НийгмийнНийгэм мэдээНийгэм ярилцлага

Дэлхийн брэнд бүтээх 23 настай гуталчны мөрөөдөл

Аав, ээжийнхээ 40 орчим жилийн өмнө эхлүүлсэн гутал урлах үйл хэргийг үргэлжлүүлж яваа Б.Тэмүүжин 23 настай. Тэрбээр цэргийн алба хааж байхдаа цаасан дээр зурж байсан загваруудаа өнөөдөр бодит бүтээгдэхүүн болгож, монгол гутлыг залуусын өдөр тутмын хэрэглээнд ойртуулахаар ажиллаж байна. Дэлхийд танигдсан “Dr. Martens” брэндийн гутлын хэвийг авахын тулд үйлдвэрлэгчидтэй нь өөрөө холбогдож, зөвшөөрөл хөөцөлдөж явсан нь түүний зорилгынхоо төлөө тууштай зүтгэдгийн нэг илрэл. Монгол арьс, ноолуур, эсгий, нэхийг орчин үеийн загвартай хослуулсан түүний бүтээгдэхүүн Канад, Герман, Нидерланд, ОХУ-ын хэрэглэгчдэд хүрч эхэлжээ.

Жилд мянга гаруй хос гутал үйлдвэрлэдэг залуу үйлдвэрлэгчийн хувьд энэ бол зөвхөн эхлэл. Аав, ээжээсээ өвлөж авсан урлалаа шинэчилж, өөрийн гараар ирээдүйгээ бүтээж буй “Our Craft” брэндийн үүсгэн байгуулагч Б.Тэмүүжинтэй ярилцлаа.

“Монгол гутлыг залуусын хүсэлд нийцүүлж, өдөр тутмын хэрэглээ болгохыг хүссэн”

-Та 23 настай ч өөрийн гэсэн үйлдвэрлэл эрхэлж, үндэсний гутлын загварыг шинэчлэхээр зорьж байна. Гутал урлах ажил таны амьдралын нэг хэсэг болж эхэлсэн түүхээс ярилцлагаа эхэлье.

-Би хоёр дахь үеийн гуталчин. Аав, ээж маань 40 орчим жилийн өмнөөс гутал хийж эхэлсэн. Багаасаа гутал хэрхэн хийдгийг харж өссөн. Ухаан орсон цагаасаа л гуталтай холбогдсон доо. Манайх гутал үйлдвэрлэдэг учир хичээлдээ явахдаа өдөр шинэ гутал өмсдөг байсан гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ нэг зүйлийг анзаардаг байлаа. Монгол гутал гэхээр хүмүүсийн санаанд ихэвчлэн хатуу ултай, хүнд, хуучны загварын гутал буудаг. Тэр загварууд өнөөгийн залуусын хүсэл сонирхолд тэр бүр нийцэхгүй юм шиг санагдсан. Тиймээс монгол гутлаа орчин үеийн загвартай хослуулж, өдөр тутамдаа өмсөж болохуйц болгохыг хүссэн. Нөгөө талаас, гаднаас орж ирж байгаа хямд гутлыг сонгохоос илүү монгол хүний ур ухаан, дотоодын түүхий эдээр бүтсэн чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг байгаасай гэж боддог. Энэ бодлоос л миний ажил эхэлсэн.

-Өөрийн үйлдвэртэй болж, хүссэн загвараа үйлдвэрлэх тухай бодол тань хэр эртнээс эхэлсэн бэ?

-Цэргийн алба хааж байхдаа цаасан дээр гутлын загваруудаа зурдаг байлаа. Хэзээ нэг өдөр өөрийн гэсэн үйлдвэрлэл үргэлжлүүлж, өөрийн бодсон загваруудаа үйлдвэрлэнэ гэж төсөөлдөг байсан. Цэргээс халагдаж ирээд шууд ажилдаа орсон. Харин сүүлийн дөрвөн жил үйлдвэрийнхээ ажлыг өөрөө хариуцан, шинэчлэл хийхэд илүү анхаарч байна.

-Та загвар, хийцийн шинэчлэлээ юунаас эхэлсэн бэ?

– Юуны өмнө загвараа өөрчлөх хэрэгтэй байсан. Монгол гутал үнэтэй, бас хэт хатуу гэсэн шүүмжлэл их сонсогддог. Гэтэл монгол арьс өөрөө зөөлөн, чанартай. Харин гутлын хэв, хийцээ зөв сонгож, хүний хөлд тохируулах нь чухал юм билээ. Тиймээс гадаадын загваруудыг судалж эхэлсэн. Манай залуусын сонирхдог “Dr. Martens” брэндийн гутлын загварыг сонирхоод, үйлдвэрлэгчид рүү нь мэйл бичиж холбогдсон. Хэвийг нь авах зөвшөөрөл авахын тулд нэлээд хөөцөлдсөн. Эцэст нь хүссэн хэвээ авч, түүнийгээ монгол гутлын үйлдвэрлэлдээ ашиглан, өөрийн бүтээгдэхүүнд тохируулж сайжруулсан байгаа.

-Дэлхийд танигдсан брэндийн хэвийг авахын тулд өөрөө холбогдож, зөвшөөрөл хөөцөлдөнө гэдэг амаргүй алхам. Тэр хэвийг монгол гуталд ашиглахдаа юуг өөрчилж, юуг хэвээр үлдээхийг зорив?

-Хэвийг нь ашиглалаа гээд яг тэр гутлыг хийж байгаа гэсэн үг биш. Бид өөрсдийн түүхий эд, хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тохируулдаг. Жишээлбэл, “Dr. Martens”-ийн загварын гутал хатуу арьстай байдаг учраас зарим хүний хөлийг холгох тохиолдол бий. Харин бид зөөлөн арьс ашиглаж, монгол хүний хөлд эвтэйхэн байхаар хийхийг зорьдог. Гадаадын загварын шийдлийг монгол урлал, түүхий эдтэй хослуулж байгаа хэрэг. Манайд найман настай хүүхдээс эхлээд 80 настай буурай хүртэл өмсөж болох размер, загварын сонголт бий. Монгол гутлыг зөвхөн уламжлалт хувцастай өмсдөг гутал биш, өдөр тутмын хэрэглээ болгохыг хүсдэг.

Цэргийн алба хааж байхдаа цаасан дээр гутлын загваруудаа зурдаг байлаа. Халагдаж ирээд гутал үйлдвэрлэлийн ажилдаа ханцуй шамлаад орсон.

“Чанартай гутал хийхээс гадна хэрэглэгчийн хүсдэг загварыг бүтээх хэрэгтэй”

-Монголын зах зээлд хямд үнэтэй, олон сонголттой импортын гутал элбэг. Ийм өрсөлдөөн дунд дотоодын үйлдвэрлэгч хэрэглэгчдийг өөрийн бүтээгдэхүүнээр сонгуулж, итгэлийг нь олохын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Үнэ хямд байх нь хэрэглэгчийн сонголтод нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ зөвхөн үнээр өрсөлдөхөөс илүү чанар, загвартаа анхаарах хэрэгтэй гэж боддог. Монголын малчдаас авсан арьс ширийг боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, чанартай түүхий эд гарган авдаг. Тэр түүхий эдээр зөв технологи, сайн хийцээр бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл гадаадын гуталтай дүйцэхүйц чанартай гутал хийх боломжтой. Миний бодлоор бидэнд сайжруулах шаардлагатай зүйл бол загвар. Хэрэглэгчийн сонирхол, өмсөхөд эвтэйхэн байдал, бүтээгдэхүүний хийц гээд олон зүйлийг судалж, туршиж үзэх хэрэгтэй.

-Монголд үйлдвэрлэсэн гутлыг гадаадын хэрэглэгчид сонирхож худалдан авч байна уу?

-Одоогоос нэг жилийн өмнөөс гадаадын худалдан авагчид надтай холбогдож эхэлсэн. Канад, Герман, Нидерланд зэрэг орноос захиалга ирдэг. ОХУ-аас харьцангуй тогтмол захиалга авдаг, сард дөрөв, таван захиалга ирэх үе бий. Одоохондоо захиалгын тоо их биш. Гэхдээ монгол гутлыг гадаадад сонирхож, өөрийн мөнгөөр худалдан авч байна гэдэг миний хувьд том алхам. Цаашдаа бүтээгдэхүүнээ илүү олон хүнд хүргэхийг хүсэж байгаа.

- Гадаадад байгаа хүн гутлын дэлгүүрт очиж өмсөж үзэх боломжгүй шүү дээ. Хэмжээг нь хэрхэн тодорхойлж, захиалгыг нь хүлээн авдаг вэ?

-Манай вэбсайтаар дамжуулан захиалга авдаг. Хэрэглэгч хөлийнхөө уртыг сантиметрээр хэмжиж оруулаад захиалгаа өгнө. Бид мөн зөвлөгөө өгч, тохирох хэмжээг сонгоход нь тусалдаг. Дотоодын хүргэлтийн компаниудтай хамтарч ажилладаг ч заримдаа өөрөө хүргэлтээ хийгээд гүйх үе ч бий. Үйлдвэрээ хариуцаж байгаа хүний хувьд хийх ажил олон. Гэхдээ бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт хүргэх нь ажлын минь нэг хэсэг шүү дээ.

“Хаягдаж байгаа хонины нэхийг ашиглаж чадвал дэлхийн зах зээлд гарах боломж нээгдэнэ”

- Монголын өвөл эрс тэс хүйтэн. Өвлийн гутал үйлдвэрлэхэд загварын зэрэгцээ дулаан хадгалалт, улны чанар, халтиргаанаас хамгаалах шийдэл чухал. Танай өвлийн гутлын гол онцлог юу вэ?

- Өвлийн гутлын загвараа анх туршилтаар гаргасан. Дараа нь эх загварыг нь хийж, ОХУ руу илгээсэн. Гол онцлог нь ул болон доторлогоо. Ул нь EVA буюу хөнгөн, уян хөөсөн материалаар хийгддэг. Ингэснээр гутлыг хөнгөн, уян хатан байлгахыг зорьдог. Өвлийн улиралд ул хагарах, халтиргаа гулгаанд тогтворгүй байх зэрэг асуудал гардаг учраас энэ хэсэгт онцгой анхаардаг. Доторлогоондоо хэд хэдэн давхар материал ашиглана. Үүний нэг нь ноолуур, хонины ноосон эсгий. Мөн дотор талд нь нэхий хэрэглэдэг. Ноолуур, эсгий, нэхийг хослуулснаар дулаанаа хадгалж, хүйтний улиралд өмсөхөд тохиромжтой.

- Мал аж ахуйн орон атлаа нэхий зэрэг түүхий эдээ бүрэн ашиглаж чадахгүй, их хэмжээгээр хаяж байгаа нь харамсалтай. Үйлдвэрлэгчийн хувьд та энэ асуудлыг хэрхэн хардаг вэ?

- Нэхийг бүрэн боловсруулж, үйлдвэрлэлд ашиглах хүчин чадал одоогоор хангалттай биш байна. Гэтэл асар их нэхий хог дээр хаягдаж байгааг харахаар харамсдаг. Хэрэв энэ түүхий эдийг бүрэн боловсруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын зах зээлд гаргаж чадвал олон боломж нээгдэнэ. Малчдын хөдөлмөрийн үнэ цэнэ нэмэгдэнэ, үйлдвэрлэл өргөжинө, ажлын байр ч нэмэгдэх боломжтой. Бидэнд түүхий эд байна. Харин түүнийгээ бүрэн ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн болгон үнэ цэнийг нь өсгөхөд илүү анхаарах хэрэгтэй байна.

Малчдадаа хандаж хэлэхэд, та бүхний хөдөлмөрөөр бий болсон түүхий эдээр Монголд төдийгүй гадаадын хүмүүсийн өмсөж хэрэглэдэг бүтээгдэхүүн бүтэж байна. Тэд монгол гутал өмсөхдөө Монголын нэг хэсгийг хамт авч явж байгаа хэрэг. Өөрсдийнхөө хөдөлмөрөөр бахархаж яваарай гэж хэлмээр байна.

- Үндэсний түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож, гадаадын зах зээлд гаргахад тулгарч байгаа бэрхшээл бий юу?

- Тээврийн зардал, татвар, төлбөр их нөлөөлдөг. Одоогоор гадагшаа бүтээгдэхүүнээ голдуу агаарын тээврээр илгээдэг. Газраар тээвэрлэх боломж, нөхцөл бүрдвэл зардал харьцангуй буурах байх. Жишээлбэл, дотоодод 200 мянган төгрөгөөр борлуулдаг гутал гадаад руу илгээхэд тээврийн зардал, холбогдох төлбөр нэмэгдээд нийт өртөг нь 350 мянган төгрөгт хүрэх тохиолдол бий. Ингэхээр гутлын үнэ огцом өсдөг.

- Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн гадаадын зах зээлд үнийн өрсөлдөх чадвараа алдахгүй байхад төрөөс ямар бодит дэмжлэг хэрэгтэй гэж үздэг вэ?

- Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд татвар, тээврийн зардал их нөлөөтэй. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахыг хүссэн ч тээвэрлэлтийн өртөг өндөр байвал үнийн өрсөлдөх чадвар буурна. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдийн экспортын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах боломжийг судлаасай гэж хүсдэг. Бид бүтээгдэхүүнээ чанартай хийж, захиалгаа нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Харин түүнийгээ гадаадын худалдан авагчдад боломжийн үнээр хүргэх нөхцөл ч бас хэрэгтэй байна.

-Анхны захиалгаа авч, гутлаа хүлээлгэн өгсөн мөчөө эргэн санавал?

- Анхны захиалгаа гурван жилийн өмнө авч байлаа. Гутлаа хийж дуусгаад хүлээлгэн өгөхдөө их санаа зовсон. Ул нь салчихвал яах вэ, хэрэглэгч буцаагаад авчирвал яах вэ гээд л боддог байлаа. Гэтэл тэр хүн улирал бүр надаас гутал авдаг болсон. Тухайн захиалагч хөдөө амьдардаг, надаас гутлыг олноор нь авч, орон нутагтаа борлуулэ байгаа. Ингэснээр өөрөө ч орлого олж, манай бүтээгдэхүүнийг бусдад хүргэдэг гэрээт борлуулагч болсон.

- Та гутал урлах технологио хаанаас сурсан бэ? Их сургуульд суралцаагүй ч өөрийн үйлдвэрийг удирдаж, бүтээгдэхүүнээ хөгжүүлж яваа залуу хүний хувьд мэдлэгээ хэрхэн нөхөж, шинэ зүйлд суралцдаг вэ?

- Би их сургуульд суралцаагүй. Харин гадаадын сургалтын сайтууд, YouTube болон мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс байнга суралцдаг. Шинэ зүйл туршиж, өөрийн бүтээгдэхүүн дээрээ хэрэгжүүлж үзнэ. Аав, ээж маань ч анх Европоос орж ирсэн гутлуудыг задлан, оёдол бүрийг нь судалж, хэрхэн хийснийг нь ойлгохыг хичээдэг байсан гэдэг. Тэр үеийн гутлуудыг судалж, өөрсдөө үйлдвэрлэсээр өнөөдрийг хүрсэн. Би тэдний туршлага дээр тулгуурлан, орчин үеийн технологи, загварыг нэмж суралцаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

23 nastai zaluu iim tom зорилго тавиад ажиллаж байгаад нь үнэхээр бахархаж байна аа

Зочин
Зочин

Dr. Martens-iin hev-iig avch mongol guhd zohitsuulna gedeg chin zaluu hunii tom zorig

Зочин
Зочин

Mongol aris, nooluur, nehiig ashглаад олон улсын зах зээлд гарч байгаа нь маш гоё мэдээ

Зочин
Зочин

Канад, Герман, ОХУ-аас захиалга авдаг гээд л ярьж байгаад үнэхээр урам зориг төрсөн шүү

Зочин
Зочин

Ene 23 nastai zaluu shig hvmvvs olon bolohiig husen erdemhleer demjmeer bna

Зочин
Зочин

Хүний нутаг руу хог болоод хаягдаж байгаа нэхийг ашиглаад үйлдвэрлэл хийж байна гэдэг зөв зүйл

Зочин
Зочин

Aav eejiihee hiij baisan ajig ulamjlaад авч яваа хоёр дахь үеийн гуталчин залууд амжилт хүсье

Зочин
Зочин

Монгол гутлыг өдөр тутмын загвартай болгож залуучуудын өмсдөг болгоно гэдэг гайхалтай санаа

Зочин
Зочин

Uls orond maань ийм л мундаг гар урчууд, zaluu uildverlegchid олноороо төрөх хэрэгтэй

Зочин
Зочин

Гадаад рүү экспорт хийхэд тээврийн зардаг болон татвар өндөр байдаг гээд л шударгаар хэлжээ

Зочин
Зочин

Iim zaluusaa l uls oron maань бодлогоор дэмжиж, тээврийн хөнгөлөлт үзүүлдэг байгаасай

Зочин
Зочин

Zuv guyt hiideg hun burt zovhon uuriinhuu tuluu bish uls orniiho tuluu ajillaj bna

Зочин
Зочин

23-хан настай атлаа үйлдвэр удирдаад явж байгаа нь үнэхээр бахархалтай сайхан санагдлаа

Зочин
Зочин

Гаднын хямдхан муухай гутал авч өмссөнөөс дотоодынхоо чанартайг авбал хамаагүй дээр

Зочин
Зочин

Монгол гутлыг өдөр тутмын загвартай болгож залуучуудын өмсдөг болгоно гэдэг гайхалтай санаа

Холбоотой мэдээ

Back to top button