НийгмийнСПОРТ

“Токио-2020”: Тамирчид, ажилтнуудаас коронавирусийн 71 тохиолдол бүртгэгдлээ

Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчид болон ажилтнуудаас коронавирусын халдварын нийт 71 тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар “Ассошиэйтэд Пресс” (Associated Press) агентлаг Олимпын наадмыг зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан долдугаар сарын 20 (мягмар гараг)-нд мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-ын гимнастикч Кара Икер, Чехийн элсний волейболчин Ондржей Перушич нар “COVID-19” коронавируст халдварын шинжилгээнийх нь хариу эерэг гарчээ. Тиймээс хоёр тамирчин хоёулаа 14 хоногийн тусгаарлалтад орлоо.

Халдвар авсан хүмүүсийн дунд Олимпын тосгоныхон төдийгүй Чиба мужид  бэлтгэлийн баазад Олимпын арын албанд ажиллаж байсан, сайн дурынхны нэг ажилтан мөн халдвар авчээ. Учир нь, халдвар авсан АНУ-ын тамирчин Икер тэнд бэлтгэл сургуулилт хийж байсан байна. Тухайн сайн дурын ажилтан Японы өөр бусад газруудаар явсан өгүүлэмжтэй юм байна.

Олимпийн наадмыг Зохион Байгуулах Хорооны дарга Мүто Тоширогийн зүгээс олимпыг эцсийн мөчид цуцалж ч магадгүй талаар “Ройтерс” агентлаг иш татжээ.

Коронавирусын улмаас олимп цуцлагдах боломжтой эсэх талаар хэвлэлийн бага хурал дээр Мүто хариулахдаа Зохион Байгуулах Хороо халдварын тархалт, динамикийг урьдчилан таамаглах боломжгүй гэдгийг онцлов.

Түүний хэлснээр, халдвар дахин бүртгэгдвэл Зохион Байгуулах Хороо энэ асуудлаар дахин хэлэлцэж, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шийдэх юм байна.

Эргэн сануулахад, коронавирусын цар тахлын улмаас Токиогийн Олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах хуваарьтай байсан ч Олимпыг 2021 он хүртэл нэг жилээр хойшлуулсан билээ.

Ингээд XXXII удаагийн Токиогийн Зуны Олимп энэ сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл үзэгч, хөгжөөн дэмжигчгүйгээр зохион байгуулагдахаар болсон. Улмаар, Токиогийн булан дахь Олимпын тосгонд аль хэдийнэ улс орнуудын тамирчид, дасгалжуулагч, холбогдох хүмүүс ирсэн байгаа юм.

Энэ удаагийн Олимпын наадамд нийтдээ 11 мянга орчим тамирчид оролцоно. Зарим нэг тамирчдын хувьд коронавирусын халдварын улмаас олимпод оролцохгүй болсон харамсалтай дүр зураг байна.

Хүн төрөлхтний хүсэн хүлээдэг эв нэгдлийн билэгдэл болсон Олимпод оролцох эрхийг олж авна гэдэг тамирчин хүний хувьд олон жилийнх нь хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Гэсэн ч, цар тахлын уршгаар ийнхүү олимпод оролцох боломжгүй болж байгаа нь сэтгэл оюун, бие бялдрын асар их бэлтгэл хийсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдын хувьд туйлын харамсмаар зүйл.

Олимпын тосгонд анхны “COVID-19”-ийн халдвар өнгөрсөн долоо хоногийн баасан гараг (2021.07.16)-т бүртгэгдсэн. Олимпод оролцох тамирчнаас бус ажилтнаас илрээд байгаа билээ.

О.АНАР

(Эх сурвалж: Associated Press)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button