НийгмийнСурвалжилга, Нийтлэл

НЯРАЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИН Д.Хишигбаяр: Дөрөвхөн хоногтой, ув улаан нярайн зургийг авч байлаа

Жирэмсэн ээжүүд гэрэл зургаа даруулж, хамгийн сайхан мөчөө мөнхлөх нь элбэг болсон. Харин саяхнаас дөнгөж төрсөн нярай хүүхдийн гэрэл зургийг мэргэжлийн өндөр түвшинд авах гэрэл зургийн шинэ төрөл хөгжиж эхлээд байна. Монголчууд бидний хувьд гам сайн барихыг голчилдог бөгөөд дөнгөж төрсөн нярай дээр хүмүүс хамаагүй очдоггүй гэлцдэг. Гэсэн ч нярай хүүхдийн гэрэл зургийг даруулах сонирхолтой хүмүүсийн тоо харьцангуй ихэсч байгаа аж. Ингээд бид энэ чиглэлээр ажиллаж байгаа нэгэн зурагчин бүсгүйтэй ярилцлаа.

Түүнийг Д.Хишигбаяр гэдэг бөгөөд нягтлан бодох мэргэжилтэй. Гэсэн ч тэрээр мэргэжлээрээ бус гэрэл зургийг сонирхон өөрийн ажил мэргэжил болгон яваа нэгэн. 2012 оноос гэрэл зураг сонирхох болж, 2014 оноос эхлэн мэргэжлийн гэрэл зураг авах болжээ. Түүнчлэн нярай хүүхдийн гэрэл зургийг 2018 оны зургадугаар сараас эхлэн авч эхэлсэн гэлээ. 

-НЯРАЙН ГЭРЭЛ ЗУРАГ АВДАГ МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН СТУДИ ДУНДААС ХАМГИЙН ХЯМДААС ГАДНА ЗӨВХӨН НЯРАЙ ГЭЖ ДАГНАСАН ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ-

-Нярай хүүхдийн гэрэл зургаар чухам яагаад дагнах болсон бэ?

-Хүүхдээ төрүүлснийхээ дараа нярай хүүхдийн гэрэл зургийг авбал үнэхээр хөөрхөн юм байна хэмээн бодсон. Ингээд л  2018 оны 6-р сарын 4-нөөс хойш нярай хүүхдийн гэрэл зураг авч эхэлсэн дээ. Ер нь гэрэл зураг дарах маш дуртай үүнийгээ өөрийн ажил болгосон гэхэд болно.

-Энэ ажлаа хэрхэн эхлүүлсэн бэ?

-Эхэндээ нярай хүүхдийн гэрэл зураг үнэгүй авч өгдөг байлаа. Студи ч байхгүй гэрт очиж авдаг байсан. Үүний дараагаар гэрийнхээ нэг өрөөг суллаж бүх тавилгаа зөөж студийн гэрэл гэх мэт тоног төхөөрөмж авч төлбөртэйгөөр зургаа авч эхэлсэн. Хүүхдийнхээ зургийг даруулсан хүмүүсийн найз нөхөд, ар гэрийнхэн гэх мэт танилууд нь "Өөрөөр тань хүүхдийнхээ зургийг авхуулъя" гэж их ирэх болсон. Хамгийн хөөрхөн нь манай гэрт маш их хүн хүүхдийнхээ зургийг авхуулахаар олон цаг хүлээнэ. Гэрийнхээ жижиг өрөөг суллаж студи болгосон. Гэвч нэг ах их хөөрхөн жижигхэн өрөөнд минь зураг авахад саад болохгүй гээд хананд наалдчихсан, хамаг хөлс нь цувчихсан байдаг чадлаараа хичээгээд зогсож байна. Тэр үед л "Одоо студитэй болох хэрэгтэй юм байна" хэмээн бодож энэ сард студиэ нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч ажлын ачааллаас үүдэн студитэй болсон ч нээлтээ хийж, сайн тохижиж амжаагүй л байна даа.

-Та нярайн гэрэл зургийг хэдэн төгрөгөөр авдаг вэ?

-Нярайн гэрэл зураг 80-160 мянган төгрөгийн хооронд бий. Гэрээр очиж авах бол 30 мянган төгрөгийн нэмэлттэй. Цаашдаа үйлчилгээний тарифаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдсөн үедээ нэмнэ гэж бодож байгаа. Хүүхдийн зураг авна гэдэг хэцүү. Хүүхэд хэзээ ч бидний хүссэн байрлалаар байдаггүй, уйлна хөдөлнө гэх мэт их ажиллагаатай шүү дээ. Харин бусад нярайн гэрэл зураг авч буй мэргэжлийн студийг бодвол манайх хамгийн хямд нь. Гэхдээ тэдгээр студи нь манайх шиг зөвхөн нярай хүүхдийн гэрэл зургаар дагнаагүй бүх л төрлийн гэрэл зураг авдаг.

-Танайх шиг нярайн гэрэл зураг авдаг хэдэн студи байна вэ? Тэр дундаа зөвхөн нярайн зургийг дагнаж авдаг студи хэд бол?

-Нярайн зураг авдаг мэргэжлийн студи бол 4-5 байдаг. Харин мэргэжлийн болгож дагнадаг нь манайхаас гадна ганц л газар бий. Анх энэ студиэ найзтайгаа цуг нээхээр төлөвлөж байсан. Гэвч бид тус тусдаа нээхээр болсон нь энэ.

-НЯРАЙ ХҮҮХДИЙН ЗУРГИЙГ АВАХАД ХАМГИЙН АМАР, ТЭД САЙН УНТАЖ БИДНИЙ ХҮССЭН ШИЙДЭЛ БАЙРЛАЛААР ЗУРАГ ДАРАХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОДОГ-

-Өөрийн тань хувьд нярайгаас нэг нас хүртэлх хүүхдийн зургийг зөвхөн төрөлжиж авдаг юм байна. Түүнээс дээш насны хүүхдийн зургийг огт авахгүй юу?

-Би нярай  болон хүүхдийн гэрэл зураг авдаг. Үүнийг тодруулбал, 0-22 хоногтой, 22-оос нэг сартай, 100 хоногтой, нэг нас хүртэлх, сэвлэг үргээх ёслол, ойн баярын зургууд авах үйлчилгээтэй. Яагаад заавал нэг нас хүртэл хүүхдийн зураг авах бэ гэхээр хүүхдийн хувцас хэрэглэл, гоёл чимэглэл, студийн тохижилт минь эдгээр хүүхдүүдэд таарсан овор хэмжээтэй учраас л тэр.  Хэрэв таны хүүхэд ой гарсан ч гэсэн жижигхэн биетэй бол зураг авахаас татгалзахгүй ээ.

-Нярай, 100 хоног, ойтой хүүхдүүдийн зургийг авахад аль насны хүүхэд нь илүү амар вэ?

-Нярай хүүхдийн зураг авалт хийхэд хамгийн амар байдаг. Бяцхан найзууд маань сүүгээ уучхаад л нас унтчихдаг. Сэрсэн ч эргээд унтахад амар, хүссэн байрлал, дүрслэлээр гэрэл зургийг нь авах боломжтой. Харин 100 хоногтой хүүхдийн гэрэл зургийг авах хамгийн хэцүү нь. 100 хоногтой хүүхдүүд суух болоогүй, нярай үе шиг хүссэн цагт амархан унтахгүй. Хамгийн хөдөлгөөнтэй үе нь болчихсон байдаг. Ойтой хүүхэд бол сууна, явна саатуулна гээд аргыг нь олно оо. Гэхдээ бага насны хүүхдийн зураг авахад бүх л ур чадвараа гаргаж, хөлсөө дуслуулна даа. /инээв/ Хүүхдийнхээ зургийг авхуулахаар ирсэн эцэг эхчүүд зүгээр сууна гэж огт байдаггүй надтай адилхан бөмбөгнөөд л байдаг шүү дээ.

-Нэг зураг авалтыг хийхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Хүүхдийн зураг авахад их хугацаа шаардана. Ихэвчлэн 90-120 минут болдог. Цөөн тохиолдолд буюу 50 хүүхдийн ганц нь цаг хүрэхгүй хугацаанд зураг авалтад орно. Өмнө нь хэлсэн шүү дээ. Хүүхдийн зураг авахад хүүхдийг саатуулах хүссэн байдлаараа авах тун хэцүү гэж. Тийм болохоор дундаж нь хоёр цаг ихдээ гурав дөрвөн цаг болно. 

-ГАДНЫН ОРНЫ СУДАЛГАА ХИЙЖ СТУДИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГ ХҮҮХДИЙН НҮДЭНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТАЛААР МАШ ИХ СУДАЛЖ ЭНЭ ЗЭРЭГТЭЙ АЮУЛГҮЙ БОЛГОСОН-

-Гэрэл зургийн санаа, байрлал, шийдлээ хэрхэн олдог вэ?

-Интернэтээр их судалгаа хийж, дэлхийн томоохон гэрэл зурагчид болон бүх л стандартыг судалдаг. Зургаан сарын турш интернэтээр гадны орнуудын туршлага стандартыг судалж энэ бүх зүйлийг хийсэн. Тэр дундаа хүүхдийн нүдэнд тусах гэрэл. Гэрлийн хугарал, гэрлийн тусгал гэх мэтийг ихэд сайн судалж байж энэ хэмжээнд ирж студиэ нээсэн.  Нэг хэсэг маш их донтож өдөр шөнөгүй уншиж судалж байсан шүү.

-Хүн бүрд өөрийн гэсэн арга барил байдаг. Харин таны хувьд?

-Хүүхэд бүрийн зургийг дарж үзэж байгаад аль өнцгөөсөө гоё гарч байна тэрийг нь хараад шийддэг. Ихэвчлэн эцэг эхчүүдтэй ярилцаад шийдсэн байдаг учраас яг тэр мөчдөө өөрөө бодож байгаад шийдэж зургаа авдаг. Нярайн зургийг авахдаа бүх хөл гарыг нь алчууранд шахаж боож байгаад төмс шиг болгож гэрэл зургийг нь дарах ихэд дуртай. Өндөгнөөсөө хагарч буй дэгдээхэй мэт өхөөрдөм, үнэхээр хөөрхөн харагддаг. Тэр тусмаа хоёр гарыг нь урд талд нь туулай шиг гаргах эгдүүтэй.

-Энэ ажилдаа үнэхээр дурласан гэж хэлж болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сэтгэл ханамжтай байдаг. Заримдаа ажлын онцлог гаргаад эгдүүтэй хүүхэд харахаараа өөрийн мэдэлгүй очоод өхөөрдчихсөн хүүхдийн хөл гар хацарт нь хүрчихсэн зогсож байдаг. Зарим эцэг эхчүүд ихэд уурлаж загнах тохиолдол ч цөөнгүй.

-МАНАЙ ЭЦЭГ ЭХҮҮД ИХ НЭЭЛТТЭЙ БОЛЧИХСОН ИХЭВЧЛЭН ЗАЛУУ ХОСУУД МАНАЙХААР ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ-

-Шантрах үе байсан уу? Хүүхдийн гэрэл зургийг олон цагаар авдаг гэх мэт хүндрэл ихээхэн байдаг гэсэн шүү дээ.

-Шантрах үе байлгүй яахав. Тэр болгондоо өөрийнхөө авсан гэрэл зургуудыг харж эрч хүч урам авдаг. Хүүхдийн зураг шиг сайхан юм байхгүй. Нэг удаа хүүхдийнх нь гэрэл зургийг дарсан аав намайг тэвэрч уйлж байсан. Түүний учир нь өнөөх ах дөрвөн хүүтэй. Эхнэр нь нөхөртөө хэлэлгүй сүүлд гарсан ганц охиныхоо зургийг даруулчихаад нөхрийгөө ирж ав гэж л дээ. Ах хүү "Хар түгжээнд юу ирж ав гэсэн юм" гээд л зургийг нь авангуутаа задлаад охиныхоо зургийг хараад л уйлчихсан. "Ийм гоё зураг авч өгсөнд баярлалаа, ямар хөөрхөн юм бэ би ямар азтай юм" гээд тэврээд уйлж байсан. Энэ мэт маш их урам авах тохиолдлууд их шүү.

-Нярай хүүхдийн гэрэл зургаа авахуулахдаа өмсдөг эдгээр хувцас хэрэглэл тоглоомууд их хөөрхөн санагдлаа. Хаанаас авч ирдэг вэ? Өөрөө нэхдэг үү?

-Турк улсаас нэхмэлийн утсыг нь захиалж авчруулдаг. Эсвэл Турк улсаас утас оруулж ирдэг хүмүүсээс утсыг нь худалдан авч эдгээр өхөөрдөм малгай хувцаснуудыг нэхүүлдэг.  Заримдаа өөрөө ч нэхнэ. Гэхдээ миний зав муу учраас байнга захиалга өгдөг таван хүнээрээ хийлгэнэ шүү дээ.

-Танай хамгийн бяцхан үйлчлүүлэгч хэдэн хоногтой байсан бэ?

-Төрөөд дөрөвхөн хоносон бяцхан нярай байсан. Хөл гар нь ув улаан. Эцэг эхээс нь ядаж долоо хоноод авах уу гэхэд үгүй ээ, зүгээр бид хэд очоод зургаа даруулчихъя гэж байлаа. Ер нь сүүлийн үед эцэг эхчүүд их нээлттэй болчихсон, нярайн зургийг авахуулах их дуртай болсон байна лээ. Тэр тусмаа залуу гэр бүл болон гадаадад сурч амьдарч байсан хүмүүс их ирдэг. Мөн олны танил болон нөлөө бүхий хүмүүс хүүхдийнхээ болон ач зээ нарынхаа зургийг даруулдаг.

Miss K photography Mongolia

Хаяг: УБ хот олимп хотхон

Утас: 88069505

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button