С.Одонтуяа: Баянгол дүүрэгт хууль бус, улстөржсөн томилгоо хийж эхэллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нарыг 2019 оны долоодугаар сарын 10-ны өдөр хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцэж тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Уг шийдвэрийг дүүргийн Засаг даргатай огт зөвшилцөж, мэдэгдэлгүйгээр наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 10-ны өдөр гаргасан байна. Хуулийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга албан тушаалтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа зайлшгүй дүүргийн Засаг даргатай зөвшилцөх ёстой байдаг.
Энэхүү хууль зөрчсөн үйлдлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас улс төржсөн, хэн нэгний хатгаасаар хийсэн гэдэг нь ил. Ө.Батжаргал дарга өнгөрсөн таван жилд Баянгол дүүрэгт бусад аль дүүрэгт ч хийгдэж чадаагүй 14 эмнэлгийг барьж байгуулсан ийм хариуцлагатай ажилтан. Нийт эрүүл мэндийн 63 төслийг хэрэгжүүлж байна.

Ө.Батжаргал дарга олон төсөл, хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн салбарыг хууль бус томилгоогоор үйл ажиллагааг нь доголдуулахыг эсэргүүцэж байна. Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг ч мөн ялгаагүй Засаг даргатай зөвшилцөж байж чөлөөлөх ёстой байсан. Үүгээр эхэлж буй халах солих улс төрийн томилгоо цаашид хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна” гэлээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.