Гурван “Х”-г та ЯАГААД мэдэх ёстой вэ: Ph.D Д.Цэндсүрэн, үйлдвэрлэгч Г.Майцэцэг ба иргэд
Монголын Олон нийтийн Медиа контент сангаас сэтгүүлч, контент бүтээгч, инфлүүнсер нарын дунд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн сэдвээр контент бүтээх шалгаруулалт зарласан. Үүнд Eguur.mn сайтын сэтгүүлч М.Тэнгис шалгарч, тус сангийн дэмжлэгтэйгээр энэхүү контентыг бүтээв.
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэмээх гурван үгийг өмнө нь уншигч та хаа нэгтээ сонсож байсан уу? Сонсож байсан бол ямар утгатай, бидэнд ямар ач холбогдолтой эд гэдгийг нь мэдэх болов уу? Бодит байдал дээр дийлэнх монголчуудын энэ талаарх мэдлэг, мэдээлэл маш дутмаг байдаг.
Гудамжаар явж буй бүх л насны 10 орчим хүнээс яг энэ асуултыг тавьж үзэв. Тэднээс нэг нь л “Мэднэ, сонсож байсан” гэж хариуллаа. Тэр өмнө нь “Bloomberg” телевизээс энэ тухай дуулж байсан аж. Харин бусад хүмүүс ямар нэг байдлаар “Огт сонсож байгаагүй”, “Мэдэхгүй” гэдэг хариултыг өгч байлаа.
Нэрийг нь сонсохоор эдийн засгийн том агуулга мэт бууж магад. Үүнийг яагаад заавал хүн бүр мэдэж байх ёстой юм бэ. Худалдаа эрхэлдэггүй, энгийн иргэдэд ямар чухал шаардлагатай мэдээлэл вэ?
ВИДЕО:
Энэ мэдээллийг хүргэх үүднээс бид хоёр зочинтой уншигчдыг уулзуулах болно.

Тэдний нэг нь “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Гансүхийн Майцэцэг.
Тэр “ЖДҮ-ийг хөгжүүлэхийн төлөө чөтгөртэй гар барьсан ч чадна” гэж хэлдэг. Г.Майцэцэг Польшийн оёмол бүтээгдэхүүний зах зээл дээр цөөнгүй ажил ажиллаж, эх орондоо ирээд бэлэн хувцасны массын үйлдвэрлэл бий болгохоор өдийг хүртэл асан дүрэлзэж зүтгэсээр буй эмэгтэй. Тэр бидэнд гадаад худалдааны процессыг хөнгөвчлөх ямар хэрэгцээ, шаардлага байгааг ЖДҮ эрхлэгчийн хувиар тайлбарлах болно.

Харин нөгөө зочин маань Гаалийн ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч, Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Ph.D Даваагийн Цэндсүрэн.
Тэр яг энэ чиглэлээр дагнан ажиллаж буй, гадна дотнын экспертүүдтэй туршлага, мэдээлэл солилцдог салбарын мэргэжилтний хувиар бидэнтэй ярилцана.
УРЬДАЧ МЭДЭЭЛЭЛ: Худалдаа гэдэг аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн гол үндэс суурь билээ. Манай орны хувьд ч ЖДҮ-лэл гэхээс илүү худалдаа, наймаа зонхилдог. Харин он удаан жилийн өмнөөс дэлхий даяарчлагдаж эхэлснээр улс орнууд ганц дотроо бус өөр хоорондоо худалдаа явуулдаг болсон. Дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэж, илүү гарсан нөөцөө хэрэгцээтэй орон руу экспортлох хэлбэрээр энэ бүхний үндэс суурь тавигдсан.
Тэгвэл өнөөдөр гадаад худалдаа гэдэг бие даасан асуудал, бие даасан шинжлэх ухаан болжээ. Худалдаа аль болох хурдан хугацаанд, зардал багатай хийгдвэл эргээд дотоодын зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ буурахаас эхлээд давуу тал олонтой.
Гэвч экспорт, импорт хийгдэхэд төрийн байгууллагын олон давхардсан хүнд суртал, бичиг цаасны ажил, хил гааль дээрх олон давхар шалгалт гэхчлэн хүчин зүйлс нөлөөлж, хугацааг сунгадаг. Удааж, хүндрүүлдэг. Ингэх хэрээр харилцагчдад, тэр дундаа бидэнд ашиггүй юм.
Харин энэ процессыг хөнгөвчлөх, сая дурдсан хугацааг богиносгох, зардлыг багасгахын тулд Дэлхийн худалдааны байгууллага Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдгийг баталсан юм.
2017 онд гишүүн орнуудын 2/3 нь нэгдэн орохоо илэрхийлснээр хэлэлцээр хүчин төгөлдөр болсон байдаг. Харин манай улсын хувьд 2016 оны арваннэгдүгээр сард, хүчин төгөлдөр болохоос нь өмнө нэгдэн орохоо илэрхийлсэн байв.
Үндсэн хуулиар бид нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн журам заалтыг мөрдөж, хэрэгжүүлэх ёстой. Энэ ч хүрээнд хэлэлцээрийн эхний хэсэгт 12 зүйлд 36 асуудал тусгагдаж, бид хэрэгжүүлнэ гэдэг үүрэг даалгаврыг Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн юм. 2025 он гэхэд биелэлтийг 100 хувь хангана гэсэн хүлээлт буй.
Энэ нэг талаар олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлж буй, нөгөө талаар улс дотооддоо гадаад худалдааны процессыг хөнгөвчилж, эдийн засгаа хөгжүүлж буй үйл явдал билээ.
Г.МАЙЦЭЦЭГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ СМАРТ БИШ, ЯСТ МЭЛХИЙ ШИГ БАЙВАЛ УЛС ХӨГЖИХГҮЙ

Г.Майцэцэгтэй дэлгүүр дээр нь уулзлаа. Тэр сонинтой угтав. “Найм, есөн жилийн өмнө хийж байсан манай нэхийг хүн өмсчихсөн орж ирээд...” хэмээх тэр гартаа хүрэн бор нэхий барьжээ.
Массын хувцасны үйлдвэрлэл эрхэлнэ гэж зориглоод Г.Майцэцэг нэхийнээс авхуулаад сөдөн куртка хүртэл хийж чадсан байдаг. Тэр нэхийгээ таниад “Энэ монгол нэхий юу?” гэхэд өнөөх үйлчлүүлэгч “Үгүй, турк нэхий ш дээ” гэж хариулжээ. “Exclusive”-ийн шошгыг гаргаж ирж үзүүлсний дараа эмэгтэй их гайхсан гэнэ.
Г.Майцэцэг чингээд эмэгтэйгээс нэхийг худалдаж аваад, оронд нь шинэ нэхий өгчээ. Тэр “Тухайн үед түүхий эдийг нь Хятадаас оруулж ирээд, энд хийж байсан. Монгол хонины нэхийг Хятадад ийм гоё боловсруулдаг. Одоо хүртэл нэг ч будганд ороогүй, яг шинээрээ. Биед сууж өгдөг, эвтэйхэн, чийг авахаараа мал үнэртдэггүй. Дараа нь би үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд Монголд боловсруулсан нэхийгээр хийгээд шатсан. Монголчууд өөрсдөө ингэж түүхий эдээ муу боловсруулдаг. Гэтэл Хятадууд монгол хонины нэхийг маш хямдхан авчхаад, сайн боловсруулаад хэд дахин нугалж гаргадаг...” гэж байв.

Монгол Улс үйлдвэрлэгч орон биш, уул уурхайн түүхий эдээ л гаргахаас нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн экспортолдоггүй тухай тэр ийн ярив. Заавал дан ганц газар шороогоо ухах биш, боломжит баялгаараа үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой. Гэхдээ дэлхийн зах зээлд гаргая гэж байвал чанар, үнийн хатуу өрсөлдөөн тулгардаг.
Мөн цаг хугацаа. Тэр коронавирусийн үед халдвар хамгааллын комбинзон хувцас хийсэн юм. Ингэхдээ хамгаалалтын хувцас үйлдвэрлэгч гаднын концернуудын авдаг түүхий эдийг авч, олон газар шалгуулж, дэлхийн стандартад нийцсэн хувцас хийж чаджээ. Ийн хилийн чанадаас таван ч худалдан авах гэрээ ирсэн байна.
Гэвч экспортлох болоход Монгол Улс өөрөө хамгаалалтын хувцасны стандартгүй байж таарчээ. Холбогдох стандартыг гаргуулж, лицензийн бичгээ авах гэхчлэн төрийн байгууллагуудын уялдаагүй, удаан үйл ажиллагааг дөрвөн сар хүлээсэн байна. Энэ хугацаанд бүх гэрээ цуцлагджээ.

“Биднийг дөрвөн сар хүлээж байдаг худалдан авагч гэж байхгүй шүү дээ. Хэрэв Хятадын барааг нэг улсаас авъя гэвэл экспортлох асуудлыг төр нь маш хурдан шийдэж өгнө. Манай улсын дүрэм журам нь өөрөө тийм юм даа, их удаан...”.
Таван гэрээний хэдэн сая ширхэг захиалга нийлээд бараг их наяд төгрөг босгох байсныг Г.Майцэцэг онцолж байв. Тэр хэрээр хэдэн төгрөгийн татварыг улсдаа төлөх вэ, хэдэн хүнд ажлын байр бий болгох вэ.
Хэдийгээр хамгаалалтын хувцас экспортлоход ийм, ийм бичиг зөвшөөрөл хэрэгтэй гэдгийг урьдчилж судлаагүй нь Г.Майцэцэгийн буруу боловч төрийн байгууллагуудын давхардсан үйл ажиллагаа гадаад худалдаагаа хэрхэн хүндрүүлдгийн нэг бодит жишээ энэ болсон билээ.

Орчин үед техник технологиор бүх зүйл хөнгөвчлөгдөж, цаг хугацаатай өрсөлдөж байгаа талаар Г.Майцэцэг ярив. Гадаад худалдаа ч ингэж хөнгөвчлөгдөх ёстой...
Д.ЦЭНДСҮРЭН: МАГАДГҮЙ ЭНЭ БОЛ ХҮН БҮРИЙН МЭДЭХ ХЭРЭГТЭЙ СЭДЭВ
ЖДҮ эрхлэгч Г.Майцэцэгтэй уулзаад, Гаалийн улсын ахлах байцаагч Ph.D Д.Цэндсүрэнтэй Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн талаар ярилцлаа. Түүнтэй саях хамгаалалтын хувцасны кейс дээр ярилцаж, мөн түүнчлэн худалдаа зонхилсон манай оронд “Хэлэлцээр ЖДҮ эрхлэгчдэд нэн ашигтай тусна” хэмээж буйн учир юу болохыг тодрууллаа.

-Гудамжаар явж буй бүх насны 10 орчим хүнээс “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж мэдэх үү?” гэж асуухад тэднээс нэг нь л сонсож байсан тухайгаа хэллээ. Энэ ер нэгж иргэн бүрийн мэдсэн байх шаардлагатай зүйл үү. Эсвэл хил гаалийн мэргэжилтэн, гадаад худалдаа эрхлэгчид л мэдэхэд зохих зүйл юм уу?
-Худалдаа гэдэг өөрөө улс орны эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр шүү дээ. Нэгэнт тухайн орны дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг юм бол гадаад худалдааны процессыг хөнгөвчлөх шаардлага, хэрэгцээ зайлшгүй бий болдог.
Өнөөдөр худалдаа, ЖДҮ эрхэлдэггүй бүлгийнхэн маань “Мэдэхгүй” гэж хариулах нь буруу биш ээ. Гэхдээ энэ хүн бүрийн мэдэх ёстой асуудал мөн үү гэвэл мөн.
Ойлгомжтой тайлбарлавал, гадаад худалдаан дахь үйл ажиллагааны олон давхардсан, хүнд шат дамжлагыг арилгахад иргэдийн мэдлэг, мэдээлэл чухал. Эргээд гадаад худалдаа хэдий чинээ урт хугацаатай, зардал өндөртэй хийгдэх тусмаа та бидний зах, дэлгүүрээс худалдаж авч байгаа барааны үнэ өсдөг. Тэгэхээр Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг яах ч аргагүй хүн бүрийн мэдэж байвал зохих асуудлын нэг гэж үзэж байна.
-Үүгээр бид мэдээллийн тухай сэдэв рүү орж байна. Ер олон нийтийг мэдээлэлжүүлэх энэ чухал асуудал Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт, өөрт нь хэрхэн туссан байдаг юм бэ?
-Глобалчагдаж буй эрин зуунд дэлхийн хаана ажиллах хүч, ашигтай газар зүйн байрлал байна тэнд үйлдвэрлэлээ явуулаад экспортод гаргах хандлага нэмэгдэж байна. Гадаад худалдааны энэ их глобал их урсгал дунд нэг цаг, минутын ч саатал гаргахгүй байх нь чухал.
Тийм ч учраас Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орсон орнууд худалдааг гамшгийн үед ч байсан тасралтгүй явуулах ёстой гэсэн шаардлага олон бодлогын бичиг, баримтад тусгагдсан. Тэгэхээр энэ бүх процесс мэдээлэлгүйгээр амжилт олохгүй. Бараа хаашаа гарах гэж байна, хаагуур дамжин өнгөрөх гэж байна, тэр бүрд тохирох мэдээллийг авч байж худалдаа амжилттай хийгдэнэ.

Тэгэхээр Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр дээр “Мэдээлэл” буюу “Хэвлэн нийтлэх” гэдэг асуудлыг нэгдүгээр зүйл болгон оруулж ирсэн байдаг. Бид энэ хэлэлцээрт нэгдэн орж, үүрэг хүлээсний хувьд холбогдох мэдээ, мэдээллийг сайтар түгээх ёстой юм.
Худалдаа бидний амьдралын гол эх суурь, энэ утгаар хүн бүрийн мэдэж байх ёстой хэрэгцээ шаардлага байж болох юм. Боломжгүй гэсэн болгон тав, 10 жилийн дараа бодит болдог нийгэмд амьдарч байна. Өнөөдөр нэг ЖДҮ эрхлэгч талх хийж эхлээд, хожим маш гоёмсог бялуу экспортод гаргадаг болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Үүнд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болоод иргэд үүний тухай мэдээлэлтэй байх нь чухал.
-Хэлэлцээрийн гол санаа нь “Хугацааг богиносгох” гэдэг агуулга дээр байна гэж харсан. Хугацаа богиносох тусам гарах зардал багасдаг, эргээд дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг. Энэ цар тахлын үеэр манай нэг ЖДҮ олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын цагаан хувцас хийсэн байгаа юм. Гаднын таван ч орноос худалдан авах гэрээ ирсэн ч тэд экспортод гаргахын тулд стандартын бичиг авах гэхчлэн цаас, зөвшөөрлийн ажлуудад уягдсаар дөрвөн сарыг өнгөрүүлж, бүх гэрээгээ алдсан байна билээ. ЖДҮ эрхлэгч мэдээлэлгүй байж, хоёрт худалдааны процесст хугацаа гэдэг ямар амин чухал зүйл болохыг энэ кейс харуулж байна?
-Иргэдийн дунд хилээр гаргахгүй байна л гэвэл Гаалийн байгууллагатай холбоотой гэж ойлгох хандлага түгээмэл байдаг. Гэтэл нөгөө бараа экспортлох гэж байгаа орон маань олон улсын стандарт шаардаж байдаг. Ялангуяа эм, эмнэлгийн хэрэгсэл дээр өндөр стандарт тогтсон байдаг шүү дээ.
Тэгэхээр үүнд өөр, өөрийн чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын эрх мэдлийн асуудал орж ирж байна. Холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрлийг авч явсаар хамгийн сүүлд гааль дээр ирэхэд гаалийн бүрдүүлэлтийн хэдхэн бичиг баримт шаарддаг. Харин Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр төрийн байгууллагуудын энэ давхардсан үйл ажиллагаануудыг л уялдуулах гээд байгаа юм.
Бид банкнаас зээл авахад яадаг билээ. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрээ хэдэн хувь канонддог билээ. Тэр бүрийг нотариатаар батлуулах гээд яаж барьж явдаг билээ. Яг үүн шиг удаан процесс гадаад худалдаан дээр өрнөөд байгаа юм. Энэ л хөгжиж буй, буурай орнуудын дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг хааж байна гэж үздэг. Дэлхийн худалдааны байгууллага үүнийг олж харсан.
Хамгаалалтын хувцас гэдэг манай улсын хувьд яах ч аргагүй шинэ зүйл. Шинэ ЖДҮ. Ямар ч шинэ тутам зүйл рүү ороход эхэндээ амаргүй байдаг, бид үүнээс дараа, дараагийн сургамжаа аваад урагшлах хэрэгтэй.

-Бид уг хэлэлцээрт нэгдэж орсон 100 дахь улс юм билээ. Энэ хүрээнд ямар, ямар арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн үүргийг Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн бэ. Сонирхуулбал?
-2013 оны Балид болсон уулзалтаар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг баталсан байдаг. Манай улс 2016 оны арваннэгдүгээр сард уг хэлэлцээр нэгдэн орохоо илэрхийлсэн. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 22-нд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын 2/3 нь нэгдэн орохоо илэрхийлснээр энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.
Бид 11 зүйлийн, 36 асуудлыг биелүүлэх үүрэг даалгавар авсан. Хамгийн гол агуулга нь нэгт стандартчилах, хоёрт ил тод байх, гуравт уялдуулах. Ерөөс нэг зөвшөөрөл авахын тулд 10 байгууллага руу хандах ёстой байлаа гэхэд 10-уулан руу нь очихгүй. Эхнийхэд нь материалаа өгөхөд дараагийн байгууллага руу цахимаар, өөрөө очдог байх. Харилцагч материал нь аль шатандаа явааг хянадаг байх. Энэ боломжийг Хэлэлцээр олгосон.
Тухайлбал ил тод, нээлттэй бай гэж байгаа. Үүн дээр яривал, гааль дээр ямар нэг байдлаар зөрчил гарч болно. Тэр хүнд зөрчлийн шийтгэл оногдуулна. Харин хэрвээ тэр хүн өөрөө зөрчил гаргаснаа мэдээд, хэлээд хүрээд ирвэл ондоо, харьцангуй доогуур хариуцлага хүлээлгэнэ гэж байх жишээтэй. Гэтэл энэ манай Зөрчлийн хуульд тусгалаа олсон уу. Нөгөө талд, Үндсэн хуулиар Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээ дагаж мөрдөнө гэдэг.
Хуулбарыг хүлээн зөвшөөр гээд л байж байна. Гэтэл бид нотариатаар батлуулах гээд л яваад байдаг. Нэг гадаадын хөрөнгө оруулагч манай улстай гадаад худалдаа хийхдээ энэ хэлэлцээрийн дагуух үүрэг амлалт нэхвэл яах вэ.
-2025 он гэхэд 100 хувь биелүүлнэ гэсэн хүлээлт бий. Одоо ажил хэр ахицтай явж байна вэ?
-Бид анх ороход 23.5 хувийн хэрэгжилттэй дүгнүүлж байсан. 2019 онд хоёр заалт хэрэгжүүлээд 25.5 болж ахисан. 36 асуудал маань А, В, С гэсэн гурван ангилалд хуваагддаг л даа. 2025 онд бид хамгийн сүүлд нэг цонхны системээ амжилттай хэрэгжүүлснээр 100 хувь болох учиртай.
Гэхдээ Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт тусгагдсан асуудлууд нь бидний хувьд шинэ биш гэдгийг дахин дахин хэлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл анх бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн үеэс эхлээд л чөлөөт гадаад худалдаа хийж эхэлсэн. Үүнээс хойш л хил гааль дээр худалдааг хөнгөвчлөх шаардлагатай нүүр тулсаар ирсэн гэсэн үг.

Бүр 1974 оны Киотоги хэлэлцээрээр л улс орнууд дотооддоо худалдааг хөнгөвчлөх ажлаа хийх ёстой юм байна, төрийн байгууллагын давхардсан үйл ажиллагааг уялдуулж, хугацаа-зардлыг багасгах ёстой юм байна гэдэг агуулга орж ирсэн.
Хөгжиж буй орнуудын хувьд гэнэт хууль батлаад л маргаашаас нь хэрэгжүүлдэг. Гэтэл гадаад худалдаа гэдэг өнөөдөр яриад маргааш болчихдог эд биш, процесс нь төлөвлөлтөөсөө эхлээд удаан үргэлжиллдэг. Юу гэхээр, ачаа нь замдаа ирж байтал хууль батлагдаад улсын хилээр орохыг нь хориглож болно, эсвэл татварын хувь хэмжээ өөрчлөгдөж болно гэх мэт. Энэ дарамт эргээд ААН-үүдийн нуруун дээр л ирдэг. Тэгэхээр энэ асуудлаа эхэлж дотооддоо уялдуул аа гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага хэлж ирсэн юм.
-Дотооддоо уялдуул гэдэг санаа их анхаарал татлаа. Олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн ч манай хууль тогтоох байгууллагын шийдвэр яг амьдралтай уялдаж өгдөггүй шүү дээ?
-Тийм, нэг сайхан журам гаргадаг, тэр нь яг хэрэгжих шатандаа асуудал дагуулдаг. Саяын 22-ын товчооны кейс үүнийг харуулж байна шүү дээ.
Гэрээ гэдэг хуучнаар улаан тамга дардаг, хоёр хүн суугаад хийдэг ажил. Гэтэл өнөөдөр цахим худалдаа гараад ирлээ. Энэ үед нөгөө л улаан тамгаа шаардаад суух уу гэдэг асуудал тавигдаж байна. Бид дэлхийтэй хамт гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцож буй тул орчин үеийн жишгийг дагаад л явах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нөгөө л хуучин үзэл бодлуудаасаа салах гэдэг ингэж тулгамддаг.
-Хэрэгжүүлэхэд хамгийн хүнд зүйл, заалт нь юу вэ?
-Нэг хүндрэлтэй асуудал байна. Энэ бол нэг цонхны систем. Улс орнуудын хувьд ч алийг хэцүү гэдэг юм бэ гэтэл энэ нэг цонхны систем гарч ирсэн. Энэ ерөөс гадаад худалдаан дахь төр, хувийн хэвшлийн харилцааг смарт байдлаар зохицуулахыг хэлээд буй. Нэг л удаа бичгээ өг, бүгдэд нь авч очихгүй. Мэдээллийг эхний байгууллагад гаргаад өгөхөд дараагийн байгууллага нь шууд тэндээс цахимаар авчихсан байж бай гэхчлэн.
“Амазон” гээд бодъё. Холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулчихсан, нэгдсэн байдлаар өөрийн плафторм дээр бүх процессыг уялдуулдсан байдаг. Нэг цонхны систем яг үүн шиг. Тэгэхээр бид хил дээр удах шаардлагагүй болно.
“Нэг цонхыг хэрэгжүүлнэ” гээд Монгол Улс маш олон хөтөлбөр гаргаж ирсэн, өнөөдөр ажил хэрэг болоогүй байна. Цаасан дээр ажил явуулна гэдэг маш их зардал байдаг. Улс өөрөө эрсдэлээ тооцоод, аль байгууллагыг гааль дээр шалгах вэ, эсвэл шалгахгүй нэвтрүүлэх вэ гэдгийг хүртэл уян хатан шийдэх агуулга яригдаж буй.
-Тэгэхээр худалдаа эрхлэгчид Хэлэлцээрийн тухай мэдээлэлтэй байхад төрийн албаны ажилтнуудад зохих шаардлагыг тавьж болох нь ээ?
-Яг тийм. Хүн болгон худалдаа эрхлэхгүй учраас энэ процесс түргэн явагдаж өгөхгүй байна л даа. Цахим банк гарахаас өмнө бид теллер тамга дараад өгсний дараа л мөнгө маань шилжжээ гэж итгэдэг байсан. Одоо цахим банкаар бид ганц шилжүүлэг хийгээд зогсохгүй, зээл авч, хадгаламж үүсгэж байна.
Манайхан төрөө ч шаардахгүй, нэгэнт л харьцах юм чинь гээд олон шат дамжлагуудаа бүр хүлээн зөвшөөрчихдөг. Магадгүй энэ заалт чинь хаана байна вэ, хэлэлцээрээ мөрдөөч ээ гээд ороод ирвэл байдал өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр хоёулангийнх нь ярилцлагын эхэнд ярьсан, ер нь яагаад хүн бүр мэдэх ёстой юм бэ гэдэг асуудал дахиад тавигдаж байна. Би өнөөдөр “Амазон”-оос 10 ширхэг лаптоп худалдаж аваад, энд зарж болно шүү дээ. Миний амьдрал дээр ороод ирж байна шүү дээ.
-Жишээ нь хуулбарыг хүлээн зөвшөөрнө гэдэг заалт амьдрал дээр хэрэгжиж байгаа юу?
-Энэ бол А ангиллын заалт. Хэрэгжиж байгаа. Гааль дээр албаны хүн хуулбар авахгүй ээ, эх хувиа авч ир гэж шаардвал харилцагч маргах үндэслэлтэй гэсэн үг. Харин үүн дээр А компанийн өмнөөс Б компани тухайн барааг гаальд мэдүүлэх, захиран зарцуулах эрх хүлээх кейс дээр өөр, хуулбарыг хүлээн зөвшөөрөхгүй.

-Хэлэлцээрийн зүйл заалтуудыг хэрэгжүүлж эхлэхэд яг тулгамддаг асуудал нь юу вэ?
-Дээр ярьсан, хууль баталсан ч хэрэгжих журам нь уян хатан байдаггүй, зөвхөн өнөөдрөө хараад хийчихдэг асуудал гэж харж байна. Хуульд бичгээр авчир, биеэр ирж уулз гэж байна. Гэтэл өнөөдөр цахим байх шаардлага үүсчихлээ шүү дээ. Хэдэн жилийн дараа аудит орж ирнэ, “Хуульд цаасаар гэсэн байна шдээ, та нар яагаад...” гэхийг ер үгүйсгэх газаргүй.
Бусад улс орнуудын жишгийг судлахад ч тэр ерөөс төр нь хууль, журам хөрсөн дээрээ яаж буух вэ гэдгийг бодолцдоггүй асуудалтай байдаг юм билээ. Энэ зовлонг фронтлайнд ажиллаж байгаа хүмүүс л мэдэрдэг. Гэнэтийн нөхцөл үүсвэл яах юм бэ гэдгийг тооцож хуулиа баталдаггүй.
Төрийн байгууллагын уялдаагүй ажиллагаанаас болоод гадаад худалдаа удааширдаг, хүлээгээд суучихдаг. Үүнээс үүдэх эрсдэлээ ч тооцож чаддаггүй. Тийм ч учраас энэ хэлэлцээрт Эрсдэлийн удирдлага гэдэг агуулна тусгагдсан байх жишээтэй.
-Манай улс үйлдвэрлэгч орон биш шүү дээ. Мөртлөө энэ хэлэлцээр ЖДҮ эрхлэгчдэд хамгийн ашигтай тусна хэмээж буй. Энэ учир нь юу вэ?
-Өнөөдөр онолын хувьд экспорт, импортоос давлаа, ашигтай ажиллалаа гэж буй ч уул уурхайн түүхий эдээ л гаргаж буй нөхцөлд тэгж хэлэх нь өрөөсгөл. Гэхдээ бид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн экспортлох тал дээр өрсөлдөх чадвар сул гэдэгтэй санал нийлнэ. Гэвч үүнд төрийн байгууллага нь гүүр болж өгөх ёстой.
Тэгвэл Хэлэлцээрийн 10.9 дэх заалт ЖДҮ эрхлэгчдэд боломж олгож байна. ЖДҮ эрхлэгчид аливаа дүрэм журам гарахаас өмнө саналаа тусгаж болно. Шаардлагатай үйлдвэрийн тоног төхөөрөмжөө түрээсээр оруулж ирээд, холбогдох татвар хураамжаа төрийн дансанд байршуулаад, тодорхой хугацаанд үйлдвэрээ эрхлээд, буцаагаад тоног төхөөрөмжөө өгөх боломжтой. Хэрэв энэ хугацаанд тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авах боломж гарсан бол өөрийн болгочихно.
Бид цөөн тооны үйлдвэрлэгчидтэй тул нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортод гаргая гэж “том” яриад байдаг ч “Жилд хэдэн ширхгийг нийлүүлж чадах вэ?” гэхээр маш бага тоо хэлэх болдог. Тэгэхээр бид автоматжуулсан үйлдвэр оруулж ирж болно. Энэ үйлдвэрээ сая хэлсэнчлэн тодорхой хугацаанд ашиглаад, буцаагаад гаргаж болно гэсэн үг. Энэ бол Дэлхийн Худалдааны байгууллагын Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэсэн агуулга явж буй хэрэг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үйлдвэрлэгч Г.Майцэцэг гадаад худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ, шаардлага бодит амьдрал дээр хэрхэн тулгамдаад буйг тэргүүн эгнээнд зүтгэж буй нэгний хувиар ярьсан билээ. Харин доктор Д.Цэндсүрэнгийн яриа түүнийхтэй агуулгын хувьд уялдаж, нэг нэгийнхээ санааг харилцан дэмжиж байгаа нь анхаарал татсан юм.
Хамгийн гол ньюанс нь бид нэгдэн орсон Олон улсын байгууллагын гэрээ, хэлэлцээрээ мөрдөх, биелүүлэх үүрэгтэй, ийм ч Үндсэн хуультай. Тийм ч учраас иргэд, тэр дундаа ЖДҮ, гадаад худалдаа эрхлэгчид Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 36 асуудлыг мэддэг байвал төрийн байгууллагаас үүнийг нэхэж, асууж, шаардах эрх зүйн орчин бүрдсэн байгаа юм. Иргэд мэдээлэлтэй байж, шахаж шаардах нь 2025 он гэхэд Хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусахад, цаашлаад хурдтай, зардал багатай гадаад худалдааг хөгжүүлж, эдийн засгаа тэлэхэд үнэмлэхүй нэмэр тустай билээ.
ФОТО, ВИДЕОГ Б.ЭРДЭНЭБАЯР.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.