УЛС ТӨР

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын талыг хэлэлцээд УИХ-ын чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан завсарлалаа.

Хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцсэн. Үүгээр нэр дэвшигч Д.Оюун-Эрдэнийг үлдсэн нэг орон тоонд томилсон.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 11, 12-р дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцлаа. 11-р дүгнэлтийг гишүүд хүлээж авсан. Харин 12-р дүгнэлт дээр санал хураалт явуулахад ХЗБХ-ны дэмжихгүй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Үүгээр Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй. Энэ бол Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөн тухай хуульд заагдсан, хөөн хэлэлцэх хугацаа тоолох заалтыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн Цэцийн дүгнэлт байсан юм.

Ингээд ХЗБХ-ны 17 цагийн турш тасралтгүй хэлэлцсэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга руу орсон. Гишүүд асуулт асууж, хариулт авч дуусаад зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр санал авч эхэлсэн. Нийт 137 саналын томъёолол байснаас 68 дээр нь ирээд хуралдаан завсарлалаа.

Маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх бөгөөд дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой байна.


18.10 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Одоо зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр санал хурааж байгаа бөгөөд зарим гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж байна.

Энэ үеэрх УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр сууриудыг үргэлжлүүлэн хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Намайг л ярихаар хачин, хачин юм болоод байх юм. Гэмт хэрэгтэн байсан, байх хүмүүс их эсэргүүцэж байх шиг байна. Энэ хэлэлцүүлэг дээр Б.Энхбаяр, Ж.Сүхбаатараас бусад нь сүргийн сэтгэлгээгээр яваад байна. Одоо энэ Шүүхийн тухай хууль батлагдчихаар ШЕЗ шинэчлэгдэнэ, Сахилгын хороо гэж шинээр байгуулагдана. Үүнийгээ дагаад Дээд шүүхийн шүүгчдийг суулгаж, УИХ нээлттэй сонсгол хийх ёстой гэж бодож байна. Дагаж мөрдөх журмаараа ч юм уу үүнийг оруулах ёстой. Ингэж сонсож явахгүй бол хонгил нь хэвээрээ үлдэнэ, шударга ёс тогтохгүй. Ярьж буйгаараа Дээд шүүгчдийн ажиллах насыг нь уртасгаж, тэтгэврийг нь өндөр тогтоох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

“Ганц хоёр асуудал байна. Бид нар үндсэн хуулийг эрх тэгш хэрэгжүүлэх, шударга нийгэм байгуулах гэж л шүүхийн шинэчлэл хийж байгаа шүү дээ. Гэтэл Эхийн алдар одонгоос өөр медаль гардуулж болохгүй гээд заачихсан байна. Тэгснээ 52.31-т нь хүнийг гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлаж болохгүй гэчихсэн. Тэгэхээр шүүгч гэдэг чинь хүн биш юм уу. Төрийн дээд одон медаль гэж байгаа бол монгол улсын иргэн мөн л бол эрхээ эдэлж авах ёстой. Тэгэхээр энэ заалтуудыг хасъя гэсэн саналтай байна.

Тайлбар: Засгийн газраас өргөн мэдүүлсэн анхны хуулийн төсөлд ийм заалт байсан бөгөөд шинэчилсэн найруулгаар хасагдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хариу тайлбар болгов.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Одоо Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэлгүй Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьсон явдал байна. Маш тодорхой заалтыг зөрччихсөн байгаа юм, Ж.Эрдэнэбат гишүүний хувьд. Сүүлдээ олон улсын парламентын хориг хүртэл яригдаж байна. Ингэж алдаа гаргасан, зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн шүүгчдийг огцруулах хүртэл арга хэмжээ авдгийг энэ 60.1 дээр оруулж ирэх хэрэгтэй. Ингэж байж хариуцлагажих байх гэж бодож байна. Манай ажлын хэсгийнхэн, Б.Энхбаяр гишүүн, та бүхэн анхаараарай. Энэ манай шүүхийн нэр хүндийг улам өргөх заалт болж өгнө шүү.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Энэ 60.1 дэх заалтын сахилгын шийтгэлүүд хоорондоо асар их зөрүүтэй мэт санагдах юм. Түдгэлзүүлээд сургалтад суухыг даалгах гэхээр аль нь сахилгын шийтгэл юм бэ. Сахилгын шийтгэлүүд хоорондоо зөрж байна. Гурван сараар түдгэлзүүлээд сургалтад суухыг даалгах эсвэл огцруулах гэсэн байна. Энэ хоёр хоорондоо асар том зарчмын зөрүүтэй шийтгэлүүд шүү дээ. Тус, тусдаа байхгүй бол “эсвэл” гээд ороод ирэхээр маш ялгаатай шийтгэлүүд л явах нь дээ.


15.40 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй. Тус хуулийн төслийг мягмар гаргийн ХЗБХ-ны хуралдаанаар 17 цагийн турш тасралтгүй хэлэлцсэн. УИХ-ын чуулганаар ч мөн олон асуудлын хүрээнд хэлэлцэх тул завсарлага авалгүй хуралдаж байна.

Дөнгөж сая гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч дууслаа. Одоо зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрд санал хураах юм. 137 санал байна.


14.10 ЦАГ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.

Х.Ганхуяг:

“Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Шүүх тогтолцоо хэр шударга байна тэр чинээгээр улс орон, ард иргэдийн амьдрал дээшилнэ. Манай шүүх хараат бус байдлаа алдчихсан, бүх шийдвэр дээрээс өгөгддөг гэдгийг статистик харуулдаг.

Үүнд зөвхөн хариуцлагаас гадна санхүүгийн арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй болов уу. Санхүүгийн хараат бус байдлыг нь хэрхэн хангаж байгаа вэ.

Дөнгөж сая Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцлээ, хөөн хэлэлцэх хугацааг ярилцлаа. Хөөн хэлэлцэх хугацаа тооцож болохгүй гэдэг дээр санал нэгдлээ. Гэтэл энэ Шүүхийн тухай хуульд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил өнгөрсөн бол шүүгчид шийтгэл оногдуулахгүй гээд заачхаж. Энд дахиад л хөөн хэлэлцэх хугацаа заасан байна”

Б.Энхбаяр:

“Хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жил гэдгээр анхны төсөл орж ирсэн. Ажлын хэсэг дээр таван жил болгож нэмсэн. Сахилгын хэрэг үүссэн бол хөөн хэлэлцэх хугацааг нь таван жил гэхгүй, бүр зогсоож байгаа. Ийм хоёр санал дэвшүүлсэн байгаа.

Эдийн засгийн хараат бус байдлыг шийдэх шаардлага бий. Хөрөнгө оруулалт ноль болчихсон. Гоё тавилга тавих гээд байгаа асуудал биш. Иргэд шүүхээр тухтай, шударга үйлчлүүлэх асуудал юм. Ялангуяа байр сууцтай нь холбоотой асуудлыг тавхан жилийн дотор шийдэх юм билээ, их хөрөнгө ч орохгүй. Цалин маш бага, хүн ирж ажиллахгүй. Эдийн засгийн асуудал дээр үнэхээр анхаармаар болчихсон юм билээ”.


14.40 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, Б.Энхбаяр гишүүн хариуллаа.

Т.Доржханд:

“Манай улсын эдийн засаг агшсаар байгаа. Гэтэл эдийн засгийг тэлдэг зүйл бол хөрөнгө оруулалт. Манайд шүүх хараат байдаг учраас гадаадын хөрөнгө оруулагчид шоронд ордог, айдаг. Тэгэхээр энэ хуулийг дэмжиж байна.

Өмнөх ерөнхийлөгч шударга бусын хонгил үүсгэсэнд би итгэдэг, одоогийн ерөнхийлөг бүр цементэлж байгаа гэдэгт ч итгэдэг. Тэгэхээр дэмжинэ.

Үндсэн хуулийн цэц бол шүүхийн шүүх юм гэж хэллээ. Энэ үнэн. Гэвч энэ байгууллага нь өөрөө улс төрөөс хамааралгүй болох асуудлыг ярих уу.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд хандана. Ингэхээр Цэцэд нөлөөлөл байна уу, үгүй юу гэдэг нь харагдана”

Б.Энхбаяр:

“Хуулиар олон сайхан зүйлийг хийж чадна, хийхийг хүсэж байгаа. Эрх зүйн хувьсгал гэж УИХ-ын дарга хэлээд байгаа шүү дээ. Энэ дотор Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомж ч багтах ёстой.

Энэ удаагийн хуулийг хийхдээ ажлын хэсэг яг ямар үндэслэлээр Цэц шийдвэрээ гаргаж байсан бэ гэдгийг судалсан. Асуудал их юм билээ. Энэ хуулийн үргэлжлэл болж Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомж ч шинэчлэгдэх байх аа”.


12.58 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ш.Адьшаа гишүүн дараах асуултыг асуулаа.

“Энэ хуулийг ХЗБХ маш шуурхай сууж баталсан. Тэгэх шаардлага байсан байх, үгүйсгэхгүй. Гэхдээ Үндсэн хуулийн дараа орох энэ чухал хуулийг хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт авахгүйгээр яаран сандран баталлаа. Энэ ямар учиртай юм бэ.

Дээр нь Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 80 хувь нь үзэл баримтлалын хувьд өөрчлөгдсөн. Х.Нямбаатар сайдын бичсэн агуулга сайн байсан. Б.Энхбаяр өөрийнхөөрөө олон заалтыг хүчээр батлуулсан шүү. Энэ тал дээр тайлбар сонсъё”

Хариуд нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Ш.Адьшаа гишүүн өөрөө хэлэлцүүлэгт их цөөхөн ирсэн л дээ. Хэлэлцээд байгаа шүү дээ, уг нь. Өөрөө ажлын хэсгийн гишүүн байдаг. Хар хүний өмнөөс шар хүн гэж. Хэнд эрх мэдэл байна, түүн дор хилэнц бий гэж А.Шопенхауэрийн үг байдаг. Төвлөрсөн эрх мэдлийг задалъя гэхээр бачимдаад. Өөрөө одоо байгаагаар нь л байлгах гээд байх шиг. Одоо байгаа нь болохгүй байгаа болохоор л өөрчлөх гээд байгаа шд. Эсвэл ЕТГ-ын даргын ажлаа хийх хэрэгтэй” гэлээ.


12.47 ЦАГ

УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын Ж.Ганбаатар дараах асуултуудыг асуулаа.

“Энэ хуулиар шүүгч нарт хөндлөнгийн нөлөө орохоос ШЕЗ хамгаална гэж ойлгож байгаа. Яаж хамгаалах вэ гэдэг заалтыг нь олж уншихгүй юм. Ялангуяа улс төр, бизнесийн бүлэглэлээс ШЕЗ яаж хамгаалахыг заалтаар нь хэлж өгөөч.

Хоёрт, Шүүхийн тухай хуулийн 58-р зүйл дээр, Л.Энх-Амгалан гишүүний хэлснээр шүүгч шүүгчдээ нөлөөлдөг асуудал явж байгаа юм биш үү. Үүнийг яаж харж байгаа юм бэ.

Шүүгчийн сонгон шалгаруулах асуудлаар ямар ахиц дэвшил гарсан бэ. Өмнө хуульд яаж заасан байдаг юм бэ.

Асуултад дараах хариултууд ирэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

“Энэ хараат бус байдлын асуудал олон жил яригдсан. Ийм шүүмжлэл нийгэм даяар хавтгайрсан. Үүнтэй холбоотой маш том зохицуулалтыг ажлын хэсэг, Засгийн газар оруулж ирж байгаа. Үндсэн хуулийн 49.1-т шүүгч гагцхүү хуульд захирагдана гэдэг, энэ хэрэгжиж байгаагүй. Одоо хэрэгжиж эхэлнэ.

Шүүгчид өлөөлөх гэж оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулна. Маш тодорхой хоёр зүйлээр бүрдүүлж өгсөн. Зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэхээс илүү олон нийт, нийгэм ч мөн шүүгчид нөлөөлдөг. Үүнийг тусгаж өгсөн”

Ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт:

“2013 оны хуульд нөлөөллийн мэдүүлэг гэж зохицуулалт орсон байдаг. Өөрөөр хэлбэл шүүгчид нөлөөлөх юм бол асуудлыг ил гаргаж тавьдаг, ШЕЗ араас нь яваад хариуцлагыг нь хүлээлгэдэг заалт. Гэвч энэ олигтой үр дагавар гаргаж чадаагүй. Иймд Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг ажиллаад бүр энэ заалтыг бүр тодорхой болгосон. Ер нь заргаа алдсан тал гомддог, нөлөөлөхийг оролддог, энэ ер хүний натур байх. Хэрэв ийм асуудал гарвал ШЕЗ үүргээ хэрэгжүүлж, зохих бүх шүүхүүдэд нь хандах, явах арга замыг 75-р зүйл дээр дурдаж өгсөн”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Ж.Ганбаатар дарга нарийн ньюансыг анзаарсан байна. Шүүхийн тухай хуулийн 58-р заалтыг ярьж байна. Энэ шууд шүүгчид шүүгчдээ хараат болгодог практик явж байгаа.  Ажлын хэсэг энэ заалтыг бүхэлд нь хасах санал оруулж байгаа. Тийм юм байлгахгүй.

Саналын томъёоллын 26-р зүйлээр цоо шинэ концепц оруулж ирж байгаа. ШЕЗ шууд Цэцэд гомдол гаргах боломжийг бий болгосон. Сумын ИТХ хуралдаан Улсын дээд шүүхийг хүчингүй болгосон удаа байдаг шүү дээ /гишүүд инээлдэв/. Энэ асуудлыг болиулна”.


12.19 ЦАГ

“1 МИНУТ ӨГӨХГҮЙ: Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлэг ХОРЖООНТОЙ, ТОЛХИЛЦООНТОЙ эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ.

Спикер Г.Занданшатар “Үүнийг угаас маш урт хэлэлцэнэ. Тэгэхээр эхэнд нь энэ долоо хоногт төрсөн гишүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээснээр хэлэлцүүлэг эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг уншиж танилцуулснаар хэлэлцүүлэг хоржоонтой, толхилцоонтой үргэлжилж байна.

Юу гэвэл, Г.Занданшатар гишүүдийн асуулт асуух хугацааг 2 биш 3 минутаар тавья гэдэг санал гаргав. Өөрөөр хэлбэл нэмж өгдөг 1 минутыг нэг мөсөн тооцъё гэсэн юм.

Гэтэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “2 минутаараа явмаар байна” гэж чуулганы дэг зөрчиж бухимдав. Хариуд нь Г.Занданшатар дарга хэгжүүрхэж, “Д.Ганбат дарга намынхаа гишүүдийн үг хэлэх эрхийг боож байна. За яах вэ, 2 минутаар явъя” хэмээв.

Ингээд МАН-ын гишүүд үг хэлэхдээ “3 минутаар тавиарай, дарга аа” гэдэг үгээр эхэлдэг жишиг тогтчихов. Д.Энх-Амгалан гишүүн “Дарга аа, 3 минутаар тавьчих” гэсэн бол М.Оюунчимэг гишүүний үг 2 минутаар таслагдан “1 минутаа авъя, дарга аа” гэж гараа өргөлөө.

Харин Г.Занданшатар хөдөлсөнгүй. “2 минутаар явна гэсэн, боломжгүй” гээд хэнд ч 1 минут нэмж өгөхгүй байна.

Хуулийн төсөл дээрх хоёр талын эрх ашиг, толхилцоон ингэж илэрсээр хэлэлцүүлэг үргэлжилж байна.


12.00 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая Үндсэн хуулийн цэцийн 12-р тогтоолыг хэлэлцэж дууслаа. Үүгээр уг дүгнэлттэй санал нийлэхгүй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Улмаар парламент тус 12-р тогтоолыг хүлээж авсангүй.

Үргэлжлүүлээд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уншиж танилцуулав.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мягмар гаргийн Хууль зүйн байнгын хороо 18 цагийн турш тасралтгүй хэлэлцэж, рекорд тогтоосон.

Ингээд хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль зүйн байнгын хорооны гишүүд сайн ажиллаж, нэлээд шүүсийг нь шахсан. Өнөөдөр ч бид нэлээн ажил хэрэгч хуралдана, удаан хэлэлцэнэ. Тэгэхээр эхлээд энэ долоо хоногт төрсөн өдөр нь тохион буй гишүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэлээ.

Нэгдүгээр сарын 2-нд Н.Учрал

Нэгдүгээр сарын 6-нд Н.Энхболд

Нэгдүгээр сарын 9-нд Г.Дамдинням

Нэгдүгээр сарын 10-нд Г.Тэмүүлэн нар төржээ.


11.54 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая Үндсэн хуулийн цэцийн 12-р тогтоолыг хэлэлцэж дууслаа. Үүгээр уг дүгнэлттэй санал нийлэхгүй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Улмаар парламент тус 12-р тогтоолыг хүлээж авсангүй.

Үргэлжлүүлээд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уншиж танилцуулав. Одоо холбогдох ажлын хэсгийн гишүүдийг танилцуулж байна.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мягмар гаргийн Хууль зүйн байнгын хороо 18 цагийн турш тасралтгүй хэлэлцэж, рекорд тогтоосон.


11.45 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх тухай хуулийн төслийг үндсэн хуулт зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлт гарсан. Харин үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авахгүй гэдэг дээр санал нэгдсэн юм.

Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхоор Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжлээ.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлтийг Улсын их хурал хүлээж авсангүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


11.33 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар тогтоолыг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

“Би Цэцийн шийдвэрийг дэмжинэ, энэ нь авилгачдыг дэмжинэ гэсэн үг  биш. Өмнөх парламент хөөн хэлэлцэх хугацаа тооцдог болгож, олон гэмт хэрэгтнүүдэд ял завших боломжийг олгосон. Олон нийт эсэргүүцсэний дараа үүнийгээ засах гэж нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон. Хууль, хүний эрхийн хамгийн суурь зарчмуудыг зөрчсөн.

Ийм учраас яах ч аргагүй Цэц ийм дүгнэлт гаргалаа. Гэхдээ бусад орны парламент бол үүнийг мөрдөн шалгах байх. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх ёстой нь зөв. Ингэвэл энэ парламент үнэхээр авлигатай тэмцье гэж байна гэж ойлгогдоно. Гэтэл манай УИХ-ын гишүүд нөгөө хулгайчдадаа хуулийн хулгай хийж, боломж олгож байна.

Ер нь хуулийг ашиглаж хулгай хийсэн этгээдийг шийтгэдэг байх хэрэгтэй юм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

“Авлига, албан тушаалын хэрэг удаан шалгагддаг. Цэцийн энэ дүгнэлтээр бол АТГ дээр байгаа хэргүүдийн 90 хувь нь байхгүй болно. 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэл хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй хэрэгтэн бидний дунд ял завшиж гарсан. Энэ гэмт хэргүүдийн үр дүнд 3.8 их наяд төгрөг төрд болон иргэдэд учирсан. Ийм будлиантай зүйлийг хийсэн.

Цэцийн шийдвэр гардгаараа гарна. Харин ийм шийдвэр гаргалаа гэж ардаас нь гоншгонохгүй шүү. Х.Нямбаатар үүнийг санаатай хийсэн. Баяр хүргэе, авлигачин коммунистуудаа ялаас чөлөөллөө, Монголын төр” гэлээ.


10.32 ЦАГ

Өнөөдөр /2020.01.07/ УИХ-ын чуулган 10.00 цагаас хуралдаж эхэлсэн. Хамгийн эхэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Үүгээр Д.Оюун-Эрдэнийг Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжин томилсон.

Үргэлжлүүлээд Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Одоо гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


ЭХЛЭЛ: 09.30 ЦАГ

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Пүрэв, баасан гаргийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна:

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button