Монгол Улс 2024 онд 163 улстай худалдаа хийж, бараа эргэлт $27.4 тэрбум ам.долларт хүрсэн байна

Монгол Улс 2024 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.долларт хүрч,тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан тухай ҮСХ мэдээллээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.0 (12.1%) тэрбум ам.доллар, экспорт 596.5 (3.9%) сая ам.доллар, импорт 2.4 (25.5%) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.8 (29.7%) тэрбум ам.доллароор буурсан байна.
Экспорт 2024 онд өмнөх оноос 596.5 сая ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 693.4 сая ам.доллар, алт 161.4 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 152.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нүүрс 200.5 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 46.0 сая ам.доллароор буурсан байна.
Импорт өмнөх оноос 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 395.6 сая ам.доллар, ачааны автомашин 288.6 сая ам.доллар, дизелийн түлш 186.0 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 147.7 сая ам.доллар, автобензин 120.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспорт 2024 оны 12 дугаар сард өмнөх сараас 217.4 (15.5%) сая ам.доллароор буурч, импорт 29.2 (2.9%) сая ам.доллароор өссөн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боломжтой бол Европын болон өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтрах гэрээ хэлцэл хийвэл Монгол улсад ашигтай