2027 онд ашиглалтанд орох Туулын хурдны замын үндсэн ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжлэх юм.
“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажлын хүрээнд:
- Бетон узель барих талбайн 2500 ам метрт чулуу, дайрга дэвсэх ажлыг гүйцэтгэж, тэгшилгээ хийсэн бол дам нуруу цутгах суурийн хавтангийн бетон цутгалт наймыг хийгээд байна.
- Замын ул суурийн туршилтын хэсгийн хөрс хуулалт, нягтруулалт, лабораторийн шинжилгээг дуусгасан бөгөөд 2400 шоо метрт дүүргэлт хийсэн.
- Төслийн хүрээнд 32 км урттай түр буюу технологийн зам барих бөгөөд одоогоор K15+200–K16+400 хэсгийн замын үндсэн трассын хөрс хуулалтыг хийж байна. Төслийн талбайд 130 гаруй инженер, техникийн мэргэжилтнүүд 50 орчим машин механизмтай ажиллаж байна.
Түр байгууламжууд бүрэн ашиглалтад орсноор өвлийн улиралд гүүрэн байгууламжийн дам нуруу цутгах ажлыг тасралтгүй явуулж, ирэх оны гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд нийт 9.8 км урт гүүрэн байгууламж барих бөгөөд хамгийн урт нь Яармагийн гүүрнээс Маршалын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур үргэлжлэх 7.2 км урт гүүр юм. Гүүрийн өндөр 14–21 метрийн хооронд хэлбэлзэх бөгөөд Яармагийн гүүр давах хэсэгт 65 метр орчим урт ган дам нурууг суурилуулах инженерийн онцгой шийдэл тусгагджээ.
Туулын хурдны зам Баянзүрхийн товчооноос эхлэн Дархан, Эмээлтийн замын уулзварт хүрэх бөгөөд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нийт 15 хорооны нутаг дэвсгэрийг хамрах юм. Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас Баруун аймгийн чиглэл рүү салаалах аюулгүйн тойрог хүртэлх зургаан эгнээ бүхий хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.