Ажил эрхэлдэг оюутан, сурагчид НДШ-ээс чөлөөлөгдөх, нөхөн төлөх боломжтой

УИХ-ын чуулганы 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ зохицуулалт тусгагдлаа.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж байгаа оюутан суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шимтгэл төлөлтөд уян хатан нөхцөл бүрдүүлэхээр хуульчилсан байна.
Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрөөр, их сургууль, коллежид дэд бакалавр болон бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа 15-24 насны суралцагч хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх, түүнтэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа бол өөрийн хүсэлтээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно.
Оюутан, суралцагч 26 нас хүрэхээсээ өмнө төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болно. Шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гарган шимтгэл төлөх хугацаа, шимтгэлийн хэмжээг байгуулсан гэрээгээр тохирох юм. Уг хуулийн зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.