ТАНИЛЦ: “Оюу толгой”-н далд уурхайд нэвтэрвэл таныг юу хүлээх вэ

Газар доор, 1.3 километрын гүн рүү 2.5 минутын дотор бууна. Энэ томхон “цахилгаан шат” хоёр давхар, 300 хүний багтаамжтай. Буугаад, автобусанд суулаа. Тэнд урт урт хонгилууд уулзвартай, зөрлөг замуудтай. Уулзвар дээр мөргөлдөх аюултай тул жолооч түр зогсосхийж, хоёр удаа дуут дохио дуугаргаж мэдэгдээд цааш явна. Зарим хэсэгт замын цагдаа ч зогсох аж. Газар доорх авто замын хөдөлгөөн.


Энэ бол Оюу толгойн далд уурхай юм. Энэ хонгилуудын урт нийлээд 200 орчим километр буюу Улаанбаатараас Дархан орох зайнд дүйцэхүйц урттай. Бидний эхний бууж танилцсан газар бол олборлолтын түвшин.

Нэг ёсондоо Хойд Хюго хэмээгдэх 2.5 километр урт, 300 метр өргөнтэй аварга хүдрийн биетийн яг доор. Инженерүүд хүдрийн биетийн байршлыг нарийн тооцоолж, яг доор нь тэсэлгээ хийх зорилгоор сүлжилдсэн урт хонгилууд барьсан нь энэ. Эндээс дээш чиглэлд хүдрийн биетээ өрөмдөх бөгөөд тэсэлнэ. Ингэснээр хүндийн жингээр хүдэр энэ түвшинд бууж ирэх юм.
Өрөмдөн тэсэлж буй эл үйл ажиллагааг улаар огтлох малтлага буюу “Undercut” гэж нэрлэж байна.

Дахиад автобусандаа суугаад дараагийн “буудал”-д буухад тээвэрлэлтийн түвшин угтана. Олборлолтын түвшний доод “давхар”-т ирлээ гэсэн үг. Дээр тэсэлсэн хүдэр энэ түвшин рүү босоо тэнхлэгээр бууж ирдэг. Ингээд техникүүдэд ачигдаж, дараагийн түвшин рүү хүргэгдэнэ.
Дараа, дараагийн түвшнүүд хүдрийг бутлаад туузан конвейрээр дамжуулан газрын гадаргад хүргэх үүрэгтэй юм. Нийтдээ 8.2 километр урттай дамжуургыг туулж, далд уурхайгаас олборлосон хүдэр газар дээр ийн гарна. Ингээд ил уурхайгаас олборлодог хүдрийн хамт, нэг туузан дамжуургаар баяжуулах үйлдвэр лүү орох юм байна.
Оюу толгойн далд уурхайд ашиглах “Блокчлон олборлох арга” нь ийм механизмаар ажилладаг. Үүнд хоёр онцлог байгаа нь:
- Бүтээн байгуулалтын зардал асар өндөр. Харин нэг олборлоод эхэлчихвэл урсгал зардал бага гардаг.
- Олборлолт нэг л эхэлчихвэл зогсоох боломжгүй. Нэгэнт тэсэлж эхэлсэн хүдрийн биет доош хүндийн жингээр даралт өгч, далд уурхайн бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Газар доор 1.3 километрын гүн рүү ороход уурхайн ажилчдын нэгэн адил хамгаалах хувцас хэрэглэл өмссөн юм. Үүнд хамгаалалтын нүдний шил, малгай, толгойн гэрэл, угаарын хий хэмжигч, бүс, амь хамгаалагч гэх мэт зүйлсийг нэрлэж болно. Мөн тоосонцор шүүх зузаахан амны хаалт. Яг ингэж тоноглоход амьсгалахад ч, алхаж явахад ч амаргүй болох аж.

Биднийг Э.Одмаа, Т.Номондэлгэр, Г.Эрдэнэжаргал нарын таван ахлах инженер далд уурхайн бүтээн байгуулалтад хөтөчилсөн юм. Э.Одмаа ялгаж салгахын аргагүй ижил хонгилуудаар урагшилж байхдаа жолоочид “Өнгөрчихлөө, өмнөх эргэлтээр явах байсан биш үү” хэмээв. Газар доорх энэ их зөрөг хонгилоор тэд алхаж, ажилласаар андахгүй мэддэг болжээ.
Блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэгээр Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийг нэрлэдэг. Гадаад мэргэжилтнүүдийн заавар зөвлөмж дор монгол инженерүүд ийн далд уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж, боловсон хүчин болж бэлтгэгджээ. Цаашид Монголд өөрийн хөрөнгөөр, өөрсдөө далд уурхай байгуулах боллоо гэхэд хүн царайчлахааргүй болсон гэдгийг “Оюу толгой”-нхон ярьж байв.

Одоо далд уурхайд агааржуулалтын системүүд болоод буталсан хүдрийг гадарга руу дамжуулах туузан дамжуургын бүтээн байгуулалтын ажил үлдээд буй аж. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад орох хүлээлттэй буй далд уурхай хамгийн гол нуруугаа босгож авсан нь энэ. Өөрөөр хэлбэл хүдрийн доор бэлдэц хонгилуудаа гаргаж, тэслэхэд, бутлахад, дамжуулахад бэлэн болчихсон байна.
Энэ оны наймдугаар сард ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо манай сайтад өгсөн ярилцлагадаа “Улаар огтлох шийдвэр гаргахын тулд ТЭЗҮ-ийг Засгийн газар батлах ёстой. Үүний тулд “Рио Тинто” группээс өгсөн нөөцийн тодогтол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж, хүлээн авсан байх хэрэгтэй” гэж дурдаж байв.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тодотгол тайланг нэг удаа буцаасан удаатай. Нөөцийн 8-10 хувийг бууруулсан байсан тул энэ асуудлыг дахин тодруулах зэргээр 10 орчим зөвлөмж өгөөд буцаасан талаар мэдээлэл бий. Харин есдүгээр сард хүлээн авсан бөгөөд одоо ТЭЗҮ-ийг Засгийн газар баталбал улаар огтлох шийдвэр гарах юм. Өөрөөр хэлбэл олборлолтын түвшинд тэсэлгээ хийх боломж “цаасан дээр” бий болно гэсэн үг.

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер, Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрю Вилсон нар ирэх 2022 оноос их бүтээн байгуулалт, амжилт хүлээж буйгаа онцолж байв. Улаар огтлох шийдвэр гарвал түүнээс найман сарын дараа хүдэр олборлож эхлэх боломжтой талаар ярилаа.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, энэ нь хөрөнгө оруулагч талын менежментийн алдаа байж болзошгүй нөхцөл байдал илрээд буй. Иймд далд уурхай ашиглалтад орох хүртэл шаардлагатай бүх зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцахаар болсон.
Энэ зардлыг “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Монгол ирэхдээ 4.3 тэрбум ам.доллар гэж онцолсон тухай өчигдрийн /2021.12.28/ УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдлаа. Өдгөө энэ санхүүжилтийг “Рио Тинто” групп зээлж босговол, өр нь “Оюу толгой” ХХК дээр бичигдэх үү, энэ нь Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлээд эргээд 4.3-ыг зээлэх нөхцөлд оруулж буй хэлбэр үү гэсэн маргаан мэтгэлцээний асуудал болж дэгдээд байна.

Олборлолт болон тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалт бүрэн дууссан Оюу толгойн далд уурхайд нэг ээлжиндээ 900 гаруй хүн ажилладаг аж. Уурхай ашиглалтад орвол Оюу толгой өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болно. Дээрээс нь газрын доорх хүдрийн биетийн баялгийн агуулга дээрхээсээ даруй гурав дахин их. Иймд баяжуулах үйлдвэр дээд хүчин чадлаараа ажилласаар байх боловч агууламж нь чанаржих, тэр хэрээр борлуулалтын орлого 2-3 дахин өсөх тооцоолол байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уланбаатараас Дархан хүрэх зайны хонгил үүссэн гэнэ үү
sain unshildaa, olon hongiltoi tuuny niit urt ni 200 km gej bna shd.
Монголчууд аа , энэ чинь хүрзээр ухаад хийж болмооргүй лут ажил байна ш дээ
Баялагаа гадныхан ашиглуулаад л байх,Монголчуудад ямар ашиг унаж байгааг мэдэхгүй.Өрөнд ороод байх бол зогсоох хэрэгтэй.
Дахиад д�##�д уурхай ашиглах болбол монголчууд өөрсдөө чадахаар болсон гэсэн нь үнэхээр гайх�##�тай. Гаднын хөрөнгө оруул�##�тын үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл нь энэ шүү дээ. Д�##�д уурхайн ашигл�##�тын компанийн ноу -хау -г үүнээс өөрөөр олж авах ямар ч арга байхгүй.Хятадуудыг хар. Эхлээд гадны хөрөнгө оруул�##�тыг нээлттэй ха�##�ганы бодлого гэгчээр 1978 оноос эхлээд ямар ч нөхцөлгүйгээр оруулж , өөрсдийн ард түмнээ ажилтай , орлоготой , болгохоос гадна гаднын технологид сур�##�цах бодлого явуулаад одоо бүгдийг нь сураад эздийг нь хөөгөөд гаргаж байна.Манай улс хүн ам цөөн , тэгээд бас ж�##�гын нэг тарсан болохоор ингэж гаднын хөрөнгө оруул�##�т орж ирэх боломжгүй шүү дээ. Орж ирсэн Оюу толгой мэт компанийн хөрөнгө оруул�##�тыг ийм маягаар чулуу болгоод хоцрох хэрэгтэй. Асууд�##� байв�##� ярьж болно.Харин ад үзэж болохгүй.
Өөрснийхээ баялаг лизёнзийг барьцаанд тавиулчихаад тэгээд өртэй үлдэх та байрныхаа ордёрийг өөр хүнд өгж барьцаанд тавиад та өөрөа өртэй үлдэх үү энэ бол Рио ийн луйвар
Энд газар хөдлөлт болбол бүгд сүйрэх юм байна хэзээ хөдлөх юм болдоо !