ЭнтертайнментЯрилцлага

Н.Амаржин: Хүн өөрийгөө ХАМГИЙН САЙН НЬ гэж бодож явах хэрэгтэй

Эхлээд түүнийг Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч Н.Амаржин гэдгээр нь бид мэддэг байв. Харин дараа нь Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг тавд шалгардаг "Амаржий” болсон. Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав.

Түүний энэ бямба гарагт /2019.08.17/ хийх гэж буй ганцаарчилсан шоуны талаар болон, бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа. Тэр завсар зайгүй хичээл, IELTS-ийн шалгалтууд дундаас бидэнд цаг гарган товч хөөрөлдсөн юм.

-ИДЭВХТЭЙ ЦАГИЙНХАА 50 ХУВИЙГ БАГШИЛЖ ӨНГӨРӨӨДӨГ-

-Удирдахын хажуугаар өөрөө багшилдаг Universal сургалтын төвийн тань сэдвээр ярилцлагаа эхлэе. Хэр их цагийг англи хэлний багшийн ажилд зарж байна вэ?

-Universal сургалтын төвөө байгуулаад даруй таван жил болсон байна. 2014 оны гуравдугаар сард анх үүсгэн байгуулж байлаа. Сурагчдыг англи хэлний бүх түвшинд бэлтгэдэг, гадаадын их дээд сургуулиуд руу тэтгэлгээр суралцахад нь тусалдаг цогц хөтөлбөртэй сургалтын төв байгуулах гэж зорьсон.

Ер нь идэвхтэй цагийнхаа 80 хувийг багшийн ажилд зарцуулж байна. Анх 100 хувь зориулдаг байсан. Долоо хоногийн долоон өдөр хичээл заана шүү дээ. Зарим өдөр бүтэн зургаан цагийн хичээлтэй өдөр ч байна.

Анх ерөөс ганцаараа л нэг жижигхэн өрөөнд багшилдаг байлаа. Өнөөдөр нэлээд хөөрхөн өргөжсөн байна. Лав саяхан болсон хурим дээр маань манайхан нэг ширээнд багтахгүй байна билээ.

-Багшлахын хажуугаар Stand up Comedy хийх цаг зав хэр гардаг юм бэ? Зохиол бичих, бэлтгэх гээд чамгүй их ажилтай байх.

-Манай Comedy Lab-ийнхан ер нь долоо хоног болгон тоглолт, үзүүлбэр хийгээд зай авахгүй, тасрахгүй урагшилж байгаа. Бид ээлжилдэг. Тайзан дээр 15 минут тоглолт хийнэ гэдэг үзэгчдийн хувьд бага хугацаа боловч, үүний цаана бэлтгэл ажилд маш их цаг зардаг л даа. Орой хамгийн эртдээ 9 цаг гээд гэртээ орж ирдэг. Охинтойгоо эцэг хүний хувьд цагийг их өнгөрөөх гэж бас хичээнэ, нэг их амжихгүй л явна.

Зохиолын санааг ихэвчлэн шөнө бичнэ. Заримдаа үүрийн 3, 4 хүртэл ч суучихсан байдаг. Өөр хүний сэдээгүй санаа, хөндөөгүй сэдвийг барьж авах ёстой учраас яг зохиолоо бичье гээд суухад орж ирдэггүй. Энд тэндээс л хайх хэрэгтэй болдог. Цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд гэр маань байдаг болохоор их алхана, алхангаа бодно, өөртэйгөө ярьж үзнэ. Орилно, инээнэ. Тэнд нэг мангар нөхөр явж байвал би л гэсэн үг.

Тоглолтын санаа, стандартыг аль болох гадаад орнуудыхтай дүйцүүлэх, адилтгахыг зорьж байна. Сэдвийн хувьд маш өргөн шүү дээ. Гэр бүл, эхнэр хүүхэд, боловсрол гээд л. Facebook, Twitter гэх мэт сошиал орчны тухай сэдвүүд дуусашгүй баялаг.

-Хэзээнээс та Stand up Comedy сонирхож эхэлсэн юм бэ?

-За, ер нь 13, 14 настайгаасаа юм уу даа. Тухайн үед Youtube суваг ч анхлан гарч ирж байсан байх, Америкийн комедиануудыг их үздэг байсан, энэ маань ч англи хэл сайн сурахад нөлөөлсөн байж магадгүй. Түүнээс хойш энэ урлагийг тасралтгүй сонирхож явна.

-ЯМАР Ч БИЗНЕСТ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ТАЛ БАЙХ ЁСТОЙ-

-Та АНУ-д сурч, ажиллаж амьдарч байсан. Үндсэн ямар мэргэжилтэй хүн бэ?

-2003 онд аав, ээжийгээ дагаад Америкийг зорьж байлаа. 2012 онд Колорадогийн Их сургуулийг төгссөн. АНУ-д найман жил, Канадад нэг жил хагас амьдарч байсан. Миний бакалаврын мэргэжил гэвэл, улстөрийн шинжлэх ухаан болон эдийн засгийн хос дипломтой. Үүнээс гадна олон улсын багшлах эрхийн сертификатууд авах сургалтууд байдаг, 2014 онд авч байсан.

Эхнэртэйгээ хувийн бизнес эхлүүлээд явж байгаа учраас намайг энтерпренёр гэж болно. ETV-д хоёр жил шоуны хөтлөгч хийж байлаа. Оройдоо гадаад мэдээний тоймчоор ажилладаг байсан. 1000 мэргэжлийн эзэн болоод л явж байна /инээв. Сурв/

-Сургалтын төв нээж, багшлах болсон шалтгаан сонин байна?

-2010 онд буюу есөн жилийн өмнө, АНУ-д амьдарч байхад нэг компаниас холбогдож хүүхдүүдийг ACT-д бэлтгэдэг сургалтын төвд багшлах санал тавьж байсан. Би тухайн үед зоогийн газарт аяга, шанага угаадаг ажил хийдэг байв. Нэг их юм бодолгүй тэр саналыг хүлээгээд авчихсан юм.

Гэтэл хүүхдүүдэд хичээл заах ямар гоё гэдгийг мэдэрч эхэлсэн. Хүндлэл, амьд харилцаа тэнд бий болж байсан. Сурагчидтайгаа найзын ч хувиар, багшийн ч хувиар дотносч, хүнтэй харилцаж, мэддэг зүйлээ зааж өгөхийн сайхныг мэдэрсэн.

Сургалтын төв нээж багшлах санаа тухайн үеэс төрсөн боловч, хүн юмыг хойшлуулаад л яваад байдаг юм билээ.

-Одоо Universal таны анх зорьж, төсөөлж байсан хэмжээнд хүрч чадаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд сургалтын төвөө зоосны нүхээр харахдаа чухал биш, хүүхдүүдэд өөрийн биеэр зөв үлгэр дууриал үзүүлэхэд анхаардаг. Хүн хүссэн зүйлээ хийгээд, амжилт гаргаад, аз жаргалтай амьдарч болдог юм шүү гэдгийн амьд жишээ болохыг хичээдэг. Хүн ер нь өрөөл бусад хүний үгийг сонсдоггүй юм шиг байгаа юм. Дандаа үлгэр жишээ авч суралцаж явдаг. Хүүхдээ битгий сурга, өөрийгөө л сурга гэдэг шиг.

Анх байгуулж байснаас хойш одоо өсч хөгжөөд, баг маань сайхан бүрдээд байна. Ер нь аливаа зүйлийг бизнес гэдэг өнцгөөс харлаа ч, тэр нь гэрэл гэгээлэг байх нь чухал. Аливаа юманд жудаг гэж зүйл байна. Мөнгө сайн олдог гээд хүний наймаа ч юмуу, хар тамхины наймаа эрхлээд явж болохгүй. Гэрэл гэгээлэг бизнес байх ёстой гэсэн санаан дээр сургалтын төвөө эхлүүлсэн. Тухайн үед анх байгуулах гээд үзэж байхдаа ББСБ-аас 4 хувийн хүүтэй зээл авч байсан. Босч ирж чадсан. Тэр үед босч ирээгүй үлдсэн ямар олон залуус байгаа бол гэж бодохоор харамсдаг.

Бизнес модель гэдэг утгаараа маркетингийн алба ажиллуулаад, өөрөө зөвхөн удирдах алба хашаад сууж болно, хэцүү биш. Тэгж яваа олон хүн бий. Хамгийн гол нь бусдад хичээл заах миний хүсэл оршиж байна. Өглөө босоод л, “Өнөөдөр хүүхдүүддээ юу зааж өгөх билээ, нэг ийм юм хэлээд өгчихье дөө” гэж боддог. Энэ намайг хөдөлгөж байна. Бас нэг талаар, энэ хүсэл эрмэлзлээ хэзээ нэг өдөр алдчихвал яана гэж айдаг.

-SPECIAL SHOW ГЭР БҮЛ, ХАЙР СЭТГЭЛИЙН СЭДВИЙГ ХӨНДӨНӨ-

-Суралцагчид, Universal-ийг сургалтын өвөрмөц уур амьсгалтай, Н.Амаржин багш яг найз маань хичээл зааж өгч байгаа юм шиг багшилдаг гэж ярихыг олон сонсч байлаа. Та сургалтын төвдөө ямар заах арга барил нэвтрүүлэхийг зорьдог юм бэ?

-Тун товчоор хэлэхэд хүн аль болох богино хугацаанд, үр дүнтэйгээр гадаад хэлийг сурах ёстой. Цаашлаад хөгжилтэй, зугаатай маягаар сурах уу... гээд арга барилын хувьд задраад явна.

Манайхан чөлөөтэй. Бас дотроосоо багшаа бэлддэг. Төгссөн сурагчид маань эргээд манайд багшлахаар, тогтсон дотоод уур амьсгал эвдээд байхгүй амар байдаг. Гаднаас багш авчирвал бидний үзэл санаа, уур амьсгалд нэгдэх гэж хугацаа зардаг.

-Энэ бямба гарагт /2019.08.17/ та Special Show-аа хийх гэж байна. Ганцаарчилсан тоглолт хийх болсон шалтгаан сонин байна. Шоу ямар онцлогтой байх талаар сонирхуулаач?

-Бараг Авьаслаг Монголчууд шоунд орсноос хойш дорвитой контент бэлдээгүй, ажиллаагүй юм байна. Үүний хажуугаар хуримын ажилдаа бараг бүтэн жилийн хугацаа зарцуулжээ. Comedy Lab-ийн зургаа маань Тэрэлжид амарч байгаа, би шоугаа "хараад” үлдсэн гэхэд болно. Тийм ч болохоор нэг хагас сайн өдрийг ганцаарчилсан комеди шоу хийж өнгөрүүлье гэж бодсон. Шоундаа яг одоо ч бэлдээд л байж байна.

Special Show-г дан хайр дурлал, гэр бүл, үерхлийн сэдвээр хийж байгаа нь онцлогтой.

-Нууц биш бол тасалбар хэр сайн борлуулагдаж байна вэ?

-Тасалбараа онлайнаар борлуулж байгаа. Одоо тал хувь нь зарагдчихсан гэж хэлж болно. Манайхан шоу эхлэхээс өмнө танхимын үүднээс тасалбараа олонтаа худалдаж авдаг байх. Танхим дүүрэх юм шиг байна. Намайг зориод хоёр зуу гаруй хүн ирнэ гэдэг миний хувьд урагш ахих, хөдөлмөрлөх түлхэц болно. Нэгэнт зориод ирсэн хүмүүсийг буцаахгүй юмсан гэж бодож сууна.

-ХҮН ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН САЙН НЬ ГЭЖ БОДОЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ-

-Таны Stand up Comedy-ийн гараа UB Comedy клубээс эхэлсэн. Оны өмнө хоёр салж, одоо Comedy Lab-д харьяалалтай байна. Өөрийн ганцаарчилсан Special Show хийдэг комедианууд бас бус бий. Та өөрийгөө тэдэнтэй харьцуулдаг уу?

-Хүмүүс биднийг хооронд нь сайн муу гэж харьцуулах гээд байх шиг санагддаг. Бас UB Comedy хоёр салсныг харилцааны ямар нэг асуудлаас үүдэлтэй гэж ойлгохыг хүсдэг. Яг үнэндээ бид бүгдээрээ дотны анд нөхөд. Би тэднийгээ үнэлдэг. Хуримдаа бүгдийг нь урьсан. Ирсэн. Амьдралынхаа хамгийн чухал үйл явдалд урьж байна гэдэг чинь ямар нэг муу харилцаагүй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг шүү дээ.

Гэхдээ ер нь хувь хүн өөрийгөө хамгийн сайн нь гэж бодож л явах хэрэгтэй. Харин үзүүлбэрээ харьцуулна гэдэг өрөөсгөл. Үзэгчид өөр, өөрийн бодолтой. Яахав, олонд илүү танигдсан, инстаграмд олон дагагчтай, ганцаарчилсан шоугаа маш амжилттай хийгээд явдаг Идэрээ гэх мэт залуус бий. Мундаг байна. Яалт ч үгүй, үнэн бодит байдал ийм байна.

Бусад хүмүүсийн тухайд санаа зовохыг хүсдэггүй. Хамгийн гол нь, өнөөдөр өчигдрөөсөө илүү болсон байх л чухал. Би өөрийнхөө цаг зав, боломж чадлаар Stand up Comedy-г хөгжүүлэх гэж хичээж, хөдөлмөрлөж байгаа. Цаг хугацаа их хэрэгтэй. Леброн Жеймсийг Майкл Жордантай харьцуулж болохгүй гэдэг шиг. Надад дэвших, хөгжих боломж бий гэж хардаг.

-Комеди хийдэг шалтгаан тань юу юм бэ? Хүмүүсийг инээлгэхдээ байдаг уу, эсвэл нийгмийн хөндүүр сэдвүүдийг шүүмжлэхдээ байдаг юм уу?

-Аль аль нь... Би өөрөө инээд муутай, инээх дуртай хүн учраас бусдад инээд бэлэглэх нь таалагддаг. Өөрийгөө өндөр түвшинд гараагүй, сурч эхлээд хөгжиж байгаа гэж хардаг. Нөгөө талаас үүгээрээ дамжуулан залуусын дуу хоолой болж чадна. “Улсын хөгжил жорлонгоосоо эхэлдэг” гээд л комеди хийхэд хүмүүс их инээж, хуваалцаж байна. Гэхдээ цаана нь мессеж явж л байгаа. Залуу хүний хувьд би болохгүй байгаа зүйлсийг ямар нэг хэлбэрээр ярих үүрэгтэй.

Хүмүүс, “Энэ бацаан, юу ч мэдэхгүй байж том том юм ярилаа” гэж үл ойшооно, шүүмжилэх нь бий. Улстөр судлаач мэргэжил маань ч байна, шоугаар дамжуулж хэлэх гэснээ хэлдэг.

-Ярилцлагын төгсгөлд таны хамгийн ойрын зорилтыг асуумаар байна?

-Яг таг товлогдоогүй ч хоёрдугаар сард том хэмжээний бие даасан комеди шоу хийхээр төлөвлөөд байгаа. Харин сургалтын төвийнхөө тухайд, програмынхаа хугацааг илүү багасгах бодолтой байна. IELTS, TOEFL, ACT-д бэлддэг хөтөлбөрөө улам чанаржуулах, эсээ бичих сургалтаа сайжруулах гээд.

Гэр бүлийнхээ тухайд гэвэл, охин маань хоёр нас хүрнэ. Сайн аав болохыг, охиноо коршоконд шээж сургахыг зорьж байна даа. Хувь хүнийхээ хувьд бие бялдараа хөгжүүлмээр.

Stand up Comedy хийж байгаа биднийг дэмжиж, шүүмжилж хурцалдаг үзэгчиддээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас сурагчиддаа хандан, уйгагүй суралцахыг сануулмаар байна. Нэгт, англи хэл сур, хоёрт ном сайн уншиж, сэтгэхүйгээ хөгжүүл. Гадны их дээд сургуульд элсэн суралцахад хэрэг болно. Заавал Universal-г сонго гэхгүй ээ. Монголын маань л хүүхэд гадны сургуульд тэнцэж, суралцаад ирвэл бидэнд бүгдэд нь хэрэгтэй. Англи хэлний сургалтын төв гэж байхгүй болтлоо манай боловсролын систем хүүхдүүддээ англи хэл сургадаг болоосой гэж мөрөөддөг дөө.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button