Top StoriesАнагаах мэдлэгЭРҮҮЛ МЭНД

Н.Дарьсүрэн: Агаар дуслын замаар ханиад хүрсэн бол нусгайрч халуурна, гараар дамжсан бол бөөлжиж гүйлгэнэ

Хүн амд эрүүл мэндийн талаарх хэрэгтэй ойлголтыг энгийн үгээр ойлгомжтойгоор бэлтгэн хүргэдэг "Анагаах мэдлэг" энэ удаад АШУҮИС, Анагаах ухааны сургуулийн Хүүхдийг анагаах тэнхмийн багш, Монгол-Япон эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч, анагаах ухааны магистр, хүүхдийн ахлах зэргийн эмч Н.Дарьсүрэнг урилаа.

Томуу, томуу төст өвчний халдвар идэвхжиж, хүүхдийн эмнэлгүүд нэмэлтээр ор дэлгэж, ачаалал ихтэй байна. Энэ дунд хүүхэд ойр ойрхон ханиад хүрэх тохиолдол элбэг. Бид энэ удаад “ойрхон давтамжтай ханиад хүрдэг хүүхэд” сэдвийг голчлон ярилцсанаа хүргэе. 

-Томуу, томуу төст өвчний оргил үе эхэлж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, сургууль, цэцэрлэгийн ирц багасаж байна. Ярианы эхэнд та ерөнхий мэдээлэл өгөөч?

-Томуу, томуу төст өвчин хүйтэн сэрүүний улиралд идэвхжиж эхэлдэг. Намрын улиралд томуу төст нь илүү явагддаг. Ер нь бол үүсгэгчээсээ хамаараад томуу, томуу төст өвчин, ханиад томуу зэргээр нэрлэдэг. Амьсгалын замын цочмог халдвар үүсгэж байгаа вирусуудын ихэнхийг томуу төст өвчин гээд байгаа юм. Харин томуугийн А,В хүрээний H1, N1 вирусыг томуу гэдэг. Одоо яг томуу эхэлж байна. 45 дахь долоо хоногоос эхлээд А хүрээний вирусын халдвар эхэлдэг.

-Бид томуу төст үү, томуу юу гэдгийг хэрхэн ялгах вэ. Эсвэл шаардлагагүй юу?

-Аав, ээжүүд ялгахад хэцүү. Ялгаж мэдэх гээд байх ч шаардлагагүй. Харин юун дээр илүү анхаарах вэ гэхээр ялангуяа томуугийн үед хүүхэд илүү их халуурна. Халуурах хоорондын зай ойрхон, эсвэл халуураагүй ч гэсэн ихэд нурмагар байдаг. Ээж, аавууд өөрсөд дээрээ тусгаж ойлговол томуугийн үеийн сонгодог шинжүүд нь өндөр халуурахаас гадна булчингаар янгинаж өвдөнө, ядарна, сульдана. Харин томуу төст өвчний үед эмнэлзүйн шинжүүд нь харьцангуй хөнгөн явагддаг. Өдөрт 1-2 удаа халуурах, эсвэл оройдоо халуурна. Ер нь эмнэлзүйн шинж тэмдэг нь төстэй ч томуугийн үед ховор тохиолдолд цусархаг тууралт гардаг. Тэгэхээр аав, ээжүүд идэвхжил хэзээ эхэлж байна гэдгийг анхаарна, дээрээс нь аль улирал вэ гэдгээ бодно.

Одоо эмнэлгүүд залгиураас арчдас авдаг болсон. Нэг дор найман төрлийн вирус үздэг түргэвчилсэн сорил ч бий. Ер нь амьсгалын замын халдвар үүсгэдэг маш олон тооны вирус байх бөгөөд эмнэлзүйн шинж тэмдгээр нь ялгаж оношилдог. Нүд нь улайж нуухтах, гүйлгэх, бөөлжих, унтаарах зэрэг шинж тэмдгүүд чинь тухайн вирусын онцлог, хүүхдийн өвчин эсэргүүцэх чадамжаас хамаарахаас гадна аль замаар халдварласнаас бас шалтгаална. Агаар дуслын замаар вирусын халдвар авсан бол ханиалгах, нус гоожих, халуурах шинж тэмдэг илэрдэг бол хавьтлын замаар буюу гараар дамжиж авсан бол бөөлжиж гүйлгэнэ. Вирус болгон харилцан адилгүй.

-Томуу төст өвчин томууг бодвол өндөр халуурдаг-

-Одоо  эхэлж байгаа томуу ямар онцлогтой вэ?

Томуу амьсгалын замыг гэмтээхээс гадна хоол боловсруулах замыг өвчлүүлж бөөлжиж, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Томуу дээр бас нэг анхаарах зүйл нь хүүхэд өндөр халуурна. Халуураагүй ч нурмайгаад байгаа нь өөрөө анхаарал татсан шинж. Эмч нар халуурал хоорондын зай хэр байна гэж асуудаг. Томуу төст халдварын халуурах хоорондын зай арай хол байдаг. Томуу нь илүү ойрхон халуурна. Аль нь ч байсан хүүхэд халуураад нурмайгаад байвал харъяа өрх дүүрэг, ажлын бус цагаар ч байсан яаралтай тусламжийн төвд очиж үзүүлэх нь хамгийн зөв алхам юм.

-Хатгаа болж хүндэрдэг муухай ханиад байна гэж иргэд бичиж байна?

-Томуугийн үндэсний төвийн мэдээллийн хуудас бий. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар тэндээс томуугийн тандалтын мэдээ тогтмол авах хэрэгтэй. Эмнэлгүүдийн залгиурын арчдасын шинжилгээний дүнд үндэслэж томуугийн мэдээг гаргадаг. Харьцангуй улсын эмнэлгүүд түргэвчилсэн тестээр үзэж чадахгүй байгаа. Тэр тохиолдолд бид эмнэлзүй, ямар улирал, ямар вирус идэвхжилтэй явж байгааг харьцуулаад эмчилгээгээ сонгоод явдаг. Бүх вирус уушгины хатгааг үүсгэх эрсдэлтэй ч томуугийн вирус илүү.    

-Нэг удаад олон төрлийн вирусээр өвдөх боломжтой юу?

-Онолын хувьд хоёр вирус нэг биед зэрэг оршихгүй гэдэг. Гэхдээ эхний вирусын идэвхжил сулрахаар дараагийн вирусын халдвар орох боломжтой. Хүмүүсийн дунд цэцэрлэгт яваад ханиад хүрчихлээ, дахин дахин ханиад хүрээд байна гэсэн яриа нийтлэг байгаа. Ер нь тав хүртэлх насны хүүхэд амьсгалын замын халдвараар өвдөх эрсдэл өндөр. Энд анатоми, хүрээлэн буй орчны онцлог нөлөөлнө. Бас тухайн вирусээр анх удаа өвдөж байгаа учраас дархлаа чадамж тогтоогүй байдагтай бас холбоотой. Энэ насны хүүхдүүдийн томуугаар өвдөх давтамж нь жилдээ 5-6 удаа байж болно. Эцэг, эхчүүд аль болох хүндрүүлэхгүй яаж сайн асрах вэ гэдэг нь л чухал. Нэг ханиад нь үргэлжлээд байна гэж байдаггүй. Дахиад ханиад хүрч байгаа бол огт өөр вирусийн халдвар л явж байгаа. Тэр болгон өөр, өөр эмнэлзүйн шинж тэмдэг, эмчилгээний онцлогтой учраас дур мэдэж эмчлэхгүй, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Өвдөхгүй байна гэж байхгүй, өвдвөл хүндрүүлэхгүй л байх нь чухал гэсэн үг. Тэгээд 5-аас дээш нас хүрээд ирэхээрээ ханиад хүрэх давтамж холдсоор байгаад их цөөн өвдөнө. Дархлаа чадамж нь бүрэн тогтчихлоо шүү дээ. Тухайн вирустэй нэлээд олон удаа “учраад” ирэхээр сүүлдээ бие рүүгээ ороод ирэнгүүт таниад устгадаг гэсэн үг, энгийн үгээр хэлбэл. Нус нь жаахан гоожиж байгаад л зүгээр болчихно.

Томуу жил бүр хувьсан өөрчлөгдөж мутацлагдаад байгаа учраас том хүмүүс өвдөх эрсдэлтэй болсон. Харин томуу төст өвчний халдвар вирусийг бидний бие аль хэдийн таньдаг болчихсон л гэсэн үг. Нийтлэгээр ханиад хүрч байгаа нь хүүхдүүдэд сүргийн дархлаа хараахан тогтоогүй л байна. Илүү хүндрээд илүү ойрхон хүрээд байгаа хүүхдүүдийн дийлэнх нь суурь эмгэгтэй байна. Суурь эмгэг гэж юуг ойлгох вэ гэхээр жингийн алдагдалтай, рахиттай, цус багадалттай одоо нийтлэгээрээ амьсгалын замын харшламтгай байдал нэмэгдсэн.

-Шуугидаг хүүхдүүд үү?

-Гуурсан хоолойн багтраа ч гэж нэрлэж болно. Халдвараар сэдээгдээд шуугиант амьсгал болдог, улмаар уушгины хатгаа болох өндөр эрсдэлтэй учраас эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй. Амьсгалын зам нь мэдрэгшсэн хүүхдүүд хүндрэх эрсдэл бий. Тэр хүүхдүүдэд насанд хүрсэн хойноо гуурсан хоолойн багтраатай болох эрсдэл байдаг.

-Ойр ойрхон антибиотек ууж, тариулж байгаадаа аав, ээж нар их айдаг. Өнөөдөр ингээд нэг ханиадаасаа салсан ч цаашдаа яах бол гээд?

-Үнэхээр энэ тохиолдол их байгаа бол аль болох олон нийтийн газраар авч явахгүй. Шинэ ханиад авахуулахгүй байх тал дээр анхаарах ёстой. Боломжтой бол 2 нас хүртэл гэртээ өөрсдөө хараад, дараа нь цэцэрлэгт өгмөөр байгаа юм. Үүнээс өмнө өгчихөөр илүү өвчлөмтгий байна. Дээрээс нь сургууль, цэцэрлэгийн насны ах, эгчтэй бол халдвар хамгааллын дэглэмийг сайн сахина. Бусад хүүхдүүд өөрсдөө өвдөхгүй ч гэсэн халдвар тээж ирээд байдаг. Гэр бүлийн гишүүд гаднаас орж ирэнгүүтээ гараа сайн угааж, болбол хамраа ч бас цэвэрлэх ёстой. Тэглээ гээд маш их хэмжээний давс, содатай усаар угаавал ханиалга нэмэгддэг юм шүү. Өвдүүлэхгүй байх тал дээр хичээнэ. Өвдсөн бол заавал эмчийн зөвлөгөө авна. Томуугийн үе эхлэхээс өмнө вакцин хийлгэх хэрэгтэй. Өвдөх эрсдэлийг багасгана, өвдлөө гэхэд хүндрэлээс сэргийлдэг давуу талтай. Томуугийн вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтож, 4-6 сар хүүхдийг өвдөхөөс, хүндрэхээс сэргийлж чадна.

-Антибиотек хэрэглээний тухайд...?

Антибиотек гэдэг чинь нянгийн эсрэг үйлдэл. Том хүмүүс өндөр тунтай антибиотек хэрэглэнгүүт мөөгөнцөр болчихлоо гэдэг. Тэгвэл хүүхдэд бие махбодид байх ёстой хэвийн бичил биетнүүдийн тэнцвэрт байдал алдагдаад эхэлдэг гэж ойлгож байна. Тэгэхээр хүүхдийн дархлаа чадамж, хоол боловсруулах үйл ажиллагаа хямарна, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлөх боломжтой. Хэрэгтэй, хэрэггүй бүх нянгаа утсгадаг. Тийм учраас заалтаар, сонголтоор антибиотекоо авна. Одоо жороор олгодог болоод замбараагүй хэрэглээ ер нь цэгцэрч байх шиг байна.  

-Вирусийн халдварын үед антибиотек хэрэглэх шаардлагагүй гэдэг. Энэ талаар та ямар мэдээлэл өгөх вэ?

-Дийлэнх ханиад вирусийн шалтгаантай. Энэ үед дандаа өвөрмөц эмийн эмчилгээ байхгүй. Ганцхан ямар вирус дээр эмчилгээ хийдэг вэ гэхээр томуу. Энэ хүүхэд томуу байна гэж сэжиглэсэн тохиолдолд л антибиетек зөвлөнө. Бусад томуу төст вирус дээр бол үр дүнгүй байхгүй юу.  Харин томуу төст вирусээр хүндэрч уушгины хатгааны эмнэлзүйн шинж тэмдэгтэй, эсвэл рентген зургаар байгаа тохиолдолд антибиотек авна. Гарааны эмчилгээ болгож хэзээ ч антибиотек авдаггүй.

-Ахуй нөхцөл, өдөр тутмын амьдралдаа аав, ээжүүд юуг мөрдөж хэвшвэл олон дахин ханиад хүрэхгүй байх бол...?

-Сайн хооллох ёстой. Сайн унтаж амрах шаардлагатай. Ингэснээрээ бодисын солилцоо нь сайн явагдаж дархлаа чадамж илүү сайжирна. Дулаан хувцаслах нь зөв  ч хэтэрхий зузаалж гаргаад хөлрүүлээд гарахаараа жиндүүлээд байдаг. Маш сайн тохируулж хувцаслах хэрэгтэй. За тэгээд маск зүүж хэвшүүлцгээе. Хүүхдийн хамар дайврын хөндий 5 хүртэлх насанд дутуу хөгжилтэй байдаг. Энэ нь гаднаас орж ирж байгаа хүйтэн агаарыг хамрын дайвар хөндий чийгшүүлээд дулаацуулаад амьсгалын зам руу оруулах ёстой байтал гэтэл үүсгүүр төдий байгаа учир дулаацуулж чадахгүй цоргиж ордог. Тиймээс ороолтыг нь сайн зүүж маск зүүх нь их чухал. Энэ вирусууд хүйтэн сэрүүний улиралд идэвхжил өндөртэй байдаг учраас хамар ам нь даараад нус гоожоод эхэлнэ. Ээж, аавууд энэ үед өнөөдөр даарчих шиг боллоо, оройноос нь халуураад эхэллээ гээд ирдэг. Тэгэхээр амьсгалын замын вирусийн халдвар хамар дотор явж байсан, улмаар даараад бодисын солилцоо хямрангуут идэвхжиж өсөж үржих таатай нөхцөл бүрддэг.  За бас халуун, бүлээн шингэн зүйл сайн уулгана, шим тэжээлтэй хоол идүүлнэ. Агаарын бохирдол, хүйтэн сэрүүн нөхцөл энэ эрсдлүүдийг бүгдийг нь бүрдүүлдэг.

-Утаа амьсгалын замын мэдрэгшил, харшламтгай байдлыг бий болгож байна-

-Утаа яг хэрхэн нөлөөлдөг вэ?

-Утаа амьсгалын замын мэдрэгшлийг, харшламтгай байдлыг бий болгоод байгаа юм. Тэрэн дээрээ ханиад авангуут улам хүндэрдэг. Бүх төрлийн утаа хэт мэдрэг байдлыг бий болгож байна. Сургуулийн насны хүүхдүүд ханиадны шинж тэмдэггүй хэрнээ маш удаан ханиалаа гээд ирдэг. Тэр нь утаанаас үүдэлтэй амьсгалын замын хэт мэдрэгшил, харшламтгай байдал.

-Хоолой нь байнга идээлдэг хүүхдүүд бас байна?

-Амьсгалын дээд замын цочмог халдварын үед хоолой залгиур нэлэнхүйдээ улайна. Тухайн вирусийн онцлогоос хамаараад жишээлбэл, аденовирус бол гүйлсэн булчирхай дээр цайвар өнгөр тогтоодог. Тэгэхээр яг идээ байна уу, өнгөр байна уу гэдгийг зөв тодорхойлох ёстой. Дээрээс нь гүйлсэн булчирхайн үрэвслийн үед ханиах шинж тэмдэг бараг байхгүй. Эмч нарт үүнийг үзэх шалгуур байдаг. Идээт үрэвсэл гэдэг бол нянгийн халдвар. Тэгэхээр шалгуур хангаж байгаа  бол хоолой идээлж үрэвссэн бол заавал антиабиотек эмчилгээ авна. Тэгж байж нянгаа устгана. Бид нарын дунд хоолойны мах нь үе мөч, зүрхэндээ орлоо гээд яриа бий. Энэ нь үе мөч, холбогч идээ гэмтээсэн гэсэн үг. Хоолой идээтэй үрэвсэлтэй байгаа тохиолдолд заавал 10 хоног антибиотекоо авна. Ингэж байж үе мөч, зүрхэнд орох эрсдэлээс сэргийлнэ.

-Давс, содатай усаар хамаагүй хамраа зайлах нь сөрөг үр дагавартай гэсэн үү?

-Удаан хугацаанд хэрэглэх тухайд юм. Шинэ ханиадны шинжтэмдэг илэрчихсэн үед бол хамраа угаах нь зөв. Гэхдээ хүүхдийн наснаас хамаараад стресстүүлж, уйлуулж угаахгүй. Тэгвэл дунд чихний үрэвслээр өвдөх эрсдэлтэй. Бас угаахгүй, цэвэрлэхгүй байвал дунд чих үрэвсэнэ. Тэгэхээр угаах нь зөв ч хэзээ вэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Манайхан өтгөн найруулах тусмаа сайн гэж ойлгодог. Гэтэл энэ нь амьсгалын дээд замыг ялангуяа залгиурыг хуурайшуулаад ханиалга улам ихсээд байдаг. Жорыг нь тааруулж, зөв угаах нь их чухал. 

-Амнаас ам дамжиж их эмчилдэг. Адууны мах, архиар орооно гэдэг  ч юмуу. Энэ хэр зөв сонголт вэ?

-Уламжлалт эмчилгээг үгүйсгэж болохгүй ч, хэзээ авах вэ гэдэг нь чухал. Сэргээн засах эмчилгээ, цээж доргиох массаж, бумба тавьж болдог ч шинэ цочмог уушгины хатгаа, өндөр халуурч байгаа тохиолдолд зөвлөж болохгүй. Мөн амьсгалын замын хэт мэдрэгшилтэй хүүхдүүд дээр адууны тос энэ тэрийг бас зөвлөх хэрэггүй. Эмч нь үзээд зөвлөсөн тохиолдолд л хэрэглэнэ. Архийг бол ёстой мэдэхгүй юм байна. Адууны тосоор арчих, адууны мах тавих зэрэг уламжлалт эмчилгээнүүд бий ч хэзээ хэрэглэхээ эмчтэйгээ зөвлөөгүй бол сөрөг үр дагавар гарч мэднэ.

-Та аав, ээж, асран хамгаалагч нарт хандаад эцэст нь юуг зөвлөмөөр байна вэ?

-Өмнө хэлсэн хамгийн гол нь сайн хоолло, сайн унтуул. Дараа нь хүүхдээ хүндрэхээс сэргийлж байх ёстой. Халууныг хэзээ буулгах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хүүхэд халуурч байна гэдэг хамгаалах урвал явагдаж тухайн вирустэй тэмцэж байгаа юм. Тэгэнгүүт 37 хүрэнгүүт л эм өгч буулгах гээд байдаг. Тэгмээргүй байна. Халуурч байж вирусийн эсрэг санамжийн эсүүд үүсч байхад нь эм өгөөд буулгачихдаг. Аль болох 38.5 –аас дээш халуурч байж өндөр халуун гэж үзэж, зургаан цагийн зайтай халуун буулгах эмээ хэрэглэнэ. Зарим хүүхдийн онцлогоос хамаараад татдаг ч юмуу тийм тохиолдолд бол халуурангуут л эм өгнө. Тийм өгүүлэмжгүй хүүхдийг бол 38.5 хүргэж, хурдан буулгахаар яарах хэрэггүй.

-Халууралт бас дотроо өөр өөр байдаг гэсэн?

-Хацар нь улайгаад, гар хөл нь бүлээн байвал улаан халууралт гэж үздэг. Гэтэл хүүхэд нурмайгаад цонхийж цайгаад гар, хөл хүйтэн байдаг. Энэ бол хүйтэн халууралт бөгөөд анхаарал татах зүйл.  Эмнэлэг рүү ирэхдээ хүүхдээ халууныг нь буулгахгүй шууд аваад ирдэг нийтлэг тохиолдол бас байна. 38.5-аас дээш бол халуунаа буулгаад эмнэлэг рүү явахгүй бол зузаан хувцаслаад эмнэлэг хэр хол байхаас хамаараад хүүхэд татах эрсдэл бийг бодох хэрэгтэй. Хүйтэн буюу цагаан халууралт үүсгэгчээсээ бас хамаарна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button