УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Мандхай: Харамсалтай нь энэ сонсгол үргэлжлэх боломжгүй боллоо

ХАА-н салбарт төрөөс олгож буй татаас, урамшууллын хэрэгжилтийн сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдсангүй.

Энэ талаар хуралдаан даргалагч М.Мандхай "УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 31.1-т байнгын болон дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцдог. Одоогийн байдлаар нийт 29 гишүүнээс 12 гишүүн ирцэнд орсон буюу 41.4 хувийн ирцтэй, ирц сонсгол эхлүүлэхэд хүрсэнгүй.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр ХАА-н салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан мөнгийг хэрхэн үр дүнтэй санхүүжүүлсэн, өнөөдөр салбарын нөхцөл байдал, ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн байдлыг улстөржүүлэхгүйгээр ил тод ярилцах байсан. Ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид 150 гаруй өдөр ажилласан. Энэ хүмүүсийн цаг, хичээл зүтгэлийг дурдах ёстой. Ийм чухал мэдээллүүдийг ярих байсан.

Сайн явж байгаа ААН, малчид, тариаланчдыг хэлэх ёстой байсан. Мөн саар явж байгаа, боломжийг зорилтод бүлэгт олгож чадаагүй, зориулалтын бусаар санхүүжүүлсэн ААН, хувь хүмүүсийн асуудлыг ярилцах байсан.

Сонсголыг хойшлуулах, болиулах санал зарим нэг гишүүдээс ирж байсан. Амаргүй цаг хугацаа, дарамттай учирсан. Өнөөдөр зээлийн татаас, татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкаар гаргасан агуулгыг ярих байлаа. Ирцийг хүргэхгүй байх хэрэгцээ тодорхой бүлэгт байна гэж хардаж байна.

Энэ асуудлаар 11.40 цагаас хэвлэлийн бага хурал хийж, дараагийн арга хэмжээ рүүгээ орохоос өөр аргагүй боллоо. Хүрэлцэн ирж, тэсвэртэй суусан оролцогчдодоо баярлалаа. Харамсалтай нь энэ сонсгол үргэлжлэх боломжгүй боллоо" гэв.

Өмнөх мэдээллийг дараах линкүүдээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button