Италийн эрх баригчид бүх ажилтнууд зайлшгүй “КОВИД-19-”ийн паспорттай байх шийдвэр гаргалаа

Ирэх аравдугаар сарын 15-наас эхлэн бүх ажилтанд коронавирусийн халдваргүй эсхүл коронавируст халдварын дархлаа тогтсон эсэхийг баталгаажуулсан баримт бичиг буюу “КОВИД-19”-ийн ногоон паспорттай байх шаардлага тавихаар болжээ. Холбогдох шийдвэрийг өчигдөр пүрэв гараг /2021.09.16/-т Италийн Засгийн газар баталсан байна. Энэ шийдвэр гаргаснаар Итали улс Европт анхны орон болж байна.
“КОВИД-19” ногоон паспортыг коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан, коронавирусийн халдвар аваагүй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан ажилтнуудад олгохоор болжээ. Коронавирусийн шинжилгээний хариуг зөвхөн 72 цагийн хугацаанд хүчинтэй гэж үзэх аж.
Аравдугаар сарын 15-наас хойш “КОВИД-19”-ийн ногоон паспортыг олгохгүй бөгөөд паспортгүй ажилтныг цалингүйгээр ажлаас нь түдгэлзүүлэх юм байна. Харин, ногоон паспортгүй хэрнээ ажиллаж байгаа ажилтанд 600-1500 Еврогийн торгууль ногдуулах аж. Тиймээс, ажил олгогчдыг ажилтнуудаасаа “КОВИД-19”-ийн ногоон паспорт байгаа эсэхэд хяналт тавих үүрэг хүлээх юм байна. Нөгөөтэйгүүр, ногоон паспортгүйтохиолдолд гэрээсээ ажиллах боломжтой ажээ.
Италийн Засгийн газар ийм шийдвэр гаргаснаар нийт 23 сая хүн вакцинд хамрагдана гэж тооцоолжээ.
Үүний зэрэгцээ, Италид 12 ба түүнээс дээш насны иргэдийн 75 орчим хувь нь ямар нэгэн байдлаар вакцинжуулалтад хамрагдаад байна. Италийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн мэдээлснээр 2021 оны хоёрдугаар сараас хойш коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн 99 хувь нь вакцин хийлгээгүй хүмүүс байжээ.
Италийн “КОВИД-19”-ийн ногоон паспорт олгох арга хэмжээ нь Европ дахь хамгийн “хатуу” арга хэмжээнд тооцогдож байгаа юм. Өмнө нь, Италид нисэх онгоц, галт тэрэг, гатлага онгоц, бүс нутаг хоорондын автобус, усан бассейн, биеийн тамирын заал, кино театр, цэнгэлдэх хүрээлэн, театрт зочлохдоо заавал ногоон паспорттай байхыг шаарддаг байсан. Үүнээс гадна, энэ долоо хоногт мөн италийн багш нар заавал ногоон паспорттай байхыг шаардаж эхлэх юм байна.
Сүүлийн долоо хоногуудад Европын зарим улс орнуудад ногоон паспорт шаардаж эхэлснийг эсэргүүцэн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсагчид эрх баригчдыг хүний эрх чөлөөнд халдаж байна хэмээн буруутгаж байгаа юм.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.