СУРВАЛЖИЛГА: Сайн дурын онцгой байдал буюу "Mongolian Pajero club”-тэй уулзсан нь

Өвлийн цасан шуургатайд болон зуны үертэйд автомашинаа гацаасан, живсэн, онхолдсон зэрэг олон бэрхшээлтэй тулгарч тусламж хүссэн иргэдэд үнэ төлбөргүй тусалдаг бараг л “сайн дурын онцгой” гэж хэлж болохоор хүмүүс бол “Mongolian Pajero Club”-ийн хамт олон билээ.Тус клубийн “үүр” гэгдэх автомашины грашаар зочлох зам маань тун амаргүй донсолгоо ихтэй байсан бөгөөд аргагүй л туршлагатай жолоочдын цуглах газарт тохирсон зам хэмээн бодогдуулж байлаа. Хаашаа хэрхэн явахыг клубийнхаа тэмдгээр тун ойлгомжтой заасан байх аж. Ийнхүү бид хүмүүст туслахын сайхныг олонд таниулж буй энэхүү клубийн санаачлагч Н.Болортой уулзаж ярилцлаа.

ЖОЛООЧИД ХООРОНДОО ЭВТЭЙ БАЙХ, БИЕ БИЕДЭЭ ТУСЛАХ ЭЕРЭГ МЕССЭЖИЙГ ХҮМҮҮСТ ӨГӨХИЙГ ХИЧЭЭДЭГ
-Сайн байна уу? Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу, “Монголын Mitsubishi Pajero” ТББ-ын тэргүүн Н.Болор гэдэг. Анх энэхүү төрийн бус байгууллагаа 2012 онд байгуулаад, албан ёсны тамга тэмдгээ 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр авч байлаа. Түүнээс хойш одоог хүртэл маш олон аврах болон “sos” ажиллагаанд хамт олноо уриалан авч явж нийгэмд эерэг мессэж өгч байна. Бидний аавуудын үед тээврийн жолооч нар бие биедээ их тусалдаг байсан бол одоо тийм зүйл байхгүй болж, хоорондоо арсалдаж явдаг болсон. Үүнийг өөрчлөн бие биедээ туслах сэтгэлийг түгээе гэсэн уриалгыг 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна.

-“Mongolian Pajero Club”-ийн үндсэн зорилго юу вэ?
-Клубийн үндсэн зорилго бол автомашины мэдлэгийг сайжруулах, авто спортын мэдлэгийг дээшлүүлж, дэмжих, сайн үйлсийн аян зохион байгуулах гэсэн зорилготойгоор үүсгэн байгуулсан. Анх үүсгэн байгуулагдсан өдрөөс өнөөг хүртэл хийсэн сайн үйлс олон бий. Бидний зүгээс хог түүх, овоо модны хадаг яндар түүж цэвэрлэх, хүүхдүүдэд бэлэг тараах, ядарсан айлд нүүрс дөхүүлж өгөх зэрэг дотроосоо бага багаар мөнгө босгоод олон сайн үйлсийн аян хийж үзсэн. Гэвч энэ бүгд бидний хийх зүйл биш гэдгийг ойлгосон юм. Бид бол “extreme awto club” машин маань туулах чадвар сайтай. Иймд клубийн удирдах зөвлөлийн зургаан гишүүн болон жинхэнэ гишүүд болох 117 хүн хоорондоо хуралдаж байгаад албан ёсны байнгын сайн үйлсийн аян буюу авто “sos” гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Үүнийг бид 2014 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ОБЕГ-ын тусгай дугаар болох 105 дугаарт албан ёсны авто клубээ танилцуулсан. Ямар нэгэн онцгой байдлын үед буюу цасан шуургатай, үертэй нөхцөлд клубийн маань залуус өөрсдийн бинзен болон тусгайлан бэлдсэн автомашинаар туслах болно. Иймд манай залуусыг харьяа дүүргийн салбарууддаа анхны тусламж үзүүлэх мэдээлэл сургалтад хамрагдуулж өгөхийг хүссэн. Одоогоор 32 хүн сертификаттай болсон байна.

-Сайн үйлсийн аян “sos” хийхээс гадна авто спортод нэлээд сонирхолтой клуб бололтой?
-Mitsubishi Pajero машин бол 1990-ээд оноос эхлээд “Dakar Rally” тэмцээний 12 удаагийн дарааллан түрүүтэй. Дэлхийд нэртэй энэхүү автомашиныг хүлэглэдэг клубийн залуус маань нэгэн дуугаар авто спортод хүчээ үзнэ гэсэн томоохон зорилго гаргасан. Саяхан “Scorpion 4x4” хэмээх бартаат замын тэмцээнийг манай клубийн зүгээс албан ёсоор тав дахь удаагаа зохион байгуулсан. Энэхүү тэмцээн бол “Mongolian Pajero club”-ийн албан ёсны нэрэмжит тэмцээн юм. Онцлог нь зөвхөн элсэн дээр болдог, жалга, дов сондуул, налуу, шатрын нүүдэл зэрэг хүнд сигменттэй тэмцээн болдог. Үүнийг цаашдаа олон улсын хэмжээнд хүргэхийг зорьж байна. Мэдээж Монголын олон залуус энэхүү тэмцээнд оролцдог. Саяхан клубийнхаа н.Бум-Эрдэнэтэй хамт Малайзад зохион байгуулагдсан томоохон тэмцээнийг үзэж сонирхон туршлага судлаад ирлээ. Түүнчлэн залуус машинаа яаж засч, тоноглож байгааг харж судалгаа хийсэн. Цаашдаа авто спортыг хөгжүүлнэ. Мөн бидний зүгээс үргэлж хийдэг нийгэмд хандсан үнэ төлбөргүй авто “sos”-оо үргэлжлүүлнэ.
ӨВС АЧСАН ХОЁР ТОМ ОВРЫН МАШИНЫГ ГАРГАХЫН ТУЛД ОЛОН МАШИНЫ ХРОП ЭВДЭРЧ, ШӨНӨЖИН АЖИЛЛАЖ БАЙСАН

-Авто “sos” үйлчилгээ үнэ төлбөргүй боловч холын замд тусламж хэрэгтэй болсон хүмүүст хэрхэн тусалдаг вэ? Мэдээж цаг хугацаа болон бинзений хувьд их асуудалтай шүүдээ.
-Мэдээж үнэ төлбөргүй “sos” үйлчилгээний талаар олон хүн асуудаг. Эд нар “бэрдүүл” буюу хаана ч суусан очиж татаад байдаг баян улсууд уу? гээд л зарим яриа сонсогддог. Үүнд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Улаанбаатар хотын 50 км радиус дотор бид үнэ төлбөргүй тусалдаг. Харин 50 км радиусаас гадагшаа бол ажлын хөлс бус зөвхөн автомашиныхаа бинзенийг хийлгэж, тухайн хүнд очиж тусалдаг байгаа. Ийнхүү манай клубийн гишүүд дундаас олон шилдэг “sos”-чид тодорсон. Хамгийн багадаа л 200 “sos”-той 30-40 хүн бий.
-Анх “sos” хийж хүмүүст туслах санааг хаанаас авсан бэ? Энэхүү клубт олон төрлийн хүмүүс бий шүүдээ. Эднийг юу нэгтгэж байна вэ?
-Би 2281 гэдэг таван хаалгатай пажеро машинтай байсан. Эхлээд өөрт маш их тусламж хэрэгтэй болдог байлаа. Мэдээж засвар техник шаардлагатай болж дизель тэрэг чинь өглөө бүр хөлдсөний улмаас акумлятор холбуулна гэх мэт олон тусламж клубээсээ хүсдэг байсан. Дөнгөж танилцаж байсан үе шүүдээ. Тэр үед олон хүмүүс тусалсан. Иймд эргээд би ч бас бусдад тодорхой хэмжээнд тусалж эхэлсэн. Клубийн гишүүд маань ч бас зөвхөн пажеротой гэлгүй бусад хүмүүст тусалдаг болсон. Цахим орчин бол эерэг зүйлийг маш хурдан түгээдэг. Тиймээс бидний мессэж олон хүнд түгсэн байсан. Сүүлдээ жийп унасан бүх хүн бие биедээ тусалдаг болсон байна.
-Хүмүүст тусламж үзүүлж байх үед болсон хамгийн сэтгэлд үлдсэн тохиолдлуудаасаа дурсвал?
-Хамгийн хүнд үе бол өвлийн улирал байдаг. Хавар намар зуны улиралд бид даарч хөрдөггүй учраас харьцангуй гайгүй. Тодорхой хэмжээнд сэтгэлд үлдсэн зүйлс зөндөө л байна. Өвөл заримдаа нүүр нүдгүй шуурдаг. 22-ний товчоон дээр зам хаачихсан автомашинууд нэг нь ч гарахгүй байхад замын цагдаа нар бидэнд ёслоод бичлэг хийсэн. Бид цаана байсан “Istana” маркын машинтай 11 хүүхэд болон үргэлжилсэн шуурганд суусан маш олон “хүнд” түвшинд ирсэн машинуудад туслахаар очсон. Хунгарласан цасанд нэг нь суучихна. Араас нь бүгд татаад л дайраад сууна гэх мэт үеүд их. Учир нь бид цас хаана их, бага байгааг мэдэхгүй нүүр нүдгүй цас шуурчихдаг. Нэг удаа өвс ачсан хоёр том оврын машин мөс нь цөмрөөд хоёр хоноод дугуйнуудыг нь зуураад барьчихсан байсан. Тэднийг татаж гаргахад л маш олон машин хропоо эвдсэн. Гишүүдийн маань машин эвдрэл их авсан. Оройн 21:00 цагийн үед дуудлага авч очоод өглөөний 06:00 цагийн үед эргэж хотдоо орж ирсэн байдаг. Хоёрхон машин дээр хамгийн удаан буюу шөнөжингөө ажиллаж байж амжилттай гаргасан түүх бий. Манайхаас найман машин тэр үед оролцсон.
-Хүмүүст туслаад клубээрээ “sos” хийгээд явах үед ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
-Мэдээж энэ бүх залуучуудыг өдөр болгон орой бүр “sos” хийхээр гараад явахад эхнэр хүүхэд нь хэрхэн хүлээж авах вэ зэрэг олон хүндрэлүүд байсан. Тэр бүгдийг даваад манай залуучууд өнөөдрийг хүртэл явсан. Одоо бол биднийг их уриалгахан хүлээж авч, ойлгодог болсон. Харин шинэ гишүүдэд яг энэ асуудал ахиад тургарч байгаа /инээв/.
ГОЛЫН ДУНД МАШИНЫХАА ТААЗ ХЭСЭГТ СУУГААД ГУРАВ ХОНОСОН ЗАЛУУСТ ТУСАЛЖ БАЙЛАА

-Хамгийн ихдээ “sos” хийхэд хэдэн машин гарч байсан бэ?
-Тэрийг тоолох хэцүү шүүдээ. Зудтай, цасан шуургатай үед л хамгийн их машин явдаг. Яагаад гэвэл давааны наана цаана битүү, хоёр тал руугаа хальтраад орцон байдаг. Хоёр талаар нь хунгарлаад ганцхан машин явах зайтай болчихсон. Өөдөөс ирж буй урсгалд ганц машин явж байтал халиад хажуугийн цас руу орчихно. Мэдээж мөсөн зам үүснэ. Энэ нь засмал зам дээр 1-2 см мөс биш 5-10 см маш зузаан мөс дээрээс нь ховилтой учраас рүль залахад маш хүндрэлтэй. Манай машинууд дугуйндаа цеф тавьдаг болохоор давуу талтай. Заримдаа урдаа цас түрэгч байрлуулчихна. Машин тоогоор ярьвал өвөл нэг дор 30-40 машин татаж байсан тохиолдол бий. Манайх 2016 оны гуравдугаар сарын 4, дөрөвдүгээр сарын 15-нд хийсэн хоёр том “sos” байдаг. Тэр хоёр өдөр арав гаруй машиныг тав таваар нь нэг нь айдсын даваа руу нөгөөх нь 52-ын даваа руу хуваарилж гаргасан. 30-40 машин татсан тохиолдлын хувьд ихэнхдээ дандаа “онхолдсон” машинууд таардаг. Хөдөө орон нутгаас ирж буй портерууд их онхолддог. Даваанаас нааш гарч ирэхэд “хөвсөлзүүр” замууд байдаг. Тийм замын уруу хэсгээр халтиргаатай учраас битүү хунгартай хоёр тал руугаа онхолдоод унасан тохиодол их. Харин манайхан цаснаас өргөдөг зориулалтын данхраад, сунадаг татлага хэрэглэдэг.

-Өдөрт хэр их хэмжээний дуудлага ирдэг вэ?
-Бороо ус ихтэй өдөр 10-20 дуудлага хангалттай ирнэ. Энгийн ажлын өдрүүдэд бол өдөрт 1-2 дуудлага ирдэг. Харин амралтын өдөрт хүмүүс агаар салхинд гэр бүлтэйгээ гардаг. Мэдээж бартаа саад уул усандаа байна. Маш олон голд живсэн тохиолдол бий. Саяхан гэхэд “Hilux” маркийн машиныхаа тааз хэсэгт гараад гурван хоног суусан залуусыг гаргасан. Голын хүчтэй боргиотой хэсэгт таг гацсан. Ер нь амралтын өдөр багадаа долоон дуудлага, ихдээ 14-15 дуудлага ирдэг. Манай клубийн зүгээр 21 аймагт Пажеро машин унадаг хүмүүсээ аль болох бүртгэж авахыг хичээдэг. Хэрэв сайн бүртгэж чадвал бид олон аймагт тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Одоогоор Улаанбаатрын олон хэсэгт гишүүдтэй болсон байна. Гишүүд бүгд гэрийнхээ хаягаар бүртгүүлдэг бөгөөд хэдэн цагийн үед “sos” хийх боломжтой, хэд дэх өдөр амардаг гэдгээ хэлж өгдөг.

-Хоорондоо хэрхэн холбогдож уялдаа холбоотой ажилладаг вэ?
-Бид бүгдийн дунд клубийн “sos”-чид гээд дотоод чат бий. Түүндээ би “манайхан хаана байна?” гээд бичвэл бүгд байгаа газраа хэлээд явчихна. Мөн бид клуб дотроо станц ашигладаг. Түүгээрээ тусламж үзүүлэх үед л хоорондоо холбогддог. Зарим том оврын машиныг цуваа холбоосоор холбогдон татаж гаргалаа гэж бодоход манжингийн үлгэр шиг зэрэг ажиллахын тулд их хэрэг болно шүүдээ. Үүний ачаар нэг баг болж холбогдож чаддаг.
-Баярын өдрүүдэд хүмүүст яаралтай тусламж их хэрэгтэй болдог. Харин тэр үед хэрхэн тусалдаг вэ? Ямар нэг амралтын үе бий юу?
-Цагаан сарын өдрүүдэд хүмүүс их холбогддог. Ер нь манайхан бүх баярын өдрүүдэд нээлттэй байдаг.
Ямар үед манай авто “sos” байдаггүй вэ гэвэл бид бүхэн тэмцээнд явсан үед байдаггүй. Үүнээс өөр үед бид боломжоороо тусламж үзүүлээд явдаг. Харин “Зэрлэг 4x4”, “Mazaalai 4x4” гээд тэмцээнүүд их зохион байгуулагддаг. Энэ үеэр өдрөөр хот доторх тусламжыг үзүүлдэг. Хэрэв гурваас дээш хоног үргэлжилсэн тэмцээнд явахдаа хөдөө орон нутаг руу сүлжээгүйн улмаас дуудлага авдаггүй. Угаасаа “арзгар”-ууд маань бүгд тийм хоббитой болохоор бүгд хамтдаа яваад өгдөг /инээв/.
ГИШҮҮД МААНЬ 20 ХҮНД ТУСАЛЖ БАЙЖ КЛУБИЙН ЛОГОГ ӨӨРИЙН БОЛГОДОГ

-Тэмцээн уралдаануудад их оролцож шагнал хүртсэн гэлээ. Амжилт гаргаж байсан томоохон тэмцээнүүдээсээ хуваалцвал?
- ОХУ-ын Улаан-Үд хотод болсон тэмцээнд манай клубийн гүйцэтгэх захирал н.Баттулга болон н.Батчулуун гэдэг хоёр залуутай нийлээд бид гурав нэг машин бэлдэн “Снеги коп тропи” хэмээх тэмцээнд хамгийн хүнд буюу спорт гэх ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн. 2016 оны “Mazaalai 4x4” тэмцээнд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медал авсан. Ийнхүү дурьдаад байвал хүрэл медал олон бий. Хуучин энэ тэмцээнд хоёр ангилалтай байсан бол одоо таван ангилалтай болсон. Цаашдаа өшөө олон алтан медалын төлөө өрсөлдөнө. Энэ жилийн зэрлэг 4x4 тэмцээнд уралдаж буй таван автомашин Монголчуудын гараар бүтсэн машин маань 2019 оны есдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн рашаан гэдэг газар зохион байгуулагдана.

-Та ярианы эхэнд хуучин болон шинэ гишүүдийн тухай хэлсэн шүүдээ. Хуучин гишүүд нь дунджаар хэдэн жил болсон хүмүүс байна вэ?
-Хамгийн багадаа л гурваас таван жил байсан гишүүд бий. Бусдад туслахын төлөө их цаг зав гаргаж, олон түмэндээ тусалсан олон залуучууд бий. Шинэ гишүүд бол ойлгомжтой. Манай клубт нэг дүрэм байдаг нь ардаа газрын зурагтай клубийн лого болон машины урд талын салхины шилэн дээр наадаг хоёр логог авахын тулд мөнгө төлөх бус 20 удаа хүнд тусалсан байх ёстой. Түүнийгээ зургаар баталгаажуулаад хэддэх “sos” гэдгээ бичээд явна. Ийнхүү 20 хүрвэл надаас ирээд үнэ төлбөргүй логогоо авч манай клубийн үндсэн гишүүн болдог. Манай клуб дотроо гурав хуваагдсан байгаа. Энэ нь зөвхөн гишүүдийг үндсэн болон жинхэнэ гишүүн гэж хуваана. Хамгийн сүүлд удирдах зөвлөлийн гишүүд бий. Үндсэн гишүүд нь зөвхөн манай клубын дагагсад буюу пажеротой хүмүүс. Харин жинхэнэ гишүүд маань аливаа шийдвэрт болон үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Пластик үнэмлэхтэй, Пажеро логотой малгай куртикээр жигдэрсэн байдаг. Сүүлийн удирдах зөвлөлийн зургаан гишүүнд гурван модератор болон гурван админ бий. Энэ зургаан хүний үр дүн их гардаг бөгөөд олон талаар хүмүүсийг холбож уялдаа холбоог барьж явдаг.
-Та яриандаа дандаа залуус гэж хэллээ. Эмэгтэй гишүүд бий юу?
-Эмэгтэй гишүүд гарын арван хуруунд багтахаар цөөхөн бий. Гэвч эмэгтэй гишүүд машиныг бидэн шиг “дэглэж” унахгүй. Мөн ойр зуурын жижиг “sos”-д явчихна. Зарим гишүүдийн маань эхнэрүүд нь хүртэл Пажеро унадаг болчихсон.
ХҮМҮҮСИЙН АРГАА БАРСАН ХАРЦ ӨӨРЧЛӨГДӨЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЭХ ҮЕД УРАМ АВДАГ

-Хүнд туслахын юу нь хамгийн сайхан бэ?
-Тэр хүний учраа олохгүй байгаа царай биднийг тусалсаны дараа чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлсэн үг болон баярласан царай нь бидний урам болдог. Цэнэгээ авдаг гол зүйл гэвэл тэр юм. Эргээд цахим сүлжээнд биднийг тусалсанд баярлалаа гэхээр олон хүмүүс магтаалын үгээр давалгаалдаг. Үүгээр манай клубийн гишүүд болон жийп унадаг бүх хүмүүс эерэг мессэж авдаг. Анх зүгээр л тусалчих юмсан даа гэсэн сэтгэлээс энэ бүхэн эхэлсэн гэж боддог. Харин “sos”-чин дотроо “sos” байхгүй /инээв/.

-“sos” хийгээд явж байх үед хроп болон машины бөгс эвдэрсэн тохиолдол олон гарсан гэлээ. Энэ тохиолдолд яадаг вэ?
-Ийм тохиолдолд бол гишүүд өөрсдийн машиныг өөрсдөө л засдаг. “Чи миний ийм юмыг эвдэлчихлээ” гээд бие бие рүүгээ дайрдаг үе байсан. Одоо бол үйл ажиллагаа маань жигдрээд гишүүд мэддэг болчихсон. Хэрэв миний эвдэрсэн эд анги нөгөөд маань байвал хоорондоо зах зээлийн ханшнаас хэд дахин доогуур солилцож туслах гэх мэт зүйлс байна. Бидний байрладаг авто үүрийг зарим хүмүүс “Пажеро клубийн аавуудын өдөр өнжүүлэх боллоо” гэсэн сураг дуулдсан /инээв/.
-Нэлээд олон жил “sos” хийсний хувьд залуучууд ямар нийтлэг алдаа гаргаж байгааг хэлж өгч, зөвлөнө үү?
-Нийтлэг гаргаж буй алдаанд бол гол усанд орж машинаа живүүлсэн хүмүүсийн ихэнх нь согтуугаар жолоо барьж байсан хүмүүс бий. Тэр хамгийн буруу зүйл. Найз нөхдөөрөө дарвиад ч юмуу нэг найздаа гомдож гараад буруу зам сонгоод орчихсон зэрэг олон тохиолдлуудтай таарч байлаа. Манай клубийн “sos” үзүүлдэг хүмүүс 18-64 хүртэлх насны хүмүүс бий. Бид жолоо барих ур чадварын хувьд нэгэнтэйгээ харьцдаг. Хөгшчүүл маань хүртэл орж ирээд “юу байна андаа” гэнэ шүүдээ. Бараг гэр бүл болчихсон. Багын найзуудтайгаа холбоо барихгүй удсан, одоо надад гомдож байгаа /инээв/.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?
-Жолоочид маань нэг нэгэндээ дэмтэй байгаарай. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү.
ЭХНЭР МААНЬ ЭХЛЭЭД ОЙЛГОДОГГҮЙ БАЙСАН Ч ХЭДЭН УДАА ДАГУУЛЖ ЯВСАНЫ ДАРАА ЗӨВ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГААГ МИНЬ ОЙЛГОЖ ДЭМЖИХ БОЛСОН

Ийнхүү бид цааш нь “Mongolian Pajero Club”-ийн жинхэнэ гишүүн болох Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцсан юм.
-Энэхүү клубд элсээд хэр удаж байна вэ?
-Анх 2016 онд элссэн. Бараг дөрөв дэх жилдээ Пажеро клубийн залуустайгаа сэтгэл санаа нэгдээд, пажеро машинаа хүлэглээд “sos”д их явдаг.
-Тусалж байсан хүмүүсээс хамгийн онцгой тохиолдол нь юу байв?
-Онцгой тохиолдол гэхээр зөндөө л байна. Хамгийн хэцүү байдал нь цасан шуургатайд 52-н даваа, 61-ийн гарам гэх газруудад дурсамжтай үе их бий. Энэ зун тохиолдсон гэвэл Тэрэлжийн голд “Hilux” маркийн машинтай залуус машин дээрээ гурав хоносон тохиолдол гарсан. Тэр л хамгийн дурсамжтай байлаа. Залуустайгаа туслахаар очоод “яах уу? Хүмүүсээ ямар байдлаар уснаас нь гаргах вэ?” гээд хоорондоо зөвлөлдөнө, заримдаа маргалдана. Хүмүүсийнхээ санаа бодлыг сонсоно. Олон талаас нь бодож ярьж үзсэний эцэст нэг шийдвэрт хүрээд машинаа татаж аваад хүмүүсээ гаргана. Тэр үе л хамгийн дурсамжтай байдаг.
-Анх элсэж байхад ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?
-Бэрхшээл ч юу байхав. Машиныхаа тоног хэрэгслийг олох, янзлах зэрэг зүйлс л хэцүү. Болохгүй бол амьдралдаа хэрэглэх таван цааснаасаа цааш нь далд хийнэ, оффшор данстай болно /инээв/. Заримдаа үнэтэй сэлбэг эхнэртээ хэлэлгүй авчихна. Сүүлд авсан сэлбэг маань мэдэгдэнэ. Эхлээд их загнадаг байсан сүүлдээ тоохоо больсон доо.
-Хүмүүст тусламж үзүүлэхээр явахад ар гэр тань ямар хандлагатай байдаг вэ?
-Эхлээд эхнэр маань их дургүйцдэг байсан. “Чи өөрийгөө яая гэж байж, машин тэрэг эвдээд явлаа” гээд их дургүйцнэ. Тэгэхээр нь эхнэрийгээ хоёр гурван удаа сос хийхдээ дагуулаад явсан. “Би sos хийлээ шүү, энэ хүмүүс гарцаагүй байдалд орчихож, очоод тусалчхаад ирье” гэхээр манай хүн эхлээд “Яг юу хийдэг юм бол” гээд их гайхдаг байсан. Зүгээр нэг гол очоод суучихсан машиныг очоод татаад авах бус тухайн машиныг эрсдэлд оруулалгүй, хүмүүсийг нь эвтэйхэн гаргах тал дээр ажиллана. Ийнхүү суусан машинаа татаад гаргаж ирэхээр дотроос нь жоохон хүүхдүүд гүйгээд гарч ирнэ. Хүмүүс нь “ёстой их баярлалаа” гэж хэлэхэд нь урам авна. Эхнэр маань тэр үйл явдлыг хараад “нөхөр маань зөв зүйл хийж байгаа юм байна” гэж бодсон байх. Одоо намайг sos хийлээ гэж хэлэхээр “За, болгоомжтой яваад ирээрэй” гэдэг болсон.

-Түрүүн тэргүүнээс асуухад клубийнхан гэр бүл шиг маань хүмүүс гэж хэлсэн. Таны зүгээс энэхүү хамт олноо тодорхойлж хэлвэл?
-Хар багаас найзалсан найзаас илүү байдаг. Учир нь багаасаа найзалсан найзууд цаг өнгөрөх тусам амьдралынхаа төлөө ийш тийшээ бутраад явдаг. Жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц нь дээр гэдгийн адил клубийнхан маань амьдрал үзчихсэн хүмүүс байдаг.
-Үндсэн гишүүддээ хандаж хэлэх үг бий юу?
-Үндсэн гишүүддээ “sos”-доо сайн яваарай л гэж хэлье даа. Нийт шинээр элсэж буй болон хуучин гишүүддээ алтан шар зам нь өлзийтэй байж, олон хүнд туслаарай гэж ерөөе.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
С.ХОНГОРЗУЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.