Ярилцлага

Г.Жамьян: Гэрийн утас руу залгаад “Чи ганц сумны үнэтэй шүү” гэж заналхийлдэг

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Галсангийн Жамьянтай ярилцлаа.

НОТЛОХ БАРИМТАА ШҮҮХЭД ГАРГАХГҮЙ, ХЭВЛЭЛИЙНХЭНД ГАРГАНА

-Сэтгүүлчид бидэнд тулгамддаг том асуудал нь “Юу ч бичсэн заавал аль нэг талын хүн эсвэл бууны нохой болж харагдах, хардагдах”. Та сая Ерөнхийлөгчид хандсан захидал бичлээ. Үүний дараа таныг МАН-ын хатгаас хийлээ гэж олон хүн хардаж байна. Тэд яагаад ингэж ярих болсон гэж та бодож байна? Танд үнэхээр хүний даалгавраар бичсэн тохиол бий юу?  

-Би ямар ч нам эвсэл, холбоо, хувь хүнийг хамгаалж бичдэггүй. Ямар нэгэн захиалгаар бичдэггүй. Зөвхөн үнэнд захирагдаж л бичдэг. Ерөнхийлөгчид бичсэн захидлыг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Хамгийн гол нь миний бодол санааг хүмүүс битгий мушгиж, туйлшраасай гэж хүсэж байна. Би МАН-д 50,60 жил явлаа. Гэлээ ч би энэ намдаа үргэлж л шүүмжлэлтэй хандаж ирсэн. “Энэ миний нам” гэж өмгөөлж хамгаалж бичиж байсан нь үгүй. Зөвийг хийвэл зөвийг, буруу хийвэл бурууг нь л бичиж байдаг. Үүнийг минь олон түмэн мэдэх байх.

Хоёрдугаарт, би ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгмийг эхнээс нь хоёр гараа өргөж дэмжсэн хүн. Учир нь 10 жил 6 сар арга хэмжээ авахуулж, хүнд хүчир хөдөлмөрт зүтгэж байхад намайг аварсан зүйл бол ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгэм. Тугийг нь барьж яваагүй ч тугалыг нь хариулж явсан юмаа. Гэтэл одоо ардчилсан нийгэм хэвээрээ хэдий ч ардчиллыг гуйвуулж, буруу замаар хөтлөөд байгаа мафийн хүмүүс байна. Үүнийг би шүүмжлэхээс ч яах билээ. Тэр мафийн толгойлогчид МАН-д маань ч бий. Ийм учраас энэ хоёр намын дунд би туйлшралгүй, зөвийг хэлж, бурууг нь шүүмжлээд яваа. Үүний нэг тусгал нь ардчилсан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгадаа хандаж бичсэн захидал. Захидал бичихээс өөр аргагүй болсон. Би сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийгээ тодорхой бичсэн.

Би гудамжны архичинг ч, төрийн өндөрлөг Ерөнхийлөгчөө ч шүүмжилнэ. Энэ бол миний зарчим. Би чинь “Буруу зүйл хийвэл бурхныг ч шүүмжилнэ” гэсэн тангарагтай сэтгүүлч хүн. Тиймээс туйлширсан зүйлгүй.

-Ерөнхийлөгч танд бичсэн хариу захидалдаа “Баримтгүй юм их бичиж дээ” гэсэн. Харин танд баримтууд нь байгаа гэсэн шүү дээ. Тэр баримтуудаа шууд дэлгээгүйн учир юу юм бэ?

-Надад асар их баримт бий. Түүнийг захианд багтааж боломгүй. Тухайлбал, нэг баримт гэхэд л 11 хуудас. Би үүн дээрээ нэмээд баримтууд цуглуулж байна. Дутуу дулимаг байсныг жигдэлж, цуглуулж гүйцээлээ. Ерөнхийлөгчийнхөө санал болгоод, хүсээд байгаа 10 баримтыг бэлэн болгоно. Гэхдээ нотлох баримтыг би шүүхэд гаргахгүй. Шүүх угаас өнөөгийн нөхцөлд Ерөнхийлөгчийн шүүх. Тиймээс шүүх, прокурорт нотлох баримтыг минь нягтлаад өгөөч гэж бариад гүйхгүй, хэзээ ч очихгүй. Харин нотлох баримтаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэж тавина. Эхнийх нь бэлэн болчихсон. “НОТЛОХ БАРИМТ 1” гэх эхний баримтуудаа ирэх долоо хоногоос эхлэн хэвлэлд тавина. Ганцхан хэвлэлд тавихгүй олон хэвлэлд тавина.

Би чинь ерөнхийлөгчийгөө “Таны хамгийн дотно, баруун гарын чинь хүн алуурчин шүү”, “Хамгийн том хулгайч гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таныг хэлсэн шүү” гээд биччихсэн хүн шүү дээ. Энэ бүх баримтуудаа би цэгцэлж байна. Үүнд манай ерөнхийлөгч няцаалт өгөөгүй болохоор зөвшөөрч байгаа юм болов уу гэж бодож байгаа.

Миний бичсэн зүйлд Ерөнхийлөгч маргааш нь хариу өглөө. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тэр айхтар хурц дайралтад ямар нэгэн хариу өгөөгүй, няцаалт өгөөгүй болохоор “За манай Ерөнхийлөгч хуучин ерөнхийлөгчийнхөө бичсэн, хэлснийг зөвшөөрч байгаа юм болов уу” гэж ойлгоод байгаа шүү.

-Таныг баримтгүй хэлсэн бүхний тань төлөө шүүхэд дуудна гэсэн. Та бэлэн үү?

-Намайг шүүхэд дуудах л байх. Тиймээс ч би өмгөөлөгчөө авч, намайг төлөөлөх хуулийн төлөөлөгчөө авсан. Хуульчид ирж “Танд юугаар туслах вэ” гэж асууж ч байна. Нэгдүгээрт, би өдий насалчихлаа. Хоёрдугаарт, би хууль шүүхийн байгууллагыг 60 жил сурвалжилсны хувьд энэ салбарынхны ахмад үеийг сайн танина. Миний үерхэж явсан, хойно өмнө нь гүйж сурвалжилж явсан улсын хүүхдүүд нь өнөөдөр энэ хууль шүүхийн байгууллагын удирдлагад бий. Тиймээс ч би ахмад үеийнхэн, тэдний үр хүүхдүүдэд хандах ёстой болж байна. Надад түших, тулах, зөв санаа өгөх улс хуулийн байгууллагад байгаа. Зөвхөн шүүх, прокурорын хэдхэн хүн л Ерөнхийлөгчийг маань барьцаалчихаад суугаад байгаа биш цаанаа нь өдий төдий шударга хуульчид бий шүү дээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМАНД БОЛСОН АЛЛАГА ЗАХИАЛГАТАЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ

-Та захидал дотроо хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн байсан. Зам тээврийн яаманд болсон хэргийг цөөхөн хэдэн хүний хооронд болсон явдал мэтээр ойлгож явсан хүмүүст, манай салбарынханд ч шинэ сэдэл өглөө. Та энэ мэт ноцтой мэдээллүүдийнхээ баримтын зах зухаас нь дуулгаж болох уу?

-Зам тээврийн яаманд “том” аллага болсон. Үүнийг зүгээр л архи уусан хэдэн хүний зодоон гэж харж болохгүй. Олон түмэнд ингэж ойлгуулах гэж их хүч түүний ард ажиллаа. Энэ бол захиалгат аллага, зохион байгуулалттай аллага. Ганцхан сэжим хэлье.

2017 онд Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн яамны сайдаар очсон. Тун удалгүй Б.Махбалыг дэргэдээ авчирсан. Яагаад, хэний даалгавраар, ямар хэрэг амжуулахаар түүнийг дэргэдээ авч ирж, төрийн захиргааны удирдлагын даргын үүрэг гүйцэтгэгчээр авч ирэв. Энэ албан тушаал бол бүх зүйлийг мэдэж, атгаж, халаа солио, хэнийг дэвшүүлэх вэ, үгүй вэ гэдгийг мэдэж, харж байдаг хүн. Тийм орон тоон дээр Б.Махбалыг яах гэж авч ирэв гэдгээс шалгаж эхлэх ёстой. Б.Махбал бол зүгээр л сайхан “цэвэр” хүн биш шүү дээ. Нэгдүгээрт, тэр хүн Ерөнхийлөгчийн баруун гарын найз гэдэг нь хэнд ч ойлгогдохоор. Хоёрдугаарт, өмнө нь хүнийг босохгүй болтол нь зодож байсан, бараг алах дөхсөн хүн. Энэ бүх баримт надад бий. Хэд хэдэн удаа ноцтой хэрэг хийсэн хүн шүү. Ингээд арга хэмжээ авахгүй байж байхад нь Ж.Бат-Эрдэнэ хөтөлж ирээд, тийм том дарга болгоод, архидалтын будлиан мэт болгож хөөрхий залууг алсан явдалд маш их учир шалтгаан бий. Үүнийг хуулийн байгууллага шалгалгүй дарчихсан юм. Зөвхөн л Б.Махбалыг барьж аваад, шийдэж өгөхгүй, хэчнээн ч удаа шүүх, прокурор хооронд шилжүүлэв. Хүн алсан гэдэг нь гэрчтэйгээ, ил цагаан байгаа хэргийг шийдэхгүй байгаа нь цаг хугацаа хожиж, мартагнуулж, энэ хэргийг дарж авъя гэсэн л бодол. Өөр ямар ч бодол байхгүй. Харамсалтай нь талийгаач залуугийн аав нь бузар аллагаас болж сэтгэлийн хүнд дарамтад орж нас барлаа. Энэ чинь нэг хүнийг бус хоёр хүнийг алсан хэрэг болж байгаа юм. Энэ мэт нотлох баримт гэж юуг хэлдэг вэ, түүнийг би гаргаж тавина.

-Та талийгаачийн эхнэрийн талаар таагүй мэдээлэл бичсэн байсан. Үнэхээр ч хэвлэл мэдээллийн байгууллагууд ярилцлага авах тухай хүсэлт тавихаар өгдөггүй, зугтаад ч байх шиг санагддаг шүү. Танд жилийн өмнө ярилцлага өгчихөөд гаргуулахгүй өдийг хүрсэн гэсэн. Тэр ярилцлагад тийм ноцтой зүйл ярьсан байдаг уу? Ямар утгатай ярилцлага байдаг юм бол?

-Тэр ярилцлагыг би бүрэн эхээр нь цахим сүлжээнд тавина. Би тэрийг зөв, үүнийг буруу гэхгүй. У.Өнөрцэцэгийн ч зөв байж болно, миний ч зөв байж болно, цаад холбогдох улсын ч зөв байж болно. Би ямар нэгэн дүгнэлт хийлгүй тэр ярилцлагыг гаргана. Хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгог. Надад жилийн өмнө өгсөн шүү дээ.

-Хоолойг нь бичиж авсан байдаг уу?

-Дэвтэр дээрээ бичиж авсан /дэвтрээ үзүүлэв. сурв/ Удвалын Өнөрцэцэг гээд утасныхаа дугаартайгаа бий. Манай сонинд хэвлэх гэж байхад нь тэр дор нь болиулчихсан байсан. Үүнээс хойш жилийн хугацаа өнгөрөхөд надтай ярьдаггүй, уулздаггүй. Харин өчигдөр билүү над руу ярьсан. “Чамайг ярих болов уу гэж би удаан хүлээсэн, ярилцлагыг чинь гаргая гэж их хүлээлээ. Би эхэлж очиж чамайг гуйгаагүй шүү. Чи “Жамьян гуайгаас өөр хүнд би ярилцлага өгөхгүй” гээд манайд хүрч ирсэн бичлэг энд байна. Хууль хяналтын байгууллага дээр та бид хоёр хоёулаа уулзах байх, тэр үед нүүр нүүрээ харж суугаад ярья, надад нотлох баримт байгаа, манайхан бүгд мэдэж байгаа” гэж хэлээд утсаа тасалсан.

-Та бүтэн жил яагаад гаргаагүй юм бэ?

-Нэг настай өвгөнөөр тоглосон болж байна уу. Өөрөө гүйж ирээд ярилцлага өгөөд, түүнийг нь би эвлүүлээд 10 хуудас болгоод, өдөр шөнөгүй сууж бичээд, өөрт нь нэг уншуулчихъя даа гэтэл таг чиг болсон. Би нэгэнтээ сурвалжлаад авсан бол хүнд нь уншуулдаггүй, тэр чигт нь л гаргадаг. Харин би тэр хүнийг хүндэтгэсэн. Эмэгтэй хүн, ханиа алдсан, дөрвөн хүүхдийн ээж, хүнд байдалд байгааг нь хүндэтгэж үзэн, өөрт нь уншуулъя гэсэн юм. Гэтэл таг, бүтэн жил дарлаа. Яагаад дугарахгүй байгааг мэдэхгүй.

ТОМООХОН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗАРЛАЖ НОТЛОХ БАРИМТУУДАА ДЭЛГЭНЭ

-Улсын тэргүүн, Ерөнхийлөгчийн бичсэн захидлын ерөнхий төрх, аашыг харахад хэр ханатай, нуруутай хариу бичсэн гэж та бодож байна?

-Ерөнхийлөгч маань намайг эрээчсэн, сараачсан гээд л элдвээр л хэлсэн байна билээ. Яахав ээ, би ч ерөнхийлөгчдөө ард түмнээ төлөөлж “Хууль шүүхийн ялзарсан нөхдийг зайлуулаад өгөөч” гэж нэлээд бухимдалтай, хатуу үгээр бичсэн байх. Би үүнийгээ ойлгож байгаа. Ерөнхийлөгч ч ийм шүүмж, ил цагаан хэлсэн захидлыг өмнө авч байгаагүй байх. Тиймээс ч нэлээд бухимдалтай хандаж, янз бүрээр бичсэн байсан. Гэвч би үүнд юм бодохгүй. Тэр байтугай л хэлүүлж, доромжлуулж, үйлээ үзэж явсан сэтгүүлч шүү дээ. Хуучин тогтолцооны үед гурван удаа арга хэмжээ авахдаа дандаа хилс, дандаа худал юм тулгаж намайг зовоож байв. Прокурор шударга хүн байсан тул эрүү үүсгэх шаардлагагүй гэж үзэн, буцааж, МАН өөрийнхөө дотооддоо арга хэмжээ авч 10 жил 6 сар ямар хүнд нөхцөлд ажиллуулав даа. Г.Золжаргал сэтгүүлчийн хийсэн “Үнэний эрэлд” гэж кино бий. Миний амьдралыг, яаж ядарч явсныг минь харуулсан их сайн кино болсон. Жамьян гуай яаж үнэнийг хэлж явж байв, яаж цагаадсан бэ гэдгийг тэр кино тодорхой харуулна.

Би ерөнхийлөгчдөө юм санахгүй, ерөнхийлөгч намайг яаж ч муухайгаар хэлж, алгадаад авсан ч би уурлахгүй хүн шүү дээ. Тэр бол миний “эцэг”, Монголын ард түмний “эцэг” хүн шүү дээ, өнөөдрийн түвшинд. Бид хоёр бие биенээ танихгүй. Нэг удаа уулзсан, надтай нэлээд хүйтэн байдлаар гар барьсан, түүнээс хойш огт уулзалдаагүй, өш хонзон байхгүй л улс. Сэтгүүлч хүн нийгмээ төлөөлж, нийгмийнхээ урд алхаж явах ёстой учир нийгмийнхээ захиалгаар л захидал өргөн барилаа.

-Захидлын төгсгөлд та нэлээд шийдэмгий, айдасгүй, зоригтой үгс хэлсэн байсан. Бүр иймдээ тулсан гэж үү?

-Өнөөдрийн Монголд мафи, МАНАН дэглэмийн үндэс суурь хэвээр бий. Тэр нь шүүх, прокурор хуулийн байгууллагуудад бий. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс ч би хатуу төгсгөсөн. Учир нь намайг үргэлж л дарамталдаг. Гэрийн утас авахаар л “Жамьян, чамайг ална шүү”, “Чи ганц сумны үнэтэй шүү”, “Чи миний машины дугуй нөхөөс” шүү гэж загнана. Зөвхөн утсаар загнаад зогсохгүй, янз бүрийн хүн явуулна. Надад тариа хийсэн ч хүн бий. Өнгөрсөн жил сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн “Хүрч ир” гэж хэчнээн ч удаан дарамтлав. Энэ тухайгаа би сониндоо /Өдрийн сонин. сурв/ бичсэн. Өчигдөр /2019.06.25/ ярилцлага өгсний дараа буюу урд шөнө орондоо ороод хэвтэж байтал эмэгтэй хүн “Та гараад ир” гэж утасдаж байна. “Би орондоо орчихоод байна, яривал маргааш ирээд ярь” гэсэн. Над руу “Би Оюунаа байна, ээж бид хоёр явж байна, ээж тантай нэг уулзмаар байна гээд байх юм, та гараад ир” гэсэн. Би утасных нь дугаарыг энд бичээд авсан байгаа. Энэ мэт заналхийлэл үргэлж л ирдэг. Би ч дуусчихна, хэн нэгний гарт амь үрэгдэх байх. Хамгийн гол нь манайхныг ч мөн заналхийлдэг тал бий тул тэр хатуу үгийг бичиж төгсгөсөн. Миний ганц айж явдаг зүйл нь намайг устгаж байгаа нь энэ гээд миний явж буй тээврийн хэрэгслийг устгах вий,  Жамьян энэ орцонд байгаа гээд орцыг минь даяар нь устгах вий гэхээс айдаг. Би ийм зүйлээс айдаг, харин өөрийнхөө утсан чинээ амиа алдахаас айдаг хүн биш, манайхан ч тэр. Тэртэй тэргүй энэ хорвоо нэг л ирж, нэг л буцдаг жамтай хүний ертөнц. Би ирдэг жамаараа ирсэн, явдаг жамаараа явна гэж бичсэний учир энэ байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе.

-Сэтгүүлч нөхөд минь над руу их хандаж байна. Би сэтгүүлчдийнхээ асуусан асуулт, хүссэн зүйлд ямар ч нөхцөлд хариулт өгөхөд бэлэн. Сэтгүүлч нөхдөдөө хандаж “Та нар томоохон хэвлэлийн хурал зохион байгуулаад өгөөрэй, би хоёр захидал, өчигдрийн гарсан материал зэргийг бүгдийг нь нэгтгээд тарааж өгнө, сэтгүүлчид үзэг. Хоёрдугаарт, Монголд бугшаад байгаа МАНАН мафийн сүүлчийн голомтыг устгахын төлөө сэтгүүлчид юу хиймээр байна гэдгийг ахмад сэтгүүлчийн хувьд ярина. Надаас асуусан асуултад бүгдэд нь хариулна” гэж захисан. Ирэх долоо хоногийн эхээр хэвлэлийн хурлаа хийгээрэй гэж нөхөд минь хэлсэн ч өмгөөлөгч, хуульчидтайгаа зөвлөж байгаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button