Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТЭДНИЙ ХУУЛЬ: Хэн шүгэл үлээж, хуулиар хамгаалуулж, 500 саяас 1.5 тэрбумын урамшуулал авч болох вэ

Өчигдөр Засгийн газар хуралдаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Харин тус хуулийн төсөлд, шүгэл үлээгчид 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэлх урамшуулал олгоно гэж тусгасан нь олны анхаарлыг татаад байна.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭН БЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан эл хуулийн төсөлд шүгэл үлээх гэдгийг “Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироожболзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх” гэж тодорхойлжээ.

Харин шүгэл үлээгчийн өгсөн мэдээллийг:

  • УЕПГ, АТГ, ХЭҮК, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ШӨХТГ-ууд хүлээн авах бөгөөд нэгдсэн санд бүртгэж явах юм байна.

Ингээд тус байгууллагууд шүгэл үлээгчийн өгсөн мэдээллийн дагуу холбогдох хяналт шалгалтыг явуулна. Ингэхдээ шүгэл үлээгчийг мэдээлэл өгснийхөө төлөө элдэв хяхалт, хавчилтад өртөхөөс сэргийлэх, хамгаалах агуулгыг тус хуульд ихээхэн сайн тусгаж өгчээ.

Гэхдээ:

  • Илтэд худал мэдээллээр шүгэл үлээсэн
  • Өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар шүгэл үлээсэн
  • Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсноос өөр баримтгүйгээр шүгэл үлээсэн
  • Нийтийн ашиг сонирхолд хамаарахгүй асуудлаар шүгэл үлээсэн зэрэг таван тохиолдолд дээрх байгууллагууд хяналт, шалгалт явуулахгүй аж.

Ингэж тодорхой хуулийн хамгаалалтад орж, мөнгөн урамшуулал авах зорилгоор шүгэл үлээгчийн дүрд тоглогсдыг ялгаж, салгах агуулгатай бололтой.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ

Цаашлаад тус хуулийн 10-12-р зүйлүүдэд шүгэл үлээгчийг хамгаалах олон заалт багтсан. Тухайлбал шүгэл үлээгчийг шүгэл үлээснийх нь төлөө:

  • Албан тушаалын арга хэмжээ авах
  • Ажилд нь хууль бусаар шалгалт хийх, тусгай зөвшөөрлийг цуцлах зэргийг хориглох аж.

Түүнчлэн шүгэл үлээгчийг нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд өгсөн мэдээлэл нь хэрэв нийтийн ашиг сонирхолд хамаатай, хууль зөрчөөгүй бол Эрүүгийн болон бусад хуульд татах үндэслэл болохгүй гэж заажээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгохоор шүгэл үлээсэн зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ИНГЭЖ УРАМШУУЛНА

Харин олны анхаарлыг татаад буй мөнгөн урамшууллын тухай агуулга нь тус хуулийн 16-р зүйлд тусжээ. Хэрэв шүгэл үлээснээрээ:

  • Улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хурааж
  • Хуулийн дагуу төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн бол тэр мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргах боломжтой аж.

Нөгөө талд “Мөнгөн урамшууллын зөвлөл” гэсэн байгууллага ажиллах бөгөөд ирсэн өргөдлийг долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ:

  • 50 сая хүртэлх төгрөгийн: 20 хувийг
  • 50 саяас 250 сая хүртэлх төгрөгийн: 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувь + 10 сая төгрөг
  • 250 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн: 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувь + 36 сая төгрөг
  • 1 тэрбумаас 2 тэрбум хүртэлх төгрөгийн: 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувь + 113 сая төгрөг
  • 2 тэрбум ба түүнээс дээш төгрөгийн: 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувь + 173 сая төгрөг байна гэж ангилж өгчээ.

Эдгээр нь боломжит тооцооллын хувьд  хамгийн багадаа 100 мянган төгрөг, хамгийн ихдээ 1 тэрбум 500 сая төгрөг болох боломжтой аж.

Уг хууль батлагдсанаар шат, шатны төрийн байгууллагуудад гардаг авлига, хээл хахуулийн болоод эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүдийг зоригтой илчлэх боломж иргэдэд бүрдэж байх талтай. Нөгөө талаар улс төрийн зорилгоор, шүгэл үлээгчдийг зориуд хууль эрх зүйн хамгаалалт дор бэлтгэн турхирах ч боломж үүсэх эрсдэлтэй гэж харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mongol
Mongol
11 сар 9, 2021 00:22

Урт хошуутай атаархуу матаа ч бусдыг матаж бор ходоодоо тэжээх хүн чанаргүй зан үйлсэд сур�##�цахыг иргэддээ ури�##�ж байгаа юм биз дэ.Хуулиас дээгүүр үйлчилдэг Монгол хүний ёс зүй гэж нэг юм байдаг юм да.Аливаа хуулийг санаачилж болно тэхдээ Монгол хүний улажл�##�т зан заншил ёс зүйг бодолцох л хэрэгтэй дэ.эрхэм гишүүд минь.

Холбоотой мэдээ

Back to top button