ШИНЭ ХУУЛЬ: Унаач хүүхдийг бэлтгэлийн үе хамруулан нэг жил ослын даатгалд даатгуулна

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 10 дугаар зүйл Үндэсний хурдан морины уралдааны зохион байгуулах ажлыг хуулийн шинэчилсэн найруулгад ийн тусгажээ.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ-10 ДУГААР ЗҮЙЛ
Үндэсний хурдан морины уралдаан
10.1.Үндэсний хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна.
10.2.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.
10.3.Үндэсний хурдан морины уралдааны явцад хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
10.4. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.
10.5. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
10.6. Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.
10.7. Улс, аймаг, сумын цол олгох уяачийн морины 50, түүнээс дээш хувь нь азарга, их насны ангилалд улс, аймгийн баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны үндэсний хурдан морины уралдаанд түрүүлсэн, айрагдсан байна.
10.8. Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.
10.9. Энэ хуулийн 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасны дагуу уяачийн амжилтыг тооцож, цол олгохдоо тухайн уралдааныг зохион байгуулж байгаа үндэсний хурдан морины салбар хороонд уяачаар бүртгүүлсэн иргэний амжилтад тооцон уг цолыг олгох бөгөөд түрүүлсэн, айрагдсан нэг морины нэг удаагийн амжилт нь зөвхөн энэ зүйлд заасан нэг уяачид цол олгох үндэслэл болно.
10.10. Улсын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд зургаагаас 10 дугаар байр эзэлсэн бүх насны морийг улсын баяр наадмын хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана.
10.11. Үндэсний хурдан морины бүртгэл нь Малын генетик нөөцийн тухай хуулийн[1] 5.7-д заасан нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ.
10.12. Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурав, аймагт хоёр хүртэлх өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ.
10.13. Энэ хуулийн 10.1, 13.2-т заасан стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно.
10.14. Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлийн явц болон бүртгүүлсэн морины талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр ил тод, нээлттэй явуулна.
10.15. Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг уралдааны өдөр энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлтэй тулгаж, нийцсэн тохиолдолд уралдуулна.
10.16. Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл бүртгэхээс татгалзсан морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдуулах, барианд барихыг хориглоно.
10.17. Энэ хуульд зааснаас бусад нөхцөлөөр Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морийг бүртгэхээс татгалзах, бүртгэлээс болон уралдаанаас хасах, цол, чимэг олгохоос татгалзах, олгосон цол, чимгийг хураахыг хориглоно.
10.18. Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулж болно.
10.19.Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.