Экспортыг дэмжих ёстой 20 сая ам.долларын 44.2 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулсан "цамаархал"

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд хэрэгжүүлэхээр Дэлхийн банкнаас 30 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон ч манайхан уг зээлийн тэн хагасыг малчдад бэлнээр тараасан тухай бид өмнө нийтэлсэн. Тэгвэл энэ удаад Дэлхийн банкны 20 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн экспортыг дэмжих төслийн “но”-г аудитын дүгнэлтээр хэрхэн илчилснийг уншигчдадаа хүргэе.
Хөдөө аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжаар 2016-2023 онд хэрэгжүүлсэн цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийн нэг нь Дэлхийн банкны 20 сая ам.долларын зээлийн дүн бүхий “Экспортыг дэмжих төсөл” юм.
Төслийн эцсийн тайлангаар дэмжлэг авсан компаниудын экспортын хэмжээ 38.7 хувиар өсөж, 31 компани шинээр экспортод гарсан гэж дүгнээд өнгөрсөн байна. Гэвч Үндэсний аудитын газар 2023 онд төслийн зарцуулалтын явцад дүгнэлт гаргахдаа “хөшигний” цаадах огт өөр дүр зураг илрүүлжээ.
Тодруулбал, нийт санхүүжилтийн ердөө тал хувь буюу 9.9 сая ам.доллар нь зориулалтын дагуу зарцуулагдсан, харин гадаад болон дотоодын зөвлөх үйлчилгээний зардалд нийтдээ 44.2 хувийг нь дэмий үрж цамаархсан байна. Хамгийн гол нь төсөлд хамрагдсан ХАА-н салбарын 44 аж ахуйн нэгжийн 72.9 хувь нь гэрээний санхүүжилтээ бүрэн аваагүй байж.
Дэлхийн банкнаас зээлсэн 20 сая ам.долларын үндсэн зорилго нь Монголын уул уурхайн бус салбарын жижиг, дунд бизнесүүдийн экспортын чадавхыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх байв. Өөрөөр хэлбэл, экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох, компанийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, чанарын гэрчилгээ авахад дэмжлэг үзүүлэх, зорилго агуулсан гэсэн үг.
Төсөл хаах 2023 он болоход 14.24 сая ам.доллар зарцуулж, 5.76 саяын үлдэгдэлтэй байв
Дэлхийн банк уг төсөлд 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, төслийг 2016 онд эхлүүлсэн боловч эхний жилүүдэд төслийн явц удааширч, хэрэгжилт саатсаны улмаас бүтцийн өөрчлөлт хоёр удаа хийж, арга зүйгээ дөрвөн удаа өөрчилсөн ч шинэ зохицуулалтууд хэрэгжихэд хугацаа шаардсан байна. Тэгж будилж явтал нь “COVID-19” гарч, тэр үед логистик, гэрээ байгуулах ажил удааширч, зарим жижиг, дунд бизнесүүд өөрсдийн хөрөнгөөр төслийн хамтын санхүүжилтийг бүрдүүлэх боломжгүй болжээ. Ялангуяа аялал жуулчлалын салбарын ААН-үүд ялангуяа хүнд цохилтод орсон билээ.
Ийнхүү төсөл хаах ёстой 2023 он болоход Дэлхийн банкны эцсийн тайлангаар 20 сая ам.долларын зээлийн анхны хэмжээ өөрчлөгдөж, 14.24 сая ам.доллар бодитоор зарцуулагдсан байна. Тодруулбал, 20 саяын эх үүсвэрээс ойролцоогоор 5.76 сая ам.доллар зарцуулагдаагүй үлджээ. Гэвч Үндэсний аудитын газрын 2023 оны шалгалтын мэдээллээс харахад, тухайн оны есдүгээр сарын 14-ний байдлаар төслийн нэгж хэдийн 9.9 сая ам.доллар буюу 29.5 тэрбум төгрөгийг зарцуулсан, уг зардлынхаа 44.2 хувийг зөвлөх үйлчилгээнд гаргасан байж.
Сахил хүртээд шал дордов гэгчээр нийт санхүүжилтийнхээ 50 хувиар нь зөвлөх үйлчилгээ аваад аваад дээрдсэн юм ч алга. Харин оронд нь 20 сая ам.долларын экспортын төслөөс хэдэн нь шууд экспортлогч компаниудад очсон, хэд нь яг системийн үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, удирдлагад зарцуулагдав гэдэг нь бүрхэг.
ХАА-н 44 компанитай ₮6.5 тэрбумын гэрээ хийсэн ч 1.762 тэрбумын л дэмжлэг олгожээ
2020-2023 онд уг төслийн хүрээнд 131 аж ахуйн нэгжтэй түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд үүнээс ХАА-н салбарын 44 аж ахуйн нэгжтэй 6.506 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.
Гэхдээ эдгээр компаниудад бодитоор 1.762 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дүн болон бодит санхүүгийн дэмжлэгийн хооронд том зөрүү гарсан бөгөөд аудитын дүгнэлтээр 44 ААН-ийн ажлын төлөвлөгөө, гэрээний гүйцэтгэл хангалтгүй байснаас 4.744 тэрбум төгрөг буюу 72.9 хувийн санхүүжилтээ авч чадаагүй аж.
Түүнчлэн түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан хөдөө аж ахуйн 44 компаниас 38 нь экспортод бүтээгдэхүүн гаргасан, харин зургаан ААН экспорт огт хийгээгүй хэрнээ нийтдээ 404.6 сая төгрөгийн гэрээ байгуулж, уг төслөөс 188.4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ.
Тэдгээрийг нарийвчлан дурдвал, “Илэнхэн” ХХК ₮58.5 саяын гэрээ хийж, 43 саяын дэмжлэг авсан, “Их халбагант” ХХК ₮10 саяын дэмжлэг, “Баяндэлгэр хүнс” ХХК₮131 саяын гэрээ хийж, 125.5 саяыг авсан, “Капрадоро спининг” ХХК ₮23.8 саяыг, “Бүүвэй кашемир” ХХК, Санширо ХХК хамтдаа ₮170.3 саяын дэмжлэг авсан бол “Хөх Үүр Тур” ХХК ₮11.0 саяын гэрээ хийж, 10 саяын дэмжлэг авсан байна.
31 компани шинээр гадагшаа гарч, экспорт 38.7 хувиар өссөн гэдэг бүдүүн тойм тоогоор төслийг хаасан уу
Төсөл нэгэнт “экспортод гаргах” зорилготой учраас тухайн компани үнэхээр экспорт хийсэн, эсэхийг эцсийн үр дүнгийн хэмжүүр болгох ёстой. Харин Дэлхийн банкны эцсийн тайлан, аудитын шалгалтын тоонууд өөр зүйл “хэлээд” байх шиг. Төслийн дэмжлэг авсан компаниудын экспортын хэмжээ 2023 оны эцэст 38.7 хувиар өссөн гэж Дэлхийн банкны эцсийн тайланд дурдсан. Дэлгэрүүлбэл, олон улсын чанарын гэрчилгээ авсан компани 33,төслийн үйл ажиллагааны дараа шинээр экспортод гарсан компани 31, шинэ экспортын зах зээл 62 ААН,“COVID-19”-ийн дэмжлэг авсан ЖДҮ 332 бөгөөд дэмжлэг авсан компаниудын экспортын хэмжээ 149.1 сая ам.доллар гэсэн үзүүлэлт гарчээ.
Дэлхийн банкны мэдээллээр хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авсан компаниуд жил бүр 37-44 орчим улс руу бүтээгдэхүүн экспортолж байсан гэнэ. Гэхдээ бүх зорилт биелсэнгүй. Жишээлбэл, төслийн зорилтот үзүүлэлтэд 20 кластер байгуулахаар төлөвлөсөн ч эцэст нь 10 кластер болжээ. Мөн төсөл дэмжсэн итгэмжлэгдсэн лабораторийн үйлчилгээг ашигласан ЖДҮ-ийн тоо 12 байсан ч зорилтот түвшин нь 50 байж.
Түүнчлэн төв лабораторийн тоног төхөөрөмж суурилуулах ажил долоон жилийн дараах төслийн хаалтын үед дуусаагүй байсан гэж Дэлхийн банк мэдээлсэн байна. Тэгэхээр 20 сая долларын жинхэнэ үр дүнг яаж хэмжин, хаасан нь сонирхол татна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сая долларын талыг нь зөвлөх үйлчилгээ нэрээр идэж уугаад дуусгасан байх юм аа
Zovloh uilchilgee nertei tsunx bariagchdad mungu ugchihtsun yum bish uu
Зээлийн мөнгөөр хэдэн дарга нар л баяжсан байна даа
44.2 huvi ni zovloh uilchilgee gej yuu gesen ug ve arai ch dee
Зорилтот компаниуддаа мөнгө нь хүрээгүй байж зөвлөх нь харин их авчээ
Arai l shunaltai yumaa World bank-nii mungiig hurtel iim bolgochih gej
Экспорт хийгээгүй компаниудад санхүүжилт өгсөн нь бүр улаан цайм луйвар
Аудитын газар илрүүлээд байхад араас нь шалгаж байгаа газар байна уу
Хамгийн их мөнгөтэй хамгийн дампуу яам. Одоо хаалтын гэрээ, зөвлөх үйлчилгээ гэж мөнгө шаадаг аа больцгоо уулаасаа мянган тэжээвэрүүд л авч байгаа нь тодорхой. МАН Монголын дайсан. Монголыг устгагч болжээ.
Dugnelt nertei shahaani mungu dandaa iim bdag yum
Auuuditiin dugnelt garahaar l ng ih aimar ym bolj bga ym shg tgeed l martagddag
44 аж ахуйн нэгж өөрөө мөнгөө авч чадаагүй байхад зөвлөхүүд нь хангалттай авчээ
30 саяас 20 сая гээд л дандаа авсан зээлээ шахаа болгох юм
Яаж ийм их мөнгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулж чаддаг байна аа
Экспорт өссөн гэдэг бүдүүн тойм тоогоор л хүмүүсийн ам таглаж байна
Tusliin negj gej ng baahan tsunx bariagchdiin uure