Нийгмийн

Токиогийн олимпын шүүгчдын чансааг тэргүүлж буй Т.Энхцэцэгийн тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнээс Монголоос Төрбатын Энхцэцэг шүүж байгаа билээ. Монголын жүдогийн түүхэнд олимп дэнсэлж буй анхны эмэгтэй шүүгч тэрбээр одоогоор “Токио-2020”-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

НЭГ: Т.Энхцэцэг олимпын наадмын жүдогийн тэмцээнийг шүүж буй Монголын анхны эмэгтэй шүүгч. Токиогийн олимп шүүх эрх авсных нь дараа ярилцлага авахад  “Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг.

Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй.

Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэсэн юм.

ХОЁР: Тэрбээр олимпын эмэгтэйчүүдийн 52-д Абэ Үта, эрэгтэйчүүдийн 73 кг-д Оно Шохэй нар түрүүлсэн, аваргын төлөөх барилдааныг одоогоор шүүгээд буй нь хэр нэр хүндтэй, чансаатайгийнх нь нэгээхэн илрэл.

ГУРАВ: Дэлхийн шүүгчдийн чансааг сүүлийн гурван жил тэргүүлж буй Т.Энхцэцэг 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан юм. Тэрбээр 2017 оноос IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван ДАШТ-ийг дэнслэн, анхны олимпоо шүүж байна.

ДӨРӨВ: Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Т.Энхцэцэг 1997 оноос жүдогийн спорттой амьдралаа холбожээ. Тэрбээр Ц.Шийрэв багшаар жүдо заалгаж, анх хичээллэсэн.

ТАВ: 2000 оны нэгэн тэмцээний үеэр мөр нь мултарсан тул жүдогоор тууштай хичээллэх боломжгүй болжээ. Улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

ЗУРГАА: Харамсалтай нь, 2002 оны арванхоёрдугаар сард Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ууганбаатар, шүүгч Д.Энхтүвшин нар түүнд шүүгч хийхийг зөвлөв. Улмаар шүүгчийн нэг сургалтад сууж, шүүгч болох жимээ гаргажээ.

ДОЛОО: Т.Энхцэцэг 2017 онд анхны тэмцээнээ шүүжээ. Анхны тэмцээнээ шүүснийх нь дараа олимпын зэрэгтэй шүүгч, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат “Анхны тэмцээнээ маш сайн шүүлээ. IJF чамайг сайн байна гэсэн шүү” гэж түүнд урам өгсөн гэнэ.

НАЙМ: Түүний ханийг И.Отгонбаяр гэдэг, Монголын жүдогийн холбооны менежер. Тэд анх 2001 онд танилцан, түүнэс хойш өнөөг хүртэл амьдралын, жүдогийн төлөө хамтдаа зүтгэж явна.

ЕС: Т.Энхцэцэг шүүгчээр хийхийн сацуу дасгалжуулагчаар ажилладаг. 2005 онд “Аварга”-ыг төгссөнийхөө дараа амьдрахын эрхэнд “Монголд үйлдвэр” барааг захаас худалдаж аваад “Бөмбөгөр”-ийн гадаа бөөндөж зардаг байж. Зуны гурван сар тэгж ажиллаад байхад нь МЖБХ-ны генсек Ууганбаатарын зөвлөсний дагуу нэгэн сургалтад суужээ.

Тэр үеэр Казахстаны нэр дээр барилддаг, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатартай уулзсан байна. Тухайн үед Д.Энхбаатар багш “Тэмүүжин”-д ажиллах санал Т.Энхцэцэгт тавьжээ. Тэгж дасгалжуулагчийн гараагаа эхлүүлсэн байна. Одоо Т.Энхцэцэг “Шинэ бадрах дожо” сургуульд дасгалжуулагч хийдэг.

АРАВ: Мөр нь мултарсны улмаас жүдогоор барилдахаа больсон Т.Энхцэцэг 2016 онд ахмадын ДАШТ-д түрүүлж, Төрийн дууллаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлсэн юм.

2002 оноос хойш тэмцээнд ер барилдаагүй байж байгаад ДАШТ-д 14 жилийн дараа түрүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй. Түүний олон улсын анхны тэмцээн нь тэр жилийн ДАШТ байлаа.

Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Trewq
Trewq
2021-07-29 10:23

Би жудо сонирхдоггүй ч таниар их бахархлаа. Гоё ч эгч байна. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button