АУДИТ: Тэдний үед дүүргүүд төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр ингэж “тогложээ”
Нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн 2020 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтүүдээс анхаарал татах хэсгүүдийг онцлон танилцуулъя. Тэр дундаа батлагдсан төсөл, арга хэмжээнүүд хуулийн дагуу санхүүжилтээ авсан уу, хэрэгжилт нь хэрхэн хангагдсан бэ гэдэг хэсэг дээр төвлөрч үзье.
Дүүргүүдийн ИТХ-аар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос болон 2020 онд шинээр хэрэгжих нийт 85.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 357 төсөл, арга хэмжээ баталжээ.
Эл 2020 онд 32.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 182 төсөл арга хэмжээ нь хэрэгжиж дууссан бол 983.9 сая төгрөгийн гэрээний дүнтэй 14 төслийн хэрэгжилт дутуу 2021 онд үргэлжлэн хэрэгжиж байна. Харин бол 926.8 сая төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 30 төсөл огт хэрэгжээгүй байна.
Аудитын түүвэрт хамруулсан 22.5 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 56 төсөл, арга хэмжээнээс 1.7 тэрбум гэрээний дүнтэй төслийг нь захиалагчийн хяналтыг хангалтгүй, үр дүн муутай хэрэгжүүлсэн нь төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн, үр өгөөжид сөргөөр нөлөөлжээ.
Тухайлбал:
БЗД-ийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс хяналт хэрэгжүүлсэн нийт 2.2 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 13 төсөл, арга хэмжээг түүвэрлэж үзэхэд хоёрт нь зөрчил илэрсэн. Үүнд:
- "Өөрөө буулгагч ачааны машин” авах ажил. Гэрээний дүн: 194.2 сая төгрөг. Гүйцэтгэгч “Энх Энгүүн зам” ХХК, 2020 оны есдүгээр сард нийлүүлэгдсэн хоёр ширхэг Howo маркийн ачааны автомашин. Хүлээж авснаас хойш хөл хорио тогтоогоод ашиглаагүй, явах эд анги нь эвдэрсэн. Засварт байгаа.
- “Суудлын авто машин худалдан авах” Гэрээний дүн: 59.8 сая төгрөг. Гүйцэтгэгч “Датахаус центр” ХХК, 2010 онд үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг Prius-30 маркийн суудлын автомашин. Ижил төрлийн авто машинтай харьцуулахад 7.5 сая төгрөгийн илүү үнээр нийлүүлэгдсэн.
СХД-ийн захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн, нийт 691.5 сая төгрөгийн гэрээний үнийн дүнтэй найман төсөл, арга хэмжээг түүвэрлэн үзэхэд гуравт нь зөрчил илэрсэн. Үүнд:
- “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Амралт цогцолборын газрын барилгын ажил”. Гэрээний дүн: 248 сая төгрөг. Гүйцэтгэгч “Алтан шар говь” ХХК. Барилгын ажлын зураг төсөв нь магадлалаар батлагдаагүй байхад барилгын ажлыг эхлүүлсэн. Захиалагчаас ирүүлсэн зургийн даалгаварт барилгажих талбайн хэмжээг 315м2 гэж тусгасан байхад ажлын тоо хэмжээг 27м2-аар багасгаж 288м2 талбайн суурийг цутгаж өрлөг хийсэн. Өрлөг хийхдээ налуугийн нэг хэмийг алдагдуулж, чанаргүй гүйцэтгэсэн.
- "Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил”. Гэрээний дүн: 75.0 сая төгрөг. Гүйцэтгэгч: Затус ХХК. 2020.10 сард ашиглалтад хүлээн авсан. Бүх ажлыг бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн. Ажлын гүйцэтгэлтэй танилцахад төмөр торон хашааны будаг арилж, зэвэрсэн, доод хаяавчийг нь дутуу хийсэн, хөл бөмбөгийн талбайн зүлэгжүүлэлтийг чанаргүй материалаар хийснээс ховхорч, наалт нь салсан, сагсан бөмбөгийн талбайн суурь цемент эвдэрч, будаг нь ховхорсон, сандал нь зурагт тусгагдсаны дагуу 2 метр байхаар байхад 1.5 метрийн урттай сандал байршуулсан, ашиглалтын явцад эвдэрсэн байсан.
- “Авто замын зорчих хэсгийг өргөтгөх /13-р хороо, 9-р байрны хойд тал/” ажил. Гэрээний дүн: 39.6 сая төгрөг. Гүйцэтгэгч: “Шинэ цагийн зам” ХХК. Замын хашлага броджур эмтэрч хагарсан.


ХУД-ийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс хяналт хэрэгжүүлсэн нийт 8.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 15 төсөл, арга хэмжээг түүвэрлэн үзэхэд тавд нь зөрчил илэрсэн. Үүнд:
- "Нисэх яармагт дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” ажил. Гэрээний дүн: 678.5 сая төгрөг. Гүйцэтгэгч: Чингисийн отог ХХК, ОАКС экспресс ХХК. Ажлын зурагт тэргэнцэртэй иргэдийн налуу шатыг тусгаагүй орхигдуулснаас гүйцэтгэлийн явцад хийлгэсэн ч тэргэнцэртэй иргэн явахад хүндрэлтэй эгц уруу байдалтай хийсэн, талбайн хэсгүүдийн явган хүний замд хөгжлийн бэрхшээлтэй иргэний чиглүүлэх, анхааруулах хавтанг дутуу хийсэн байна. Чанаргүй материалаар хийснээс сагсан бөмбөгийн талбайн суурь цемент эвдэрч, будаг нь ховхорсон байна.
- “Ахмадын хөгжлийн төвийн байр, тоног төхөөрөмж худалдан авах” ажил. Гэрээний дүн: 195.9 сая төгрөг. Гүйцэтгэгч: Жеопро Монголиа ХХК. 49 ширхэг чийрэгжүүлэлт, тавилга тоног төхөөрөмж үнэ нь зах зээлийн үнээс 2-3 дахин их үнэлгээтэйгээр нийлүүлэгдсэн байхад захиалагчийн хяналт хэрэгжүүлэхдээ харьцуулсан бодит үнийн тооцоолол хийгээгүй.
- “Замын индүү худалдан авах” ажил. Гэрээний дүн: 88.9 сая төгрөг. Гүйцэтгэгч: Жеопро Монголиа ХХК. 2020 оны зургадугаар сард нийлүүлэгдсэн. хоёр сар ашигласан. Техникийн үзүүлэлт, арлын дугаар нь тодорхойгүй. Мотор хөлөрч, дөрвөн дугуй нимгэрч язарсан байдалтай байсан.
- “Ахмадын хөгжлийн төвийн орон сууц худалдан авах” ажил. Гэрээний дүн: 142.5 сая төгрөг. Гүйцэтгэгч: Моншике ХХК. Ажлын тоо хэмжээнд тусгагдсан чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Энэ талаар захиалагчаас тодруулахад байрны өртөг өндөр учраас нийлүүлээгүй гэж тайлбарласан. Тус байрыг 14 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан байна.


Мөн, 2020 оны хэрэгжүүлэхээр жагсаалтад батлагдсан төсөл, арга хэмжээний 41.6% нь дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй бүрэн уялдаагүй байна.
Цаашлаад 2020 онд хэрэгжүүлэхээр баталсан 239 төсөл арга хэмжээний 73 нь зураг төсөв шаардлагатай байна. Үүнээс 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зургаан төсөл арга хэмжээг зураг төсөвгүй баталжээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх байдлаар алдаа, дутагдалтай хийгдсэн төсөл, арга хэмжээнүүдэд шалгалт хийж, ҮАГ-аас долоон дүгнэлт, найман зөвлөмж гаргасан байна.
Зөвхөн дээр жишээ болж дэлгэрэнгүй тайлбарлагдсан төслүүд л гэхэд нийтдээ 1 тэрбум 722 сая төгрөгөөр гэрээлсэн байгаа юм. Нийслэлийн Засаг даргыг 2020 онд С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар хашсан. Улс төр үргэлжилсэн энэ хугацаанд дүүргүүдэд улсын төсвөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээнүүд ийм байдалтай байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУУЛЬ НЬ БАЙНА. АЛААД ӨГӨӨЧ