Гадаад мэдээДЭЛХИЙ

Мэтт Дэймон: Миний тоглож гаршсан төрлийн уран бүтээлүүд одоо хийгдэхээ больсон гэдэг нь үнэн

Холливудын алдарт жүжигчин, кино продюсер Мэтт Дэймон “The Talks” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе. Тэрбээр Оскарын шагналд таван удаа нэр дэвшиж, нэг удаа хожиж байсан юм. 1997 онд Шилдэг киноны эх зохиол (Good Will Hunting), Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (Good Will Hunting), 2009 онд Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин (Invictus), 2015 онд Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин (The Martian), 2016 онд Шилдэг кино (Manchester by the Sea) төрөлд нэр дэвшсэн. Үүнээс тэр 1997 оны наадмаас Шилдэг киноны эх зохиол шагналыг Бен Аффлектэй хамт хүртсэн юм.

Ноён Дэймон, таны хувьд амжилт гэж юуг хэлэх вэ?

Аливаа ажлыг хийж буй процесс. Би маш олон кинонд тоглосон бүтэлгүйтсэн. Тэл нараас амжилттай болсон олон уран бүтээл ч байгаа. Кино хийж буй бидний хувьд хамгийн чухал зүйл бол уран бүтээлд оролцохдоо мэдэрдэг хайр юм. Би мэдээж би тоглосон кино маань хэр амжилт, үр дүн үзүүлснийг нь мэддэг байх ёстой. Учир нь кино миний карьерт нөлөөлнө. Тийм болохоор өөрийн хийж буй зүйлийн талаар мэдээлэлгүй байж болохгүй. Гэхдээ хамгийн гол зүйл бол тухайн нөхцөл байдалд хамгийн сайнаараа ажилласан гэж мэдрэх. Сэтгэл татсан түүхийг яг хүссэн хэлбэрээр өгүүлж чадсан гэж мэдрэх. Энэ л бол амжилтын жинхэнэ утга учир.

Тэгэхээр таны хувьд амжилт бол процесс, аялал, замналын тухай юм байна, тийм үү?

Тийм ээ, аялал процесс бол бүх зүйл! Бага зэрэг сүртэй сонсогдож магадгүй, гэхдээ би амьдралдаа үнэхээр тэгж л мэдэрсэн. Сүүлийн 25, 30 жилийн турш л ийм байж ирлээ. Зорьж хүсээд байгаа зүйл минь  өөрөө процесс юм. Аливаа зүйлийг хийж бүтээх процессыг жинхэнэ утгаар нь мэдрэх бол миний зорилго. Үзэгчид киног хэрхэн хүлээж авахыг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй. Маш сайн хүлээж авах байх гэж бодсон, бүр итгэлтэй байсан кинонууд бүтэлгүйтэж байсан. Харин эсрэгээрээ, амжилттай болсондоо гайхсан олон кино бий.

"The Martian" кино. Зургийн эх сурвалж: Variety

Саяхан та “Аватар” киноны гол дүрээс татгалзсанаас $250 саяын цалин авах боломжийн алдаж, түүхэн алдагдал хүлээсэн гэж хэлсэн. “Avatar” бас таны таамаглалыг давж амжилт олсон киноны нэг байжээ?

Тийм ээ. Дүр бүтээхээс татгалзсан талаарх түүх нэгэнт ил болсон. Би энэ талаар ярих дуртай. Намайг дэлхийн хамгийн муу бизнесмен гэдгээ батлан харуулдаг зүйл. Гэхдээ тэр үед би үнэхээр өөр сонголтгүй байсан. “Bourne Ultimatum” дээр ажиллаж байсан хүмүүсээ орхиж ёс зүйгүй зүйл хийхэд хүрэх байсан юм. Тэгэхээр би зүгээр л “Avatar”-ыг алгассан хэрэг биш ээ. Завтай байсан бол алгасахгүй байсан юм.

Тэгвэл бага ч гэсэн сэтгэлээ дэвтээх шалтаан байдаг байх нь

Тийм ээ, ядаж өөртөө тэгж хэлж тайвшруулдаг. Гэхдээ миний хувьд хамгийн харамсалтай зүйл нь Жеймс Камеронтой хамтран ажиллах боломжийг алдсан явдал. Хамтран ажиллахыг хамгийн их хүсдэг найруулагчдын жагсаалтын оройд байсан хүн. Камерон надад “Би ердөө зургаан л кино хийсэн” гэж хэлэхэд нь үнэхээр гайхсан. Түүний найруулсан бүх киног мэддэг, бүр нэг бүрчлэн судалсан байсан болохоор үүнээс илүү олон кино хийсэн байх ёстой гэж бодсон. Гэтэл тэр хүн кино төсөл дээр маш ховор ажилладаг юм байна лээ. Сүүлчийн бүтээлээс нь арав гаруй жил өнгөрсний дараа л тэр шинэ кино дээр ажиллаж байна.

Та ч бас сүүлийн жилүүдэд чимээ багатай байсан. Хэдэн жил томоохон кинонд тоглоогүй. Яагаад Холливудаас түр завсарлага авах шийдвэр гаргасан бэ?

2017 оны есдүгээр сард Венецид кино сурталчилгаа хийхээсээ өмнө би бараг нэг жил ажиллаагүй байсан юм. Бостон руу буцаж нүүгээд, аавын минь эрүүл мэнд хурдан доройтож байсан болохоор. Тэр жил үнэхээр хүнд өнгөрсөн. 2016 оны есдүгээр сараас бие нь муудаж он солигдохын өмнө, арван хоёрдугаар сард аав минь өөд болсон. Би тэр жил бүхэлд нь завсарлага авсан. Дараа жил нь ч бас ажиллаагүй. Үүнээс өмнө дараалаад таван кинонд тоглосон. ‘The Martian”, “Jason Bourne”, “The Great Wall”, “Suburbicon”, “Downsizing” гээд дараалаад л тоглосон. Тийм болохоор би гэр бүлдээ нэг жил амарна гэж амласан байсан юм. Гэхдээ тэр жилийг эмнэлэгт, үнэхээр хүнд өнгөрөөсөн. Тэгээд дараа нь дахиад нэг жил амрахаас өөр арга байгаагүй. Гэр бүлээрээ тийм завсарлага авах хэрэгтэй байсан юм. Бидний хувьд хэцүү жил өнгөрсөн. Гэхдээ тэр боломж байсанд нь талархдаг.

"Good Will Hunting" кино. Зургийн эх сурвалж: TCM

Тэр хугацааны дараа кино ертөнцөд буцаж ирэхэд ажлаа өөрөөр харж эхэлсэн үү?

Тийм ээ. Кино бизнес 20 жилийн өмнөхөөсөө тэс өөр болсон. DVD зах зээл гэж байхгүй болсон. Би нэг студийн захиралтай хэдэн жилийн өмнө ярилцаж байхдаа тэр тэгж хэлж байсан юм. Жишээ нь Ford v Ferrari шиг төрлийн киног санхүүжүүлж чадсан нь өөрөө гайхамшиг байсан. Яг ийм төрлийн кинонууд л алга болж байгаа юм.

Яг юу гэсэн үг вэ?

“Behind the Candelabra” кино Канн дээр гарч байхад би нэг студийн захиралтай ярьсан юм. Яагаад энэ кино төсөлд оролцоогүй талаар нь асуусан. Бүх студиуд энэ киноос татгалзсан. Эцэст нь бид “HBO” студитэй хамтран ажилласан. Тэр студийн захирал  “Энэ $25 саяын өртөгтэй кино, үүн дээр сурталчилгаанд дахиад $25 сая нэмэгдэнэ. Дараа нь би театруудтай ашгаа хуваах хэрэгтэй болно. Ашгийн талыг нь театрууд авна. Тэгэхээр би энэ киноноос нэг центийн ашиг олж эхлэхийн тулд $100 саяын орлого олох ёстой. Өөрөөр хэлбэл $50 саяын эрсдэл хүлээж байна. Би Стивен, Майкл, чамд дуртай ч гэсэн үнэхээр том эрсдэлтэй зоос шидэлт байна” гэж хэлсэн. Тийм болохоор ийм төрлийн кинонууд телевиз рүү шилжиж байгаа. Эсвэл бүр хийгдэхээ больсон. Кино салбарын бизнес өөрчлөгдсөн.

Тэгэхээр жүжигчин, продюсерын хувьд энэ өөрчлөлт айдас төрүүлэм байна уу? эсвэл шинэ сэргэг байна уу?

Би өөрийгөө азтай гэж боддог, учир нь би үнэхээр амжилттай карьертай. Гэхдээ би 20, 25 насаар залуу, бас кино салбарт дөнгөж орж ирж байсан бол айна. Ирээдүйд яах бол гэж илүү их эргэлзэх байсан. Гэхдээ сайн мэдээ нь, гайхалтай бүтээлүүд телевиз рүү шилжих болсон. Телевизэд зориулсан үнэхээр сайхан бүтээлүүд хийгдэж байна. Тийм болохоор хийх ажил үргэлж байна гэдэгт итгэлтэй байгаа. Харин миний тоглож гаршсан төрлийн уран бүтээлүүд одоо хийгдэхээ больсон гэдэг нь үнэн.

Тэгвэл та энэ шинэ уур амьсгалд яаж дасан зохицож байна вэ?

Энэ цаг үе үнэхээр сонирхолтой. Учир нь бүх зүйл урьд урьдаас илүү урьдчилан таамаглах аргагүй болчихсон. Сүүлийн хэдэн жилд би гүн гүнзгий өөрчлөгдсөн. Гэхдээ би ажилдаа хайртай хэвээрээ, кинонд тоглох дуртай хэвээрээ. Удахгүй илүү их найруулж, бичихийг хүсэж байна.

Тэгэхээр та жүжиглэхээ болино гэж үү?

Үгүй ээ, би жүжиглэсээр байх болно. Би кино урлагт хайртай. Энэ салбар бол нэг нэгэндээ түүх өгүүлэх гэсэн хүн төрөлхтний хүслийг гүйцэлдүүлдэг. Агуйн хананд зураг зурж байх үеэс хүмүүс тийм байж тэгж ирсэн. “Хараач, энэ сарлаг намайг бараг барих шахсан, гэхдээ бид  ялсан шүү” гэж өгүүлэх. Кино, ном, хөгжим болон бусад урлаг бол энэ бүх түүхийг хоорондоо хуваалцах хамгийн сайхан хэлбэр. Би кино урлагт одоо ч дуртай. Хийх хүсэл одоо ч надад байгаа. Гэхдээ юмс хаашаа чиглэж байгааг би хэлж мэдэхгүй. Зарим талаар айдас төрдөг, учир нь шинэ зүйлс үргэлж тодорхойгүй байдлыг авчирдаг. Гэхдээ нэг зүйл тодорхой. Ирэх хорин жил өмнөх хорин жилтэй огтхон ч адил байхгүй.

Эх сурвалж: The Talks

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шагн�##�ыг хожиж авдаг юм уу Буяндоржоо ... Гүүглийн орчуулганаас муу юм бичих юм

amerik kinoshd
amerik kinoshd

dandaa ameik ylna gej yu baihaw..ylagdaad bur uhej baina..gej kino hiih heregtei tegwel bur ih amjilt olno

Холбоотой мэдээ

Back to top button