Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Үндэсний “May Lingerie” брэнд биед эвтэйхэн, секси дотуур хувцсаа хэрхэн хийдэг вэ

“Eguur.mn” сайт “Үйлдвэрлэгч” буландаа энэ удаа Н.Ариунцэцэгийн “May Lingerie” брэндийг онцоллоо.

-НЭГ ЖИЛ БОРЛУУЛАЛТ ХИЙЛГҮЙ, ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙСЭН-

-“May Lingerie”  брэндийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцаач. Яагаад заавал гэрийн хувцас болон дотуур хувцас дотооддоо үйлдвэрлэе гэж бодох болов?

-Би загварт маш их сонирхолтой хүүхэд байсан. Тиймдээ ч сонирхлоороо 2018 онд гэрийн хувцас болон дотуур хувцас дагнан урлаж, бүсгүйчүүдийнхээ өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэхээр хичээн ажиллаж байна. Бид эхний жил нь туршилтын журмаар ажилласан. Борлуулалт ер хийлгүй, зах зээлийн судалгаа хийсэн юм. Үнэхээр худалдаж авах уу гэдгийг судалж, хүмүүст бүтээгдэхүүнээ тарааж санал хүсэлтийг нь сонссон. Тухайн үед монголд дотуур хувцас, гэрийн хувцас үйлдвэрлэгч хувь хүн болон байгууллага маш цөөхөн байсан болохоор олноор үйлдвэрлэж, борлуулалт хийхээсээ өмнө ингэж, хүмүүсээс сэтгэгдэл, цаашид анхаарах зүйлсээ мэдэж авахгүй бол болохгүй байсан.

Үүний үр дүнд бид гадуур хувцас, энгийн хувцас гэхээсээ илүү дотуур хувцас, гэрийн хувцсаараа дагнавал монголд зах зээл нь байгаа гэдгийг олж харсан. Тэгээд л 2019 оноос бүтээгдэхүүнүүдээ олноор үйлдвэрлэж, нэрийн дэлгүүрээ нээсэн. Цаашид брэнд болгож хөгжүүлэхийг хүсэж байгаа. Одоо бол өөрсдийгөө брэнд болчихсон гэж хэлэхгүй ээ. Учир нь хүмүүс шошгыг нь харахгүйгээр гаднаас нь шууд таньж байвал брэнд болж төлөвшсөн гэсэн үг шүү дээ. Бид цаашид тийм л зорилгын төлөө ажиллана.

-Өөрийн гэсэн нэрийн дэлгүүрийг нээж, үйлдвэртэй болж, ажилчдаа цалинжуулахаас эхлээд асуудлууд бий. Эдгээрийг хэрхэн шийдсэн бэ?

-Би 2011 оноос хойш жижиг төрлийн бизнес эрхэлдэг байсан юм. Тэндээсээ хуримтлал үүсгэж, May Lingerie”  брэнддээ хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд дан ганц миний биш, ээж, нэг найзын минь тус дэм байсан. Учир нь БНХАУ-д бакалавр, магистр зэргээ хамгаалаад 9 жилийн дараа ирэхэд хийж байсан бизнесийг маань үргэлжлүүлж, бага ч гэлтгүй хуримтлал үүсгэсэн байсан.

Харин брэндийнхээ нэрийг тавдугаар сард цэцэг дэлгэрдэг тул дэлгэрэх дэлбээлэх гэдэг утгыг бодож өгсөн.

-Туршилтын журмаар ажилласан нэг жил иргэдээс ямар, ямар санал, сэтгэгдэл ирж байв?

- Янз бүрийн л санал хүсэлт ирсэн. Дотуур хувцас бол гадуур хувцаснаас маш чухал тул  дотор оёдолд нь анхаарах шаардлагатай байдаг юм. Дан ганц оёдол гэлтгүй материал, загвар дээр анхаарсан. Хамгийн сайныг нь үйлдвэрлэхийг хичээж байгаа.

-АНХНЫ АЖИЛЧИД МААНЬ ОДООГ ХҮРТЭЛ АЖИЛЛАДАГ-

-Анх хэдэн ажилтантайгаар ажлын гараагаа эхлүүлж байсан бэ?

-Дөрвөн хүнтэйгээр эхлүүлж байлаа. Хамгийн инээдтэй нь үйлдвэрийн байр түрээсэлж байгаагүй. Оффис түрээсэлж, үйлдвэрлэлээ явуулж байсан. Юу юугаа ч мэдэхгүй хийх хүсэл, сэтгэлтэйгээр л бүхнийг эхлүүлж байлаа. Тухайн оффистоо нэг жил үйлдвэрлэл явуулж байгаад нүүсэн. Одоо хоёр өрөө орон сууцны байранд үйлдвэрлэлээ явуулж байгаа.

-Хэр удаж байж ажилчдынхаа тоог нэмсэн бэ?

-Нүүхтэй зэрэгцээд л ажилчдынхаа тоог нэмсэн.  Одоо найман хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Оёдог гэхээс илүү оёж байгаагүй, оёх сонирхолтой хүмүүсийг сургаж авч байсан.

-Танайд ажиллаж байгаад өөрсдийн гэсэн брэндийг бий болгоод явж байгаа хүн бий юу?

-Үгүй. Анхны ажилчид маань одоог хүртэл ажилладаг. Өөрсдийн гэсэн бизнесийг эхлүүлээд явж болно шүү гэж хүмүүстээ байнга хэлдэг.Амьдралдаа эхлүүлж байгаа том зүйлийнх нь ард нь , May Lingerie”   байсан гэдэг л үнэ цэнтэй. Манай ажилчид өөрсдийн гэсэн бизнесээ эхлүүлэх үед нь би тусалж ч магадгүй.

-Танайх 100 хувь автомат уу. Хүний гараар хийдэг дамжлага бий юү?

-Гар ажиллагаа бараг л ордоггүй. Дотуур хувцсанд ашиглагддаг дөрвөн төлийн машинтай. Дандаа япон машин ашигладаг. Бид анх дотуур хувцас, гэрийн хувцас хийж, байхдаа бүх оёдлын технологийг нь мэддэг байгаагүй. Өөрсдийнхөө хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээ харж, энэ хэсгийн оёдол ийм байх ёстой юм байна гэж ойлгож, туршиж үзэж байсан.  

-ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР БОРЛУУЛАЛТ ЕРДИЙН ҮЕИЙНХЭЭС 200 ХУВЬ ИЛҮҮ БАЙСАН-

-Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?

-Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас бид түүхий эдээ гаднаас авахаас өөр сонголтгүй байдаг. Даавуугаа Солонгосоос, бусад материалаа Хятадаас авдаг. Монголд яг дотуур хувцас хийдэг материал бараг зарагддаггүй юм. Орж, ирсэн нь чанар муутай, үйлдвэрийн гологдлууд л байдаг. Тиймээс бид түүхий эдээ Солонгос, Хятад руу өөрсдөө явж авдаг. Коронавирусийн халдвар тархаж, улс орнууд хилээ хааснаас хойш материалуудаа барьж үзээд сонголт хийх боломжгүй болж, өмнө нь авдаг байсан цэгээсээ л захиалдаг болсон. Гэхдээ коронавирусийн үед сул тал гэхээс илүү давуу талууд ч бас байсан.

-Ямар, ямар давуу талууд гарч ирсэн бэ?

-Өнгөрсөн онд долоо хоног хөл хорио тогтоож, дэлгүүрүүдийг хаасан. Гэтэл үргэлжлүүлээд сар хөл хорио тогтоочихсон. Тухайн үед дэлгүүр дээр бүх бараа байсан болохоор авч болохгүй, борлуулалт хийж чадахгүй болсон. Гэсэн ч онлайн дэлгүүрээ ажиллуулаад эхэлчихсэн байсан нь бидэнд давуу тал болсон. Сарын дараа хүргэж өгнө шүү гэхэд үйлчлүүлэгчид захиалгаа өгсөөр л байсан. Дэлгүүр хаагдчихсан таг зогсоно гэж бодож байсан ч хөл хорионы үеэр төсөөлөөгүй борлуулалт хийгдсэн. Борлуулалт ердийн үеийнхээс 200 хувийн өсөлттэй байсан. Тэгж л бид хүмүүс дотуур хувцсыг онлайнаар авах сонирхолтой байдгийг ойлгосон доо.

-ОРЛОГОО БОДООД ҮНЭ ЦЭНЭЭ УНАГААХ ХҮСЭЛ АЛГА-

-Тэгэхээр хөл хорионы үеэр ажилчид тань цалингаа бүтэн авсан байх нь ээ?

-Ажилчдын маань буруугаас болж хөл хорио тогтоогоогүй шүү дээ. Байгууллага хохирол амсаж болох ч ажилчид хохирол амсах ёсгүй гэсэн зарчмыг баримталсан. Тиймдээ ч хөл хорионы үеэр ажилчдынхаа цалинг бүтэн тавьж байсан.  

Мөн бид хөл хорионы үеэр онлайнаар борлуулалт хийхдээ олон улс дотуур хувцас борлуулахдаа юу, юу анхаарч байгааг харсан. Дотуур хувцсыг буцаах боломжгүй тул хэмжээг байршуулж, үйлчлүүлэгчдээ тайлбарлаж, зөвлөгөө өгнө. Хэрэв үгүй бол хэн, хэн нь хохирно шүү дээ.

-Хөдөө орон нутгаас захиалга хэр их ирдэг вэ?

-Захиалга маш их ирдэгМөн гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маш их холбогддог. Зарим нь захиалга өгч, “Монгол шуудан”-гаар хүргүүлэн авдаг.

-Цаашдаа орон нутагт  салбар дэлгүүр нээх бодол байгаа юу?

-Орон нутгаас маш их холбогддог. Танай бүтээгдэхүүнээс бөөнөөр нь аваад зарах хүсэлтэй байна гэдэг. Яг үнэндээ би мөнгө бодоод салбар дэлгүүрүүд нээгээд байж болно л доо. Гэхдээ орлогоо бодоод үнэ цэнээ унагаах хүсэл алга. Нандин чамин юмыг олноор нь үйлдвэрлээд ирэхээр “May Lingerie”  брэндийн маань утга нь алдагдах юм шиг санагддаг л даа.

-ХҮҮХДИЙН ХУВЦАС ХИЙХ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ БОЛ БИЙ-

-Хүмүүс дотуур хувцасыг тэр тусмаа гэрийн хувцсыг хослуулж маш их авдаг шүү дээ. Эрэгтэй дотуур болон гэрийн хувцас, хүүхдийн хувцас хийх бодол бий юу?

-Эрэгтэй дотуур хувцас маш их асууж орж ирдэг. Гэхдээ надад эрэгтэй хувцас хийе гэсэн бодол одоохондоо алга. Угаасаа эрэгтэй дотуур хувцас үйлдвэрлэж буй “Эр хүн” нэртэй брэнд байгаа шүү дээ. Тиймээс бусдын зах зээлийг булаацалдмааргүй байна. Харин хүүхдийн хувцас хийх хүсэл тэмүүлэл бий.

-Брэндийн төлөвлөлт, маркетингаа хэрхэн хийдэг вэ?

-Бүхий л брендүүд сошиалыг түлхүү ашиглаж, маркетингаа хийж байгаа. Манайх ч бас сошиалыг ашигладаг. Зураг авалтандаа сайн анхаардаг.

Ер нь бол амнаас ам дамжсан маркетинг маш чухал нөлөөтэй юм байна лээ. Тиймээс бид чанар дээрээ маш сайн анхаарсан. Манайд амнаас ам дамжсан маркетинг хамгийн том тус болж өгсөн гэж боддог. Харин загваруудаа сараар нь төлөвлөдөг. Монголын нөхцөлд ингэж л төлөвлөхгүй бол материал нь ирж амжихгүй шүү дээ.

-Өдөрт хэчнээн хувцас үйлдвэрлэдэг вэ. Үйлдвэрийнхээ хүчин чадлын талаар ярина уу?

-Дотуур хувцас, гэрийн хувцас хоёрыг хийхэд зарцуулагдах хугацаа харилцан адилгүй байдаг. Дотуур хувцас нарийн оёдол ихтэй. Хийхэд цаг их ордог. Харин гэрийн халат, өмд, цамц хийхэд харьцангуй хурдан байдаг.

Манайх төлөвлөгөөний дагуу долоо хоног бүр дотуур хувцас болон гэрийн хувцасны шинэ загвар гаргадаг. Нэг загвараас хоёроос гурван өнгийн сонголттойгоор 200-300 ширхгийг үйлдвэрлэдэг. Хамгийн ихдээ 600 ширхгийг л үйлдвэрлэнэ. Амралтын өдрүүдэд үйлдвэр маань ажилладаггүй ажлын таван өдөртөө л хийдэг гэхээр өдөрт доод тал нь 100 ширхэг бүтээгдэхүүн бол үйлдвэрлэдэг гэсэн үг. Ер нь бол тэгээд борлуулалт сайтай загваруудаасаа ойр, ойрхон үйлдвэрлэдэг.

-Танай хамгийн эрэлттэй загвар аль нь вэ?

-Анх нээгдэж эхлэхэд л гаргаж байсан. Одоог хүртэл гаргаж байгаа. Манай хамгийн эрэлттэй загвар. Хоёуланг нь салгаад өмсчихдөг болохоор хүмүүс маш их авдаг.

Хамгийн эрэлттэй загвар хэмээгээд үүнийг заав.

-ДОЛОО ХОНОГ БҮР ШИНЭ ЗАГВАР ГАРГАДГААРАА ОНЦЛОГТОЙ-

-Монгол эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалах байх. Хамгийн түрүүлж ямар хэмжээтэй хувцаснууд дуусдаг вэ?

-Монгол хүний биеийн онцлог харагддаг л даа. Амархан дуусчихдаг тул S, M хэмжээтэй хувцсыг олноор нь үйлдвэрлэдэг. Дотуур хувцаснаас илүү гэрийн хувцасны борлуулалт сайн байдаг юм. Гэхдээ борлуулалтад бас хэд, хэдэн зүйлээс шалтгаалдаг л даа. Зургаа хэр сайн бэлдсэн байна гэдэг их чухал юм билээ.

Нэг тооцоолоогүй байсан зүйл шинээр гарч ирсэн нь баярын өдрүүдэд хэн нэгэнд бэлэг болгож маш их авдаг.Тиймдээ ч баярын өдрүүдээр маш их ачаалалтай ажилладаг.

-Тэгэхээр борлуулалт өндөртэй сар гэж байхгүй, өдрүүд л гэж байдаг байх нь.

-Яг тийм. Үнийн хувьд боломжийн болохоор бас төрсөн өдрийн бэлэг болгож их боолгодог шүү.  

-Үнийн хувьд?

-Янз, янз. 28 мянгаас эхэлж байгаа. Special загвар маань хамгийн өндөр үнээр худалдаалагдаж байгаа. 139 мянга.

-Танайх ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг брэндүүдээс юугаараа онцлог давуу талтай вэ?

-Долоо хоног болгон шинэ загвар гаргадгаараа онцлогтой юм болов уу. Түүнээс бол манайх материалаараа илүү гэж өөрсдийгөө дөвийлгөхгүй. Бүгд л чанартай зүйл гаргахаар мэрийж ажиллаж байгаа. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүдээр маш их гэсэн бахархдаг. Яагаад гэвэл бүх зовлон, жаргалыг нь мэдэх учраас.

-Өрсөлдөгчид шүү дээ. Та тэгж хардаггүй гэж үү?

-Үгүй, үгүй. Харин ч бахархалтай санагддаг. Хүн бүхэнд сонголт, хэрэгцээ гэж бий. Түүнийг нь хэн нь хангаж чадаж байна, тэр нь л өнөөдөр монголын зах зээлд байна гэсэн л бодол бий. Түүнээс бол өрсөлдөөд байгаа юм бол үгүй ээ.

-ЦААШДАА ДОТУУР ХУВЦАС БОЛОН ГЭРИЙН ХУВЦАСНЫ ЧИГ ХАНДЛАГА МИНИМАЛ БОЛНО-

-Бизнес эрхэлж байгаа хүний хувьд анзаарсан л байх. Манай монгол эмэгтэйчүүд ихэвчлэн ямар өнгийн дотуур хувцас сонирхдог юм байна?

-Монголчууд ассан, тод өнгөнд их дуртай. Харин гаднын орны эмэгтэйчүүд бол арьсны дагуу өнгө, цагаан өнгөнд дуртай байдаг.

-Дотуур хувцас авч байгаа хүмүүс юу чухалчилдаг юм шиг байна?

-Загварыг нэгт тавьдаг. Тааж хэлэхээргүй байсан юм нь монгол эмэгтэйчүүд секси загварт их дуртай байсан. Гэтэл манайх тав тухыг нэгт тавиад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байлаа. Өмссөн хүмүүс ч ямар тухтай юм гэдэг. 90 хувь нь дахиж ирж худалдан авалт хийдэг. Тэгээд бид хүмүүсийн хэрэгцээнд зориулж, тав тухтай хэрнээ секси загварын хослол хийвэл зах зээл нь шууд хүлээж авна гэдгийг ойлгоод хийж байгаа.

Тэрбээр ингэж хэлээд хамгийн сүүлд гаргасан торон загварыг харууллаа.

-Цаашдаа дотуур хувцас болон гэрийн хувцасны чиг хандлага хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна вэ?

-Минимал болно. Гэхдээ хүмүүс дотуур хувцас, гэрийн хувцсыг дурлаж авдаг юм байна. Түүнээс бол хэрэгтэй гэж авахаа больчхож.

-ХЭРЭГЛЭГЧЭЭС ШУУД ЗАХИАЛГА АВДАГ БОЛНО-

-Танайх зөвхөн өөрсдийн гаргасан загвараар урладаг уу, эсвэл хэрэглэгчээс шууд захиалга авдаг уу?

-Тэгж гаргах цаг хугацаа бидэнд байдаггүй. Уг нь хэрэглэгчдээс тийм хүсэлт ирдэг. Хүний биеийн онцлогт нь тааруулаад захиалгаар гаргая гэж бодож байгаа.

-Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ үндэсний онцлогоо шингээе гэж бодож байсан уу?

-Хүмүүс ер сонирхдоггүй юм билээ. Дээлэн загвартай халат, өмд , цамц олныг гаргасан ер борлогдоогүй. Сүүлд нь хядралтай үнээр худалдаалаад дуусгасан. Гэхдээ тухайн үед сонирхоогүй хэрнээ одоо хүмүүс асууж орж ирээд байдаг юм.

-Үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байгаагийн хувьд үндэсний үйлдвэрлэгчдэд тулгардаг асуудлуудыг анзаарсан л байх?

-Манай улс түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэггүй болохоор ихэнх бизнес эрхлэгчид гадаадаас захиалж авдаг. Дотуур хувцсанд гэхэд л даавуу, резинэн оруулга, хатуулга, зөөлөвч, төмөр, түгжээ, ихэсгэгч, багасгагч, тогтоогч төмөр гээд маш олон зүйл ордог. Бүгд тусдаа үнэтэй. Нэг бүрчлэн захиалж авна. Өмнө нь үүнийг хийж эхлэхээсээ өмнө анзаардаггүй байсан юм билээ. Түүнээс бол өөр асуудлуудтай одоохондоо нүүр тулаагүй л байна.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цаашдын зорилгоосоо бидэнд хуваалцаач?

-Монголд байгаа худалдан авалт хийх боломжтой эмэгтэйчүүдийн 6-8 хувьд нь бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой ажилладаг. Харин бид цаашдаа өөрөө гэртээ оёод өмсчхөж болохоор эсгүүрийг нь бэлдчихсэн багц худалдаалах зорилготой байгаа. Хэрэглэгчийн гарт хүрч буй бүтээгдэхүүнээс илүү хямд үнээр борлуулна. Зунаас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа. Эсгүүртэй нь хамт оёх зааврыг нь өгөх болохоор найз нөхөд, хайртай хүндээ өөрийн гараар оёж өгч болно. Ер нь тэгээд ч өөрийнхөө оёсон юмыг хүн их нандигнаж өмсөнө шүү дээ. Магадгүй оёсон сэтгэгдлээсээ үүдээд би оёж чадах юм байна гэсэн итгэлтэй болж, энэ төрлийн бизнес эхлүүлье гэсэн сэдэл манайхаас авах ч юм билүү. Хэрэв манай бүтээгдэхүүнээс хэн нэгэн сэдэл аваад өөрсдийн брэндтэй болбол би лав хувьдаа маш их баярлана аа.

Би ер хүний хийдэггүй юм хийгээгүй шүү дээ. Хүсвэл хэн ч хийж болно. Хийж болно оо гэсэн сэдлээ манайхаас аваасай гэж хүсэж байна. Тэгвэл гадагшаа мөнгө урсахгүй, дотооддоо эргэлдэнэ. Монгол улсын хөгжилд бага ч болов нэмэртэй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-02 13:01

Mundag ❤

Хүндэтгэв.
Хүндэтгэв.
2021-04-02 18:30

Өөдлөн дэвжиж яваарай...

Зочин
Зочин
2021-07-26 13:50

AMJILT

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:19

It is really a nice and helpful piece of info. I?¦m glad that you simply shared this helpful info with us. Please keep us up to date like this. Thanks for sharing.

zovre lioptor
zovre lioptor
2021-08-09 08:06

Only wanna input that you have a very nice internet site, I enjoy the style and design it really stands out.

Back to top button