НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Ажил хийх, хүнтэй үерхэх хориотой Исламын сүмд оюутнууд амьдарч байна

Хүн бүр өөрийн гэсэн сүсэг бишрэлтэй байх бөгөөд үүний дагуу итгэж найдсан шашиндаа сүсэглэн ажил үйлс, амьдралаа даатгадаг. Шашин бүрийн эцсийн зорилго нь хамаг амьтны тусын тулд, аливаа сайн сайханд чиглэдэг. Монголчууд олон шашны талаарх мэдээлэл, ойлголттой болсон. Гэвч манай улсад дэлгэрээд буй шашин бүр хүнлэг, зөв ёсонд нийцэж чаддаг болов уу? Энэ асуултын хариултыг олохоор манай сурвалжлах баг хэд хэдэн шашны байгууллага болон сүм, хийдийг зорьсон юм.


-МАНАЙ УЛСАД ХРИСТИЙН ШАШНЫ СҮМ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ-

Монголд хамгийн ихээр дэлгэрээд байгаа шашин бол загалмайтны буюу христийн шашин. 2017 оны Статистикийн үзүүлэлтээр шашны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг сүм хийд дундаас хамгийн их буюу тавиас дээш хувьд нь/180/ Христийн сүм, хийд дангаараа бүртгэгдсэн байдаг. Үлдсэн хувь нь Будда, Ислам болон бусад хэмээн хуваагдана.

Айл айлын хаалга тогшиж, шашны сургаалаа танилцуулж, өөрсдөдөө элсүүлэхийг ихэд найрсгаар хүсэгч, монгол хэлээр чөлөөтэй ярьдаг япон, солонгосчууд одоо ч цөөнгүй бий. Манай хаалгыг ч хэдэнтээ тогшиж, танилцуулгын хуудас, боршураа тараасаар л. Юунд ингэж улайран, шантралгүй айл айлын хаалга тогшиж явдаг юм бол гэх асуулт анхаарал их татна.

Бид Баянгол дүүрэгт, гэр хороолол дунд орших нэгэн сүмийг зорилоо. Нөхцөл байдлыг тандахын тулд сэтгүүлч гэдгээ нууцалсан юм. Сүмрүү бага насны хүүхдүүд болон ахмад настнууд увж цувсаар орж байв. Тус сүмд ороход инээд алдсан эмэгтэй ихэд найрсгаар хүлээн авлаа. Хүүхдүүд түүнийг багш аа гэж дуудна. Амралтын өдөр байсан тул шинэ гишүүний хичээл орох хувиартай байв. Хичээлээс нь нэг цагийн өмнө ирсэн тул 11 цаг болтол хүлээх хэрэгтэйг сануулав. Гэвч буцаж гарсан хойгуур минь араас гарч, тандсан байлаа.

Эргээд ороход өнөөх багш эмэгтэй араас дагаж, зураглаачийг маань харсан бололтой, чи хэнтэй явж байсан бэ? нэг машинд сууж харагдсан, дотор нь байсан юун хүн юм зэрэг хэд хэдэн асуулт угсруулан асуусан юм.

Хичээлд нь орж суугаад дундаас нь гарахад гучин минутын турш Есүсийн агуу их сүр хүчний талаар ярьж, хэзээд чиний хажууд байдаг, үргэлж чамд тусалдаг, төгс нэгэн зэргийг ярьсаар залхааж орхив. Есүсийн сүр хүчийг үгүйсгэх гэсэнгүй. Итгэгч нэгэн  нь үнэхээр л шүтэн биширдэг нь лавтай. Багш эмэгтэйн хэлсэн үг бүрийн араас алгаан хавсарч, духандаа хүргээд Амен хэмээнэ. Эргэн тойронд минь байх цөөн итгэгч дундаас сүмийн номлогчоо тахин шүтэж, эцэг эхээсээ илүүд тавин хүндэлж, хайрладагтай ч хэдэнтээ таарч байсан юм. Өнөөх есүсийг номлогчид нь тээж, төрүүлж өсгөсөн ижий ааваас илүү ачлалтай хүмүүс хэрэг үү?

Удалгүй 20 орчим насны гурван охиноос хэдэн зүйл асуух гэтэл ширүүн царайтай, дөч орчим насны эрэгтэй ирж “Чи яах гэж ирсэн хүн юм, тэд тэд/сууж явсан машины дугаар хэлэв/ гэсэн хар өнгөтэй машинд чи суусан, хэнтэй явж байгаа юм” гээд сүмээсээ гаргасан юм. Үүнийхээ дараа мөн л араас гарч ирж харуулыг бүхээгний араас сэм шагайн зогссон нь харагдав. Тэд сүмдээ шинээр ирсэн хүнийг тандаж, судалж, араас нь дагадаг бололтой юм.

Сүмийн ойр орчинд хоёр ч Ерөнхий боловсролын сургууль харагдсан бөгөөд тус сүм гэр хорооллын бүсэд оршдог учир сүмд ирэгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байх аж. Бага насны гурван хүүтэй ярилцахад энэ сүм хоол өгдөг учраас явдаг гэлээ. Учраа мэдэхгүй хүүхэд багачууд хоол идэхийн тулд сүмийг зорьж, янз бүрийг сургаалыг тархиндаа хийлгэж байна гэдэг тун харамсалтай.

Эхэндээ ганц нэгээрээ ном, материал тараах зэргээр сурталчилгаа хийдэг байсан тэд даамжирсаар монголчуудын эдийн засаг муу байгааг ашиглаж ядуучуудад хоол өгч, хүүхдүүдэд нь чихэр жимс тараах мэтээр өөрсдийгөө танилцуулж эхэлсэн. Энэ нь цаашлаад өөрийн гэсэн бодол санаа нь төлөвшөөгүй яваа бага болон өсвөр насныхныг чиглэж сүмдээ урвуулж байгаа мэт.


-ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИХ ИСЛАМЫН ШАШНЫ ДОТУУР БАЙР-

Шашны үйл ажиллагааны талаар судалж байх хугацаандаа нэгэн Исламын шашны сүмийн тухай мэдээлэл олов. Тус шашны байгууллага Улаанбаатар хотод Зуун айл, Баянбүрд, Андууд зэрэг хэд хэдэн бүсэд оюутны нийтийн дотуур байр ажиллуулдаг юм байна. Дотуур байранд амьдардаг нэгэн МУБИС-ын оюутантай холбогдож багахан мэдээлэл авлаа. Энэ оюутан хувийн мэдээллээ нууцлахыг биднээс хүссэн юм. Эх сурвалжаа нууцлах нь бидний үүрэг тул өөрийнх нь хүслийг хүндэтгэн үзэж байна. Ихэд чанга дүрэм журамтай, өөрсдийн үйл ажиллагаагаа нууцлахыг дотуур байранд амьдрагсдаас шаарддаг аж. Бидэнд дотуур байр чиглэлээр ажиллуулдаг тоймтой хэдэн газар хэлсэн ч тодорхой байршил болон сүм хийдийн нэрийг хэлсэнгүй, энэ талаар асуухад булзааруулж, өөр зүйлийн талаар ярьж байсан юм. Юутай ч эх сурвалж маань тус дотуур байранд амьдардаг. Усыг нь уувал ёсыг нь дагна гэдэгчлэн тодорхой мэдээлэл тал дээр ам чанга байлаа.

Дотуур байранд хөдөө орон нутгаас орж ирсэн, хотод таньдаг ах дүү гээд байх хүнгүй, амьдралын боломжгүй оюутан залуус ихэвчлэн амьдардаг. Нэг байранд арвуулаа байх бөгөөд хоол хүнс болон ахуйн хэрэглээ зэргийг бүгдийг нь байгууллагын зүгээс бэлдэж өгнө. Үүнийхээ хариуд өөрсдийн шашны номлол, хичээлд суухыг шаарддаг юм байна. Шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрхийн асуудал ч далдуураар шашны сургаалаа ухуулан, номлох нь зүй ёсны асуудал хэрэг үү?

Дотуур байрны дотоод журам бүр ч ноцтой. Ийм зүйл байдаг хэрэг үү гэж дуу алдсан юм. Үүнээс дурдвал:

  • Өмссөн хувцас, хийж буй үйлдэлдээ анхаарах
  • Утсаа хураалгах
  • Дотуур байрнаас гарахдаа зөвшөөрөл авах
  • Ажил хийхийг хориглоно
  • Хүнтэй үерхэх хатуу хориотой 

Аливаа юм сайнтай муутай. Шашны номлол, үйл ажиллагааг үгүйсгэх гэсэнгүй. Шашинд итгэж сүмд явснаар архи тамхинаас гарч амьдрах итгэлтэй болсон хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг. Манай улсад Мүүн гэх  шашин гэхэд хэцүү нэгэн буруу урсгал орж ирснээр үйл ажиллагаагаа мөн л хүүхэд залуус руу чиглүүлж, тэдний тархийг угааж, эцэг эхээсээ илүү Сан Мён Мүүн гэх бэлгийн гаж донтон, улс төрийн хэрэгтэнг тахин шүтэж, хайрлахыг шаардаж, номлолоороо  авсанд нь хүртэл оруулж нийгэмд шуугиан тариад байсан цаг саяхан. Шашны гаж, буруу урсгал явсаар үндэстэн мөхөхөд хүрнэ. Энэ бүхэнд анхаарал хяналт тавьж эмх цэгцэд нь оруулах цаг хэдийнээ болсон.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button