Нэг дороос | Говийн бүс: Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Х.Бадамсүрэн нар иржээ

“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын нээлт Төрийн ордонд өнөөдөр /2024.02.01/ зохион байгуулагдаж буйг Eguur агентлаг "Нэг дороос" агуулгаар багцлан хүргэж байна.
Бүсчилсэн хөгжлийн форумын нээлт Төрийн ордонд болсны дараа дараах зургаан байршилд болж байгаа юм.
- Хангайн бүс-Соёлын төв өргөө
- Баруун бүс-Төрийн ордон
- Хойд бүс-Новотел зочид буудал
- Төвийн бүс-ДБЭТ
- Зүүн бүс-Туушин зочид буудал
- Говийн бүс-Blue sky зочид буудал
Энэ онд явагдах сонгуулийн тойргийг томруулж, баруун, зүүн, хойд, хангайн, говийн, төвийн гэхчлэн зургаа хуваасан. Энэхүү бүсчилсэн тойрогт нэр дэвшихээр горилогчид бүсчилсэн эдийн засгийн форумд оролцож байгаа дүр зурагтай.
НЭМЭЛТ: 14.00 цаг
“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форумын нэг хэсэг болох говийн бүсийнх нь "Blue sky" зочид буудалд болж буй. Үүнд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга асан Х.Бадамсүрэн нар оролцож байна. Ерөнхийдөө говийн бүсэд нэр дэвшихээр горилогчид ирж, оролцож байна гэж хэлж болно.
НЭМЭЛТ: 12.00 цаг
-Видео: Оролцогчид ямар байр суурь илэрхийлэв-

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд ойлголцож чадвал хөгжлийн бодлого ирнэ гэснийг ЭНД дарж уншина уу.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Бүс болгон өөрсдийн онцлогоо дагавал Монгол улс хурдан хөгжих боломжтой гэснийг ЭНД дарж уншина уу.
АН-ын дарга Л.Гантөмөр: Парламентад суудалтай намууд Үндэсний баялгийн сангийн хуулиа гаргая. Маш том босготой болгож өөрчилье
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: Эрдэнэбүрэнгийн станц нь 90 МВт цахилгааныг дотооддоо нийлүүлнэ гэснийг ЭНД дарж уншина уу.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Фото: “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг” форумын зочид-
Төрийн ордонд болж буй форумын нээлтэд оролцсон зочдыг фото сурвалжилгаар хүргэж байна.
ЭХЛЭЛ: 09.40 цаг
-"Тойрогтоо ахиу мөнгө тавиулах лобби, шантаажаар улсын төсөв элсэнд асгасан ус шиг замхарч ирсэн"-

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс онцолсон эшлэлүүдийг хүргэж байна.
Саяхан Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үер дэлхийн улс төр, эдийн засгийн манлайлагчид цуглаж, цар тахал болон геополитикийн хуваагдлын эрин, дайн дэгдсэн сүүлийн 3 жилийг дүгнэн ярилцлаа. Энэхүү цугларалтаар:
- Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн том сорилттой учирч байгаа тухай.
- Шинэ хүйтэн дайн дэгдэж, дэлхий дахин илүү хуваагдмал болж байгаа нөхцөл байдлын тухай.
- Дэлхийн хүчний харьцаа олон туйлт болж, олон улсын дэг журамд ноцтой сорилт учирч буй тухай зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн том дүгнэлт бол 30-40 жил тутамд хүн төрөлхтөн өнгөрсөн цаг хугацаандаа томоохон дүгнэлт хийдэг, үнэт зүйл болон хөгжлийн хувьд ирээдүйгээ дахин тодорхойлдог цаг хугацааны зүй тогтлын тухай байлаа.
Саяхан миний бие 21 аймагт ажиллаж, 7000 орчим иргэдтэй уулзахад үг хэлсэн хүмүүсийн дундаж нас 60 орчим байлаа. Тэд өнгөрсөн 30 жилийг бодитоор үнэлж, дүгнэхийг хүсэж байна.
Тэд өмч хувьчлал, байгалийн баялаг, нийслэлийн газрууд хэн хэнд хэрхэн очсон тухай, яагаад нийгмийн хэт тэгш бус байдал үүссэн тухай, түгжрэл, агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн тухай асуусан.
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлэх реформуудыг цаг алдалгүй хийхэд анхаарлаа.
"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого" нийгмийн энэ л захиалгаар бий болсон. Авлигын эсрэг тэмцэл, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт, хилийн боомтуудын шинэчлэл, экспортын төмөр замын бүтээн байгуулалт, И-Монголиа, гацсан томоохон төслүүд, цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх асуудлууд... Энэ бүхэн нийгмийн, цаг үеийн захиалга байсан. Энэ бүх томоохон реформыг хийхэд хамтдаа байсан парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагуудад талархаж байна.
Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү форум УИХ-ын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм.
Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна.
Шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, түгжрэл, эдийн засгийн тэлэх боломжгүй мухардал, орлогын тэгш бус байдал бий болсон. Үндсэн шалтгаан нь хот хөдөөгийн тэнцвэрт бус хөгжил.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас 560 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг баталж, 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Гэвч сонгуулиас сонгуулийн хооронд хаягдал цаас болж байсны үндсэн шалтгаан бол тойргийн эрх ашигт уягдсан парламентын сонгуулийн тогтолцоо юм.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд стратегийн ач холбогдолтой цөөнгүй мега төсөл эхлүүлсэн ч шаваа тавиад тэр чигтээ гацсан нь олон.
- Газрын тос боловсруулах үйлдвэр,
- Аж үйлдвэрийн парк,
- Арьс шир боловсруулах үйлдвэр,
- Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл,
- Эгийн гол,
- Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц зэрэг улс орны хөгжилд нэн шаардлагатай төслүүд 30 жил яригдсаар өнөөдрийг хүрлээ.
Тойрогтоо ахиухан тавиулахын төлөө ил, далд лобби, бие биеэ шантаажилсан улс төр, сонгуулиас сонгууль дамжсан амлалтуудын төлөөсөнд Монгол Улсын төсөв элсэнд асгасан ус шиг замхарч, олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний алдагдсан боломжийг мартах ёсгүй.
Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Улсын хэмжээнд үр тарианы 70.2 хувь, хүнсний ногооны 66 хувь, төмсний 79.4 хувийг хангаж байна.
Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу? Нийт хүн ам 473 мянга, нийт ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг байна.
Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал.
Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс. Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах том хөгжлийн амбицийг харах тухай энэ хоёр өдөр ярилцмаар байна.
Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан. Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлж байна.
2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.
Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутаг болон Багануур, Багахангай дүүрэгт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Мөн орон нутагт орон сууц шинээр барих, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд татварын бодлогоор дэмжинэ.
2024 оны дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийтлэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ.
Мөн орон нутгийн нэмэгдлийг хөдөөгийн сумдад үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв, нийслэлийн алслагдсан гурван дүүргийн төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож олгоно.
Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно. Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.