Хонконг, Малайзад тархсан вирус өмнө бүртгэгдэж байсан тул сандрахгүй байхыг зөвлөлөө

Хонконг, Малайзад тархсан гэх халдварт өвчний тандалтын талаар ХӨСҮТ-өөс мэдэгдэв.
Хонконг, Малайз зэрэг хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгуудад HMPV-ийн тохиолдол бүртгэгдсэн боловч эх газрын Хятадтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаагүй байна.
Иймд эдгээр бүс нутгийн эрүүл мэндийн ажилтнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглан хянаж байгаа ба HMPV нь өмнө бүртгэгдэж байсан вирус тул сандрахгүй байх, эмч нарын зөвлөгөөг дагахыг зөвлөж байна.
Дэлхий дахинд болон Монгол Улсад томуу, томуу төст өвчний харуулдан тандалтаар уг вирус жилийн турш бүртгэгддэг ба томуугийн вирустэй харьцуулахад ихэнх хувь нь эмнэлзүйн хөнгөн явцтай, хүндрэл, нас баралт маш бага байдаг онцлогтой. Манай улсын хувьд сүүлийн 10 жилийн байдлаар ТТӨ-ий үүсгэгчдийн дотор метапневмовирус нь 6.4%-ийг эзэлж, 1-7 саруудад орчилд байдаг байна.
Харин БНХАУ-д амьсгалын замын халдварын өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд томуугийн вирус, хүний метапневмовирус, риновирус микоплазма вирус голчлон тодорхойлогдож томуугийн вирус, метапневмовирус эерэг илрэлтийн хувь өссөн байна.
Сүүлийн үед 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14 ба түүнээс доош насны хүүхдийн дунд метапневмовирусийн эерэг хувь өсөх хандлагатай байгаа бөгөөд энэхүү өсөлт нь хойд мужуудад илүү ажиглагдаж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.