НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Сүүлийн гурван жил хотонд нь аргаль өвөлжиж буйг бэлгэшээн суугаа А.Энхнасттай ярилцлаа

-Аргалийн сүрэг ивээсний буянаар улсын сайн малчин боллоо гэж бэлгэшээж сууна-

Төв аймгийн харьяат, улсын аварга малчин Адилбишийн Энхнастын хотонд аргалийн сүрэг сүүлийн гурван жил өвөлжин, хаваржиж байна. Хүйтний эрч чангарах цагаар уулнаас бууж ирэн, шөнө хотонд хонож өвөлжчихөөд хавар төллөснийхөө дараа явчихдаг гэнэ. Ийм маягаар тэдний гадна гурван жил өвөлжин, тэр хавийн нутгийнхныг андахаа байсан юм билээ. Нутгийн малчдаас айж, зугтахаа больсон, өөр газраас хүмүүс очихоор ер ойртуулдаггүй, бараанаар нь хулждаг гэнэ.

Байгалийн сайхан амьтан хотонд нь сүүлийн гурван жил өвөлжин, хаваржиж буйд бэлгэшээн суугаа А.Энхнасттай ярилцлаа.

МАНАЙ НУТГИЙНХНААС ОГТ ҮРГЭЖ, ЗУГТДАГГҮЙ. БҮР ДАСЧИХСАН

-Сайхан хаваржиж байна уу, Та. Сүрэг мал тарган, сайн оров уу?

-Сайхан хаваржиж байна аа. Цас хайлан, доороос нь борог гараад өнтэй хавар болж байна. Манайх үхэр голдуу малтай. Үхэр ид тугаллаж байна. Бог хараахан төллөж эхлээгүй.

-Аргалийн сүрэг танай хотонд өвөлжин, одоо хаваржиж байгаа гэж дууллаа. Уулнаас намар бууж ирсэн юм уу?

-Тэгсэн. Энэ өвөл манай хотонд том, жижиг нийлсэн 16 аргаль өвөлжсөн. Одоо ч манай гадаа байна. Хавар болохоор бүдүүн туригууд нь салчихдаг юм билээ. Зургаан том нь тусдаа идээшилж байгаа. Шөнө болгон манай хотонд хонодог. Учиргүй гэрт ойртдоггүй. Хотны захад хэвтдэг.

Өглөө босохоос хотноос жаахан холддог. Нэлээд хэвтэж байгаад явдаг. Өдөрт гэрээс нэг их холддоггүй. Манай нутгийн малчдаас ер үргэдэггүй. Бид ч аль болох үргээж, айлгахгүй байхыг хичээдэг.

ЗӨВХӨН МАНАЙ ХОТОНД ХОНОДОГ

-Танай наа хавьд олон айлтай. Зөвхөн танай хотонд хонодог уу?

-Тэгдэг. Өөр айлуудын ойр хавиар явна уу гэхээс хотонд нь хонодоггүй. Өвс, ургамлын гарц багасаад ч тэр үү сүүлийн гурван жил манай хотонд өвөлжин, хаваржиж байгаа. Байгалийн сайхан амьтан, хонины өвөг эцэг манай хотонд сүүлийн хэдэн жил өвөлжин, хаваржиж буйд их бэлгэшээдэг.

-Айл айлаас танайхыг онцлон хонох, дасахад юу нөлөөлөв. Та хэд өвс тавьж өгдөг үү?

-Өвс ер тавьж өгдөггүй. Цасан доороос борог сайн гарсан, өнтэй хавар болж байгаа болохоор тэгэх шаардлагагүй. Хужир мараа тавьж өгдөг, үргээж, ойртдоггүй болохоор манайд арай ээнэгшүү байдаг юм шиг байна лээ. Малд тавьж өгсөн хужирнаас идчихдэг. Одоо бүр сурчихсан, дасчихсан. Хужир хаана тавьдгийг андахгүй. Өөрсдөө ирээд л долоочихдог юм. Үнэрч гэж айхтар амьтан юм билээ.

АНХ ДӨРӨВХӨН АРГАЛЬ МАНАЙ ХОТОНД ӨВӨЛЖИЖ БАЙЛАА

-Анх хэдэн аргаль байсан бэ?

-Эхний жил дөрөвхөн аргаль уулнаас бууж ирэн, манай хотонд өвөлжсөн юм. Одоо тоо нь өссөн үү, өөр газрын аргаль нийлсэн үү яасан 20 гаруй болчихоод байгаа юм.

-Та аргалиудаа хэр сайн таних вэ. Хооронд нь ялгадаг уу?

-Биеийнх нь том, жижиг, эврээр нь л жаахан ялгана. Ер нь ялгахад их төвөгтэй, адилхан амьтан. Хонио дөхүүлэхээр ер тоохгүй, нийлэхгүй. Цаашаа жаахан захлаад зогсчихдог.

АРВАННЭГДҮГЭЭР САРД УУЛ БУУЖ ИРДЭГ

-Намар хэдийд уулнаас буун, танай гадаа ирдэг вэ?

-Арваннэгдүгээр сарын орчимд уулнаас бууж ирдэг. Мэдээж шууд гэрийн гадаа ирэхгүй. Эхлээд уулын оройгоор үзэгдэнэ. Хүйтрэхийн аясаар уулнаас бага багаар буудаг. Тэгж тэгсээр гэрийн ойролцоо ирдэг юм. Хужир тавьж өгөхөөр холдохоо больчихдог.

-Анх сүргээрээ танай гадаа ирэхэд нь их сандарч, гайхсан уу?

-Ёстой тэгсэн. “Ямар сүрлэг, сайхан амьтан бэ” гэж дуу алдаж билээ. Манай нутаг аргаль ихтэй. Гэхдээ өмнө нь огт ингэж айлын гадаа хонож байгаагүй. Манай нутгийнхан айлгаж, үргээхгүй байхаар ийш, тийшээ явахгүй байгаа юм. Нутгийнхан маань бүгд аргалийн сүргийг хайрлаж, хамгаалдаг.

-Намар оройтонгуут “Аргаль хэзээ уулнаас бууж ирэх бол” гээд хүлээдэг үү?

-Тэгдэг. Уулын оройгоор үзэгдэж эхлэнгүүт нь бүртгэдэг. “За, энэ жил хэд болж уу. Хавар явсан аргаль бүгд байна уу” гээд дуранддаг. Тоо нь жил бүр өссөөр байгаа. Хүүхдүүд зураг, бичлэгийг нь фэйсбүүктээ тавихаар хүмүүс их сонирхож байна.

-Хамаагүй зургийг нь тавьбал хулгайн анчдад олз болох эрсдэлтэй. Энэ тал дээр хэр их санаа зовдог вэ?

-Нэг талаараа тийм шүү. Манай нутгийнхан аргалийн сүргийг агнах нь байтугай үргээхгүй байхыг эрхэмлэж амьдардаг.

УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛСНЫГОО АРГАЛИЙН СҮРЭГ ИВЭЭСНИЙ ӨГӨӨЖ ГЭЖ БЭЛГЭШЭЭЖ СУУНА

-Ер нь аргалийн сүрэг танай хотонд өвөлжиж, хаварждаг болсноос хойш танай амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Байгалийн ийм сайхан амьтан сүргээрээ өвөлжиж, хаваржихаар сэтгэлд их сайхан байдаг. Хүмүүс хүртэл манайд ирэхээрээ “Ямар гоё юм бэ. Буянтай айл байна даа” гэдэг.

Юм учиртай гэдэг. Өнгөрсөн жил улсын сайн малчин болсон. Аргалийн сүрэг ивээлээ гэж бэлгэшээж сууна. Ер нь сүүлийн хэдэн жил малын гарлагагүй, өнтэй сайхан амьдарч байна. Аргалийн сүрэг ивээсний, ач буянаа хайрласных нь өгөөж ч юм бил үү.   

-Та хэдэд хэр дассан бэ?

-Бид хэдийг төдийгүй манай энэ хавийн малчдыг андахгүй, нэлээд дассан. Өөр газраас, хотоос хүмүүс ирэхээр ер ойртуулдаггүй, зугтчихдаг. Хотоос зургийг нь дарах гээд хүмүүс их ирдэг юм. Хэд хоногийн өмнө “Хүрээлэн” төслийнхөн ирж, зураг авалт хийгээд буцсан.

Би гурван охинтой. Эхнэр бид хоёр гэлтгүй хүүхдүүд маань өглөө босонгуутаа аргалиа бүртгэдэг. Ганц нэг дутуу байхаар нь их сандардаг. “Яана аа үхчихсэн юм болов уу. Чоно идчихэв үү” гээд тэвддэг юм. Тэгж байтал уулын энгэрээс гараад ирэхээр санаа нь амардаг. Үргэлж санаа тавин, дурандаж суудаг.  

-Гурван охин нь хаврын ид ажлын үеэр аав, ээждээ их нэмэр болж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд төв суурин газар байхаараа мал ахуйгаас төсөөрчихдөг.

-Теле хичээлээ тогтмол хийж байгаа юу?

-Хичээлийг нь ёстой яс хийлгүүлж байгаа. Манайх гэртээ интернеттэй. Сүлжээ манай энд сүрхий барьдаг юм. Хүүхдүүд минь теле хичээлээ хийхэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл байхгүй. Одоохондоо мал төллөөгүй, ямаа самнаж эхлээгүй тул хүүхдүүд хичээлээ хийх завтай байгаа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Saihan medee
Saihan medee

Ugluu goy sedew unshlaa.zuw bodoltoi odoo yeiin niigemd dutagdaj bga hvn bn. Tanai ger bvld sain saihaniig hvsie.

Irgen
Irgen

Xarsan amitan bolgoniig alah dontoi xumuust xurgeh xeregtei......Uym buhen uchirtai....saixan gegeeleg medee bna........Iim saixan setgeltei zaluus...ger buliig ni TENGER BURHAN tetgeh bno o.....

Аргал
Аргал

Хөөрхөн юм бэ.
Гэхдээ зэрлэг амьтан хүнд дасахад аюул бий.

Зочин
Зочин

Билчээр ус өвс ургамал доройтсон болхоор амьтад зутарч зовох юмдаа алж хядаагүйд баярлалаа

Холбоотой мэдээ

Back to top button