ТОДРУУЛГА: “Эрдэнэт”-ийн хайлуулах заводод аюултай байж болзошгүй төмрийн хаягдал ирснийг тусгаарлажээ
Өчигдөр /2021.03.02/ оройн 21.00 цагийн орчимд ачаа тээврийн вагоноор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шумбагч онгоцны сум байж болзошгүй төмөрлөг биет хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн.
Энэ тухайд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэвлэлийн албанаас тодруулахад “Ийм мэдээлэл ирээгүй. Хэрэв үнэхээр шумбагч онгоцны сум тээвэрлэгдэж ирсэн бол цагдаагийн түвшинд шалгагдах ёстой” гэх хариу өгсөн юм.
Харин цагдаагийн байгууллагын эх сурвалж энэ тухай дуудлага бүртгэгдээгүй гэлээ.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэвлэлийн албанаас аюултай байж болзошгүй төмрийн хог хаягдал тус үйлдвэрийн хайлуулах заводод ирсэн нь үнэн гэж мэдээлэв. Харин шумбагч онгоцны сум байсан гэдэг мэдээллийг баталгаагүй хэмээн онцоллоо.
Тодруулбал, “Манай үйлдвэр цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй. Холбогдох заводдоо төмрийн хог хаягдлуудыг хайлуулж, бүтээгдэхүүнээ хийдэг. Харин өчигдөр вагоноор буусан хайлуулах төмрийн хог хаягдлууд хүргэгдэж ирэхэд дунд нь аюултай байж болзошгүй биет багтсан юм байна. Үүнийг манай гамшгаас хамгаалах алба илрүүлж, тусгаарлан аюулгүй болгосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шумбагч онгоцны сум байсан гэдэг мэдээлэлд байр суурь илэрхийлэх боломжгүй байна, худлаа байх магадлалтай” гэсэн тайлбар өгсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.