Н.Ганибал: Махны экспортыг нэмж, гаалийн татвараас дотоодын хэрэгцээний үнийг барих боломжтой
Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибал өмнө нь ХХААХҮЯ-нд Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Тиймдээ ч энэ салбарын асуудлаар байр сууриа чангахан илэрхийлчихдэг. Тэрбээр өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсөв хэлэлцэх үед ХХААХҮ-ийн сайд махны экспортыг хориглох шийдвэр гаргасныг эрс буруушаасан юм. Н.Ганибал гишүүн хэлэхдээ:
Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт малын мах, арьс шир, ноос ноолуур, сүү-сүүн бүтээгдэхүүн гээд орлого олдог хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүн бий. ХХААХҮЯ-ны үндсэн зорилго бол малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг үнэ цэнтэй болгож, экспортод гаргах замаар малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, хүн ардаа эрүүл хүнсээр хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал. ХХААХҮ-ийн сайд энэ зорилгын төлөө ажиллах ёстой.
Үе үеийн сайд нарт нэг зовлон байдаг. Махны дотоодын хэрэгцээг хангах, экспортод гаргах гэсэн хоёр зорилт нь өөр хоорондоо “мөргөлддөг”. Үүнийг ухаалгаар шийдэх бүрэн боломжтой. Гэтэл сайд нар дөрвөн жилийн турш зөвхөн махны үнийг тогтвортой барих, нөөцийн махны нөөцийг нэмэгдүүлэх тухай ярьсаар байгаад хугацаагаа дуусгаж, дараагийн сайд нь ирдэг. 2020 онд З.Мэндсайхан сайдын үед Монгол Улс түүхэндээ хамгийн олон мал мах экспортолсон. Бид 20 жилийн өмнө 20 сая, 10 жилийн өмнө 40 сая толгой малтай байсан бол одоо 70 сая малтай байна. Энэ жил 80 сая хүрэх байх. Гэтэл Засгийн газар яг мал мах бэлтгэдэг цагаар “экспорт хийхгүй ээ” гэсэн шийдвэр гаргачихлаа. Зуд болно, малаа нийлүүл. Экспорт хийхгүй, махны үнэ буулга гэсэн байдлаар яваад байж болохгүй ээ. Экспорт хориглочих юм бол энэ жил 80 сая мал тоолуулаад, ирэх жил 110-120 сая мал монголын газар нутаг дээр бэлчих нь байна. Бэлчээрийн даац хэтрэх аюул байна. Хамгийн гол нь экспортоос олох боломжтой орлогоо алдмааргүй байна. Махны экспортоос бид жилдээ нэг их наяд төгрөг олох боломжтой. Үүнээс гаалийн татвараар 200-300 тэрбумыг нь аваад, түүгээрээ дотоодын махны нийлүүлэлтийг үнийг барьж, тэр ч бүү хэл хямдруулах боломжтой.
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд Нийслэлийн захирагч нийслэлийн хүн амыг хүнсээр хангана гээд заачихсан байдаг. Одоо Эдийн засаг-Хөгжлийн яамтай болох гэж байна. Тэнд тоо бодуулаад, шийдвэр гаргуулаад, хатуу байр суурьтай явмаар байна гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.