Эрдэмтэд өндгөн эс, эр бэлгийн эс ашиглалгүй “үр хөврөл” бүтээжээ

Эрдэмтэд эр бэлгийн эс, өндгөн эс мөн умай ашиглалгүйгээр хүний үр хөврөлтэй ижил биет бүтээсэн байна. Израилд үйл ажиллагаа явуулдаг “Weizmann Institute”-ийн эрдэмтэд үүдэл эс ашиглан 14 өдөртэй хүний үр хөврөлтэй маш төстэй биет үүсгэсэн аж.
Хамгийн сонирхолтой нь жирэмсний үед үр хөврөлөөс ялгардаг хормонууд тус хиймэл “үр хөврөл”-өөс илэрсэн байна. Судлаачид хүний биеийн хөгжил хамгийн эхэн үедээ хэрхэн явагддагийг судлах ёс зүйтэй арга хайж энэ хиймэл “үр хөврөл”-ийг бүтээжээ. Үр тогтсоны дараах хэдэн долоо хоногуудын дотор үр хөврөл бие биеэсээ ялгаагүй эсээс хэт авианд танигдахуйц биетэй хөврөл болж хөгждөг.

Энэ эхний хэдэн долоо хоног нь зулбах, ургийн гажиг үүсэж болох хамгийн эгзэгтэй үеүдийн нэг. Гэхдээ одоогийн байдлаар энэ үеийн талаарх ойлголт дутмаг байгаа юм. “Weizmann Institute”-ийн судлаач, профессор Жейкоб Ханна “Яг л хар хайрцаг шиг, би энийг зүгээр л хэлж байгаа юм биш. Энэ үеийн талаарх бидний мэдлэг маш хомс” гэж хэлжээ.
Хүний үр хөврөл судлал нь өөрөө хууль эрх зүй, ёс суртахуун болон техникийн хувьд олон талаас асуудалтай зүйл. Харин одоо үр хөврөлийг дуурайлган, эр бэлгийн эс эсвэл өндгөн эс ашиглахгүйгээр зохиомлоор гаргаж авдаг боллоо.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.