир зардлуудыг танах бодит боломжгүй. Ийм нөхцөлд бодлогын хүүг яг зорилтот хэмжээнд буулгах боломжгүй, буулгалаа ч төсвийн зарлага өндөр байгаа нөхцөлд яг хөрсөн дээр эерэг өөрчлөлт гарахгүй.
Тиймээс ч энэ удаагийн буурна гэгдэж буй бодлогын хүү УИХ-ын даргын улстөржилтөд зориулагдсан, эдийн засгийн үр өгөөж, хүлээлт нь бага тусахаар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.