ИНФОГРАФИК: Халдварын тохиолдол 5.6 өдөр тутамд ХОЁР ДАХИН ӨСӨХ эрсдэлтэй өдрүүд өнгөрчээ
Арваннэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө “Энх саран” сувилалд 21 хоног тусгаарлагдаж дуусаад гэртээ гарсан жолооч Д-гээс коронавирус илэрсэн. Үүгээр Монгол Улс хүн ам дундаасаа анхны Ковид-19 вирусийн тохиолдлыг бүртгэж, эл өдрөөс хойш гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ үүнийг “Хатуу хөл хорио” хэмээн тодотгож, үүнээс хойш нэг сар орчмын хугацааг монголчууд, тэр дундаа нийслэлчүүд хатуу хөл хорион дор амьдарлаа.
Энэ хугацаанд хөл хориог хоёр удаа сунгасан. Хоёр дахь сунгалтыг Архангай, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод хийсэн бөгөөд хугацаа арванхоёрдугаар сарын 11-нд дуусах товтой байгаа юм. Тэгвэл маргааш Засгийн газрын хуралдаанаар хөл хориог гурав дахь удаагаа, дахин сунгах эсэхийг хэлэлцэх юм.
Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Doubling Rate” үзүүлэлт тооцох системийг ашиглан, хөл хорионы өдрүүдэд онолын хувьд ямар эрсдэл байсныг практикт бүртгэгдсэн халдварын тохиолдол бүхий графиктай ХАРЬЦУУЛАН үзүүлж байна.
ЭХНИЙ ХӨЛ ХОРИО: 2020.11.11-2020.11.16
Цар тахлын үед халдварын тархалтыг эрчмийг тооцоолох “Doubling Rate” хэмээх үзүүлэлт байдаг. Энэ нь нэг өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо одоогийнхоосоо хоёр дахин нэмэгдэх хүртэлх хугацаа юм.
Өөрөөр хэлбэл, “Doubling Rate” хоёр хоногтой үед: Өнөөдөр 100 халдвар шинээр бүртгэгдсэн бол хоёр хоногийн дараа хоёр дахин нэмэгдэж, 200 халдвар шинээр бүртгэгдэнэ гэсэн тооцоолол.

Тэгвэл, хөл хорио анхлан тогтоосон арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдийн хувьд “Doubling Rate” 1 өдөр байжээ. Халдварын тохиолдол нэг өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж бүртгэгдэх дүр зурагтай хөл хорионы таван өдөр үргэлжилсэн гэсэн үг.
ЭХНИЙ СУНГАЛТ: 2020.11.16-2020.12.01
Хөл хорио дуусахын өмнөх өдөр /2020.11.15/ Засгийн газар хуралдаж, эхний сунгалтаа 14 хоногоор хийсэн.

Энэ 14 хоногийн дунджийг авч үзвэл “Doubling Rate” 1.58 өдөр байжээ. Тэгэхээр халдвар хурдтай газар авах эрсдэл байсаар байж. Өөрөөр хэлбэл нэг хагас хоногийн дараа өнөөдрийнхөөсөө хоёр дахин өндөр халдварыг шинээр бүртгэж явах дүр зурагтай байжээ. Хөл хориог сунгасан ч онолын хувьд халдвар бүртгэгдэх эрчим төдийлөн буураагүй нь харагдаж байна.
ХОЁР ДАХЬ СУНГАЛТ /ДУУСААГҮЙ/: 2020.12.01-2020.12.11
Ингээд арваннэгдүгээр сарын 29-нд Засгийн газар дахин хуралдаж, Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог 10 хоногоор сунгасан. Одоо энэ хугацаа үргэлжилж буй.

Тооцооллын системд энэ сарын 6-ны буюу хоёр өдрийн өмнөх үзүүлэлт л бүртгэгдсэн байгаа тул уг байдлаар тооцооллыг хийсэн болно. Ингэхээр арванхоёрдугаар сарын 1-6-ны өдрүүдэд “Doubling Rate” 10.3 өдөр гарч байна.
Өөрөөр хэлбэл хоёр дахь сунгалт хийсэн энэ хөл хорионы таван өдөрт халдвар бүртгэгдэх эрчим эрс буурч, 1; 1.58-аас 10.3-т хүрчээ. Энэ нь онол, практик таарч буй дүр зураг. Гэвч дараагийн өдрүүдэд өндөр халдвар огцом бүртгэгдвэл энэ тоо өсөх юм.
НИЙТ ХӨЛ ХОРИОНЫ ӨДРҮҮД: 2020.11.11-2020.12.06
Анхлан хөл хорио тогтоосон арваннэгдүгээр сарын 11-нээс хамгийн сүүлд шинэчлэгдсэн мэдээлэл бүхий арваноёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх нийт 26 өдрийн графикыг харуулж байна.

Систем энэ өдрүүдийн “Doubling Rate” үзүүлэлтийг 5.6 хоног гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд 5.6 хоног тутамд хоёр дахин өндөр халдвар бүртгэгдэж явах эрсдэлтэй 26 хоног үргэлжилжээ.
ДҮГНЭЛТ: Практик дээр бүртгэсэн халдварын тохиолдлын графикууд тогтмол буурсан хандлагатай харагдаж буй. Гэсэн ч энэ тоогоор онолын эрсдэлийг тооцоолоход "Doubling Rate” тун өндөр гарч байгаа нь ямар эрсдэлтэй байсныг илэрхийлж байна. Гэвч цаашид халдвар практик дээр ч, онолын эрсдэлийн тооцоолуураар ч буурах хандлага ажиглагдаж эхэлсэн тул хөл хориог дахин олон хоногоор сунгах нь илүүц юм. Харин арванхоёрдугаар сарын 11-ний баасан гарагт дуусах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх долоо хоногийнх нь даваа гараг /2020.12.21/ хүртэл гурав хоног сунгах хувилбараар шийдэж болох зураглалтай байна.
Мэдээллийн эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.