ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

ОДОН ОРОН: XII сарын 13-14-нд харагдах Ихэрийн ордны солирын бороо ба түүний онцлог

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө олон тооны солирын хэлтэрхий дэлхийн агаар мандалд нэвтрэх /Солирын бороо/ аж. Ихэнх солирын бороо нь дэлхий сүүлт одноос үлдсэн огторгуй дахь олон хэлтэрхий дунд "орох” үед болдог. Гэхдээ Ихэрийн ордны солирын бороо үүнээс өөр, 5 км урттай “3200 Phaethon” гэх энгийн нэг солироос үүсэх гэнэ. Уг солирын бороог дэлхийн аль ч хэсгээс харж болох боловч бөмбөрцгийн хойд хагаст илүү сайн үзэгдэх ажээ.

Эх сурвалж: JPL-CALTECH/NASA

Сүүлт одын бүтцэд мөс байдаг тул нарны дулаанд хайлж, сүүлтэй болж харагддаг байна. Тэгвэл яаж энгийн чулуулаг солир ийм үзэсгэлэнтэй үзэгдлийг бүтээж чадаж байна вэ? Энэ асуултын хариуг одоо болтол олоогүй байгаа хэмээн “UCLA”-ын одон орон судлаач Дэвид Жевит хэлжээ.

Чулуулаг солирууд хэрхэн бороо бий болгож, оргил үедээ бусад солирын борооноос ч их солир үүсгэдгийг одон орон судлаач нар одоо болтол нээж илрүүлээгүй байна.

Эрдэмтэд анх 1866 онд солирын борооны үүслийг сүүлт одтой холбон тайлбарласан байдаг. Тэд анхлан жил бүрийн наймдугаар сард үзэгддэг Персейд солирын бороог “Swift-Tuttle” нэртэй сүүлт одтой холбон авч үзжээ. Үүний дараа одон орон судлаачид ихэнх томоохон солирын бороог үүсгэдэг сүүлт оддыг олж тогтоожээ.

Сүүлт одны мөс нарны гэрэлд хайлахтай зэрэгцэн жижиг хэлтэрхийнүүд нь салдаг. Ингээд тэр хэлтэрхийнүүд сүүлт одны тойрог замыг даган эргэдэг бөгөөд уг тойрог замд дэлхий таарвал бидэнд солирын бороо болж харагддаг байна. Тус хэлтэрхийнүүд ихэнхдээ элсний ширхэг шиг хэмжээтэй байдаг бөгөөд агаар мандалд маш хурдтай орж ирэхдээ шатаж, өөрийнхөө атомууд болон атмосферийн молекул, атомуудын электроныг энергижүүлдэг аж. Эдгээр электронууд энергиэ алдахдаа гэрлийн зурвас үүсгэдэг нь од харваж буй мэт харагддаг юм байна.

Ихэрийн ордны солир
Walter Pacholka, ASTROPICS/SCIENCE SOURCE

Персейд солирын бороог хүн төрөлхтөн 2 мянган жилийн турш харсаар ирсэн. Харин Ихэрийн ордны солирын бороог анх 1862 онд Англи, АНУ-д бүртгэсэн байна. Тэр үед цагт 14-30 солир л үзэгддэг байжээ. Үзэгдэх солирын тоо 20-р зуунаас нэмэгдэж, одоо үед цагт 100 давсан тооны солир үзэгддэг болсон байна. Энэ нь Персейд солирын борооноос их байгаа юм.

Ихэрийн ордны солирын тойрог замаар явж буй хэлтэрхийнүүдийн урсгалыг харьцангүй шинэ гэж үзэж буй. Учир нь хугацаа өнгөрөхийн хэрээр хэлтэрхийнүүд хоорондын зай өргөсөж тардаг, гэхдээ уг хэлтэрхийнүүд бие биетэйгээ их ойрхон зайд байгаа онцлогтой аж.

2024 онд Япон улс “DESTINY+” сансрын хөлгөө хөөргөх бөгөөд, энэ хөлөг хэдэн жилийн дараа “3200 Phaethon”-той ойролцоо нисэх юм. Тус сансрын хөлөг ойролцоо нислэг хийхдээ Ихэрийн ордны солирыг хэлтэрхийг үүсгэсэн байж болзошгүй мөргөлдөөний ул мөрийг “3200 Phaeton”-оос хайх аж.

Магадгүй тус хэлтэрхийнүүд “3200 Phaeton”-оос үүссэн байж болно. Тэгвэл “3200 Phaeton” хаанаас үүссэн болж таарах вэ? Зарим эрдэмтэд “Phaeton”-ийг солирын бүслүүрт байдаг “Pallas”-аас үүссэн гэх таамаглал дэвшүүлжээ. Учир нь тус хоёр солир хольцын хувьд ижил аж.

Эх сурвалж: Science news

Б. БУЯНДОРЖ 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button