СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Хайр үлдэнэ… Хайраас бусад нь юу ч биш

Яаж амьдарсан нь биш юу бичсэн нь үлдэх учраас түүний шүлэг болон яруу найрагчийн амьдралыг тусад нь ялган салгаж авч үзээсэй гэж хүсэх байна”. Яруу найрагч Б.Эрдэнэсолонго, найрагч анд Ц.Доржсэмбийн тухай дурсамж уудлахдаа ийн ярьжээ. Энэ үг түүний амьдралыг хэт их шүүж, их мэдэгчдийн тархин дундуур нэг сайн ташуурдаад өгсөн биз ээ.

Залуу үеийн шүлэгчид түүний номыг хүнээс л зээлж уншиж байсан уу гэхээс биш ер худалдаж авч байгаагүй. Учир нь номын дэлгүүрүүдэд ер байдаггүй байлаа… Гэвч хэзээ, хэнээс сурсан юм бүү мэд түүний шүлгүүдийг бид цээжээр мэддэг болсон байсан. Гаатай чихэр шиг хүлхэж, амтлан, амтлан уншина. Хоороороо дуулалдах шахуу уншина. Уйлалдан уншина. Тэр шүлгүүдээрээ лавтайяа нэгэн үеийн залуусын нөхөрлөлийг холбож өгсөн. Цаашид ч холбох гүүр нь болно гэдэгт итгэдэг. Хааяа, хааяахан “Залуу нас” яруу найргийн дугуйлан дээр ирчхээд биднээс хол сууна. Шүлгээ дуудна. Бид шалсаар “Цас бороо”, “Өлзийтийн суурин” шүлгийг өөрөөр нь уншуулна. Харин хэдхэн хоногийн өмнө бидний бидний хайртай “Цас бороо” шүлгээр нэрлэгдсэн ном гар дээр ирлээ. Хайгаад олддоггүй “Харсан тэнгэр”, “Хэнд би таалагдах ёстой вэ?” “Хэд дэх бороо” номууд болон хэвлэгдээгүй шүлгүүд, Ц.Доржсэмбэд зориулсан шүлгүүд, түүний тухай дурсамжуудыг номонд багтаажээ.

Найрагчийн найз Л.Батцэнгэл номыг эмхтгэсэн бөгөөд дурсамжиндаа “Арван долоон оны арванхоёрдугаар сард Арлааны Эрдэнэ-очир андтай ярилцаж суутал “Өвгөөн чи цаад муу Доржсэмбийнхээ хэдэн шүлгийг боогоод ирээч. Би нутгийнх нь нэг компанийн захиралтай найз юм. Тэр “Номыг нь хэвлээд өгье” гэж байна” гэлээ… 2018 оны тавдугаар сард А.Эрдэнэ-Очир маань яруу найрагч Намбарын Пүрэвтэй ажлаар ирлээ… Явахдаа “Сэмбийнхээ номыг гаргах хэвээрээ шүү хө. Та хоёр маань харин яагаад хойргошоод байна” гэж нэлээд шаардангуй хэлээд гарав. Зохиолчдын хороон дарга хүн ингэж шаардаж байгаагийн буруутан нь би юм шиг маргааш нь Сэмбэтэйгээ уулзаж, маш ойрын үед эхээ бэлтгэхээр боллоо. Гэвч, бидний аз дутахад тэнгэр нурж, газар дайвжээ. А.Эрдэнэ-Очир маань тэнгэрийн оронд оджээ. Сэмбийн номыг гаргаж амжсангүй гэж биш сэтгэл цаанаас өмрөөд, сайхан андад харамсаад байв” хэмээн бичжээ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын сэтгэлд багтсан ном олон хүний зүтгэл, сэтгэлээр бүтжээ. “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” түүврийг МЗЭ-ийн нарийн бичгийн дарга В.Сэлэнгэ, “Хэнд би таалагдах ёстой вэ” түүврийг найрагчийн амьдралаа холбосон бүсгүй Д.Цэрэндолгор нар шивж, С.Жамьянгаравын сургуульд хамт суралцаж байсан ангийн нөхөд болон С.Эрдэнэцогт номыг гаргахад гүн туслалцаа үзүүлжээ.

ТҮҮНИЙ МУЗА…

May be an image of 1 person

Д.Цэрэндолгор эгч бол Сэмбэ ахын амьдралаа холбосон бүсгүй. Түүний муза. Тэд таван жил хамт амьдарч, тавилан нийлүүлсэн. Танилцсаныхаа дараахан Сэмбэ ах нутаг руугаа явж, сарын дараа чемодантай хувцсаа бариад иржээ. Тэр дүр зураг хуучны монгол кинонуудыг эрхгүй санагдуулж байсан тухай Цээгий эгч дурслаа. 2013 онд хоёр тийш болсон ч тэд байнга л холбоотой байжээ. Цээгий эгчийг “Линда” гэж дуудна. Ажил дээр нь ирж, хацар дээр нь шов хийтэл ганц үнэсчхээд л гараад явна. Ажил дээрээ байхгүй үед нь ширээн дээр нь юм бичиж орхино. Мөн бичсэн шүлгүүдээ шургуулгад нь үлдээчхээд явдаг байж. Тэрбээр Сэмбэ ахын амьд ахуйдаа хэвлүүлсэн гурван номын шүлгийг шивжээ…Тэр өөрөө ч яруу найраг дотор нь амьдарч, бидэнд уншигдсаар л буй эмэгтэй шүү дээ.

Харандааны цагаан будгаар

Хурмаст тэнгэр, газар хоёрын хооронд

Хязгааргүй олон цэг хатгаад

Хөдөлгөөнд оруулсан юм шиг

Гуйван будрах цасан дотроос

Эрдэнийн алим шиг туяаран харагддаг

Энхрий хоёр хацрыг чинь санана

Хаврын улаан шороон шуургатай гудамжинд

Харандаагаар таталгаж зурсан зургийг

Хөдөлгөөнд оруулсан юм шиг дэрвэлзэж

Хоёулахнаа алхаж явсан өдрийн

Гадааг муухай болгосон салхин дотроос

Ганцаараа гоё чамайгаа санана

Маш нарийхан үзүүртэй харандаагаар

Мандал тэнгэрээс мянган ташуу зураасыг

Татчихсан юм шиг асгарсан бороотой

Тэр зуны солонго цэцэгст хувилан

Газраар нэл дэлгэрчхээд байхад

Ганцаараа сайхан чамайгаа санана

Тасран унжсан мөчрийг хонгорхон жаалууд

Тас атган харандаа шиг эргэлдүүлсээр

Уйтгарын намар ирснийг зарлан

Урт богино гудмаар гүйлдсэн

Гэрэлтэй шар өдрүүд дотроос

Ганцаараа эрхэмсэг чамайгаа санана

Чамайгаа санах сэтгэл минь

“Рондо” хэмээх эл шүлэг бол түүний “Линда”-даа зориулсан шүлгүүдийнх нь нэг. Тэрбээр бичсэн шүлгүүдээ Цээгий эгчид хэр барагтаа л үзүүлдэггүй, их нуудаг байжээ. Сэтгэл нь хөдөлсөн үедээ л ганц нэг удаа шүлэг уншиж өгнө. “Найз нь чамд энэ шүлгийг зориулж бичсэн шүү” гээд инээвхийлээд л ярьдаг байж. Сэмбэ ахтай амьдарсан он жилүүд түүний амьдралын хамгийн гэгээтэй, амь халуун дурсамжтай үе байжээ. Тэр их гэрсэг, ажилсаг хүн байсан гэнэ. Ажлаа тараад очиход нь оройн хоолоо хийчхээд хамтдаа кино үзэх гээд хүлээгээд сууж байна. Кино үзчихээд хамтдаа ярилцана, сонирхолтой түүх эгчид дэлгэнэ.

Анх Сэмбэ ахын харцанд нь татагдсанаа тэрбээр нуусангүй. Тэрбээр “Сэмбээ минь уран бүтээлч хүнийхээ хувьд их сайхан хүн. Дөлгөөн, бодлогоширсон, орчноо энергэжүүлсэн хүн. Хувь хүн нь үнэнээ ил гаргахыг хүсдэггүй. Далд. Надад гэгээлэг дүрээ үлдээсэн. Сайхан дурсамж ч үлдээсэн. Бид нэг ч удаа муудалцаж байгаагүй. Миний хувьд Орос зохиолчдыг л сайн мэддэг байсан. Есенинтэй их төстэй шүү гадаад төрх нь. Хувь хүнийх нь замнал ч их төстэй санагддаг. Асар их романтик хүн. Хувь хүн нь үхэн үхтэл эвдрээгүй. Намайг ардчиллын охин гэдэг байлаа” хэмээн дурсав.

Жаргалтай түүхүүдээ ярихдаа тэр инээмсэглэж, заримдаа зангирч байлаа. Сэтгэлийн эрчим нь мэдрэгдэж, ярилцаж суусан цагийн дотор түүнийг дагаад сэтгэл минь олон төлөв хувирч орхив…Гэвч хаачих билээ дээ. Харц мөргөлдөөд л бид цааш ярилцлаа.

Тэд хамтдаа амьдарч, дурсамж бүтээж байхдаа Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг байжээ. Харин харилцаа хоёр тийш болсноос хойш “Спортын төв ордон”, “Дашчойлон” хийдийн ойролцоо их таарна. Таарах бүрдээ уулзаж, юуг ч юм бэ ярина. Хамтдаа сааданд сууна. Тэр үед Сэмбэ ах халаасандаа ямар нэгэн юм заавал хадгалчхаад Цээгий эгч рүүгээ гар сунгана. Тэр нь хайлчихсан, хатчихсан байна. Гэсэн ч хоёул хуваагаад л идчихнэ. Ихэвчлэн чихэр, шүлгүүдээ халаасандаа хадгалдаг байжээ. Шүлгүүдээ эгчид хадгалуулчхаад хэд хоногийн дараа авах гээд ирнэ. Ер нь бол хадгалуулах, хадгалуулсан юмаа авах нэрээр Цээгий эгчтэй уулздаг байжээ. Эгч үүнийг нь гадарладаг ч мэдээгүй юм шиг л царай гаргана.

Хүрээд ирэхэд нь цэмцийлгэж, өөд нь татаад явуулдаг ч амьдралынхаа сүүлийн он жилүүдэд эгчээс зугтаах болжээ. Таарчхаад дальдчин зугтах болж. Муу, муухай явааг минь харчихвий гэж л эмээсэн дээ л тэгдэг байсан биз. Тэглээ гээд эгч араас нь хөөж очоод уулзаад байхгүй. Бие, биенийхээ оршихуйг хүндэтгэнэ, итгэнэ. Сэмбэ ах ч амьсгал бүлээн байх үедээ архинаас гарна гэж их хэлдэг байж.

Тэдний хамгийн сүүлийн уулзалт 2020 оны зургадугаар сард болжээ. Тэр үеийг Цээгий эгч  “харц нь яг л урьдынхаараа, над руу харж байгаа харц нь хэзээ ч өөрчлөгдөөгүй” хэмээн дурсав. Харин Сэмбэ ахыг тэнгэр болсон гэсэн мэдээг сонсчхоод сэтгэл нь дүлий оргижээ. Ёс төрийг нь аль эрт гүйцэтгэсэн хойно түүний хар багын найз, яруу найрагч Л.Батцэнгэлийн хамт гэрт нь очиж, ээжтэй нь уулзжээ. Ямар үед бодолд тань их ирж байна гэдэг асуултад, “Эцсийн замд нь үдээгүй болохоор нас барсан гэдэгт нь итгэдэггүй, эвлэрдэггүй юм. Амьд байгаа юм шиг л санагддаг” хэмээлээ.

ХОЙД НАС ХИЙГЭЭД ХҮСЭЛ…

Тэд учирсанаасаа хойш болзож, хоног өдрүүдийг дурсамж яриатай, халуун мэдрэмжтэй л өнгөрүүлж. “Бид хамт байх үедээ л өөрсдийнхөөрөө байж чадсан. Сэмбээ маань ч “чамтай байхдаа л би жинхэнэ өөрөөр байдаг. Өөрийгөө цэгнэдэггүй” гэж хэлж байсан” хэмээгээд Д.Цэрэндолгор эгч Сэмбэ ахын хүсэл тэмүүллийн тухай яриа дэлгэлээ.

Сэмбээ ах лам, хуврага болно гэж их ярьдаг байжээ. Нутагтаа очиж, “Сэмбээлин” хийд барина хэмээн ярьдаг байсан гэнэ. Цээгий эгч нэг удаа “Чи лам болчихвол яасан юм бэ” гэхэд Сэмбэ ах ч толгой дохиж, тэд гандан оржээ. Эгч гадаа зогсож, Сэмбэ ах дотогш ганцаараа орсон байна. Харин гарч ирээд “нас чинь хэтэрчихсэн байна гэж байна” гэснээс өөр үг хэлээгүй аж. Цээгий эгч түүнийг гүн сэтгэж, бясалгадаг хүн байсан болохоор лам болж чадна гэж боддог байж. Тиймдээ ч дараа төрөлдөө лам болсон гэдэгт нь итгэдэг байна. Тэр итгэж байгаа…

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Яаж амьдарсан нь биш юу бичсэн нь үлдэнэ”. Хэрхэн амьдарсан нь биш хэрхэн хайрласан нь үлдэнэ. “Хайраас бусад нь юу ч биш…” гэж хэн бүхэнд хэлмээр санагдлаа. Ц.Доржсэмбийн хайр догдлол, гуниг хосолсон доголон нулимстай ч мөнхийн залуугаараа мөнхөрчээ. 

-МУЗАДАА ЗОРИУЛСАН ШҮЛГҮҮДИЙГ НЬ ЭЦЭСТ НЬ ХУВААЛЦЪЯ-

Сүүлийн шүлэг

...Будангуйрч явсан амьдралд минь

Будда шиг зүрхэнд минь ирсэн

Чинийхээ өмнө би гуйлгачин

Чимх нойргүй би архичин

Урмыг хугалсан бүхнээсээ

Уучлаарай гэж хэлэх тэнхэлгүй

Уулын савдагийн ил чөтгөр

Тэглээ гээд юуг ч сүйтгээгүй ээ би

Өндгөө хагалж, шувуу болох шиг

Яг одоо л хүн болмоор байна

Өнгөрсөн амьдралынхаа юуг ч

Эргэн дурсаж, гиюүрмээргүй байна

Уяхан чам шиг л хүн болмоор байна

Уучлаарай гэж үнэн зүрхнээсээ

Уяхан хорвоогоос гуймаар байна

Ухаант хүн, ухаант хүн л гэдэг

Ухаан дотор хор хорлолын аль нь ч бий

Харин би зүгээр л хар тэнэгээрээ амьдармаар байна.


Чамдаа

Хөндүүр цээжний зовнилыг

Хараад л арилгах чиний нүд

Уйтгар гунигтай сэтгэлийг

Үнсээд л илааршуулах чиний уруул

Хамгаас ялдам мансууралд минь

Хар сарнай үсний чинь үнэр

Хаан хатан үдшээ дүрслэхэд

Сормуусны чинь торгон сүүдэр

Муу муухайгаас намайгаа

Хэрэмлэн хаацайлсан халуун сэтгэл

Харсан тэнгэрүүд атаархам

Миний хайртай бүсгүй минь

Чи минь наддаа харсан тэнгэрээс ч илүү юм

Чи минь наддаа харсан тэнгэрүүдийг

Харж явдаг тэнгэрээс ч илүү юм

Чи минь яг хөгжим шиг юм

Хөг оруулсан бурхны нь увьдас

Чавхдас бүхэнд нь шингэсэн

Хөгжим шиг юм

Харсан тэнгэрүүд дагаж дуулах гээд

Хоолой нь үл гүйцэх

Хөгжим шиг юм

Чи минь наддаа…

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button