Мумбайд хөл хорио сунгах шийдвэр гарсны дараа олныг хамарсан эсэргүүцэл өрнөв

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад байгаа Монгол Улсын иргэдээс төр, засгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандан гурав дахь удаагаа гаргасан өргөдлийг манай сайт өнгөрсөн долоо хоногт бүрэн эхээр нь хүргэсэн билээ.
Тэд өргөдөлдөө Энэтхэг Улс дахь коронавируст халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, цар тахалд нэрвэгдэж болзошгүй байгаагийн дээр ирээдүйд бодитой нүүрлэж болзошгүй өлсгөлөн, үймээн самууны золиос болох эрсдэлээс өдөр ирэх тусам түгшиж байгаа талаар дурдсан.
Тэгвэл Шинэ Дели хотоос холгүй орших Панжаб мужид хөл хориог эсэргүүцсэн шашны бүлэглэлийн хэсэг этгээд сэлэм, хутгаар зэвсэглэн цагдаа нар луу халдаж, зугтсан хэрэг өнгөрсөн Ням гараг буюу 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан юм. Мөн өдөр Гужарат мужийн Сурат хотод хүнсний ногооны худалдаачид руу дайрч, үймээн дэгдээсэн 13 иргэнийг цагдаа нар баривчилсан байна.

Өчигдөр /2020.04.14/ буюу тус улсын Ерөнхий сайд Нариндра Моди 2020 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тавьсан 21 хоногийн хөл хориог 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байхаар сунгасныг мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа хөл хорионы улмаас Мумбай хотод гэр орон, хоол ундгүй гацсан, цагийн ажил хийдэг хэдэн мянган хүн Бандра дүүрэгт цугларч, орон нутагтаа буцах тээврийн зохицуулалтыг шаардан олныг хамарсан эсэргүүцэл өрнүүлснийг цагдаагийн нэмэлт хүч ашиглан тараажээ. Мөн ойролцоох суурингийн төмөр замын буудал дээр цугларсан цагийн ажил хийдэг хүмүүст хоол хүнсний зүйл тараах үеэр ихэнх хүмүүс хоол хүнснээс илүүтэй гэртээ харих тээврийн зохицуулалт хийж өгөхийг шаардсан байна.
Мумбай хотод коронавирусний 1500 орчим тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүн нас бараад байгаа боловч иргэд энэ байдлыг үл хайхран, ийнхүү нийтийг хамарсан эсэргүцлийн үйл ажиллагаа зохион байгуулж, хөл хориог эсэргүүцэн орон нутагтаа харихыг шаардаж байгаа аж.
Энэтхэгт байгаа иргэдээс өмнөх долоо хоногт ирүүлсэн өргөдөлд тус улсад өлсгөлөн, үймээн самууны аюул нүүрлэж болзошгүй талаар өгүүлэхдээ “Томоохон хотуудад цагийн ажил хийж амьдралаа залгуулдаг олон зуун мянган хүн гудамжинд хоног төөрүүлж, хотод үлдвэл өлсөж үхэх учраас төрөлх тосгон руугаа явахаар орон нутгийн нийтийн тээврийн буудал, вокзалууд дээр хэдэн мянгаараа цугларах, олон зуун километрийг явганаар алхах зэрэг томоохон эрсдэлийг хаа сайгүй туулж байгааг мэдээлж байна. Энэтхэгийн болон дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөл хорио удаан хугацаагаар үргэлжилбэл тус улсын олон сая хүн коронавирусний тахалтай зэрэгцэн өлсгөлөнд нэрвэгдэж үхэх аюул нүүрлэж болзошгүй гэдгийг анхааруулж байна” гэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.