НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ТА МЭДСЭН ҮҮ: Усны үнэ 14.5, цахилгааны үнэ 12, дулааны үнэ 5.7 хувиар нэмэгджээ

-УСНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ТАВАН УДАА НЭМЭГДЖЭЭ-

Усны үнийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ХСУХАТАҮЗЗ (Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл)-ийн Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуунтай холбогдсон юм. Тус зөвлөлийн гуравдугаар сарын 29-ний хуралдаанаар цэвэр, бохир усны тарифыг нэмэх 23 тоот тогтоол гарсан бөгөөд тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Тодруулбал, Улаанбаатар хот дахь орон сууцны айл өрхийн цэвэр ус 0.71 төгрөг, бохир ус 0.58 төгрөг / 1 литр тутамд/ болж нэмэгдсэн байна. Холбогдох тогтоол гарахаас өмнө цэвэр ус 0.62 төгрөг, бохир ус 0.47 төгрөг байсан юм. Өөрөөр хэлбэл харгалзан 0.09 ба 0.11 төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж. Энэ нь цэвэр усны хувьд 14.5 хувиар, бохир усны хувьд 23.4 хувиар тарифын нэмэгдэл хийгдсэн гэсэн үг.

ХСУХАТАҮЗЗ-ийн зүгээс тавдугаар сард уг нэмэгдэлтэй холбоотойгоор мэдээлэл хийж, телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан гэв. Мөн, “2014 оныг хүртэл хатуу бодлогоор усны үнэ хөдөлшгүй байж ирсэн. Гэвч ингэснээр төсөв алдагдалд орж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахгүй, хүнд байдалд орсон. Ийм учир валютын хэлбэлзэл, инфляцын өсөлт зэрэг тухайн жилийн эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулан усны тарифыг тогтмол нэмэх шаардлагатай байна. “Мянганы сорил” сангаас явуулсан судалгаагаар таван жилийн турш 20, 20 хувиар нэмэх хэрэгтэй гэдэг зөвлөмж гарсан. Ийм учир 2014 оноос хойш нийтдээ таван удаа үнийн нэмэгдэл хийгээд байна” гэсэн тайлбарыг өглөө.

-ЦАХИЛГААНЫ ҮНЭ ОН ГАРСНААР ДӨРВӨН УДАА НЭМЭГДЖЭЭ-

Харин цахилгааны тарифын нэмэгдлийг тодруулахаар УБЦТС (Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ) ТӨХК-ийн лавлах ажилтантай холбогдов. Ингэхэд айл өрх болон энгийн аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тариф нэмэгдсэн бол, Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрүүдийн тариф хэвээр байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэ жилд цаг хугацааны хувь хоорондоо зайтайгаар нийт дөрвөн удаа тарифын нэмэгдэл хийжээ. Тухайлбал,

  • Дөрөвдүгээр сарын 7-нд эхний нэмэлт:  1 төг, 50 мөнгөөр
  • Тавдугаар сарын 1-нд хоёр дахь нэмэлт: 3 төгрөгөөр
  • Зургаадугаар сарын 1-нд гурав дахь нэмэлт: мөн 3 төгрөгөөр
  • Долоодугаар сарын 1-нд дөрөв дэх нэмэлт: 3 төг, 50 мөнгөөр тус тус нэмэгджээ.

Энэ нь он гарснаас хойш нийт 12.09 төгрөгийн нэмэгдэл хийгдсэн гэсэн үг болно. Сард 150 кВт.ц хүртэлх хэрэглээтэй энгийн айл өрхийн тариф дээр тооцоолол хийвэл /хуучин 98.4 төгрөг байсан бол өдгөө 110.49 төгрөг/ нийт 12.2 хувиар нэмэгдсэн нь харагдаж байна.

-ДУЛААНЫ ҮНИЙН НЭГЖ СОЛИГДОЖ, ТАРИФ 6 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ-

УДС (Улаанбаатар дулааны сүлжээ) ТӨХК-ий дуудлагын төвийн ажилтантай холбогдож тарифын нэмэгдлийн талаар тодруулахад, айл өрхийн дулааны тариф 398 төгрөгөөр буюу 5.78 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг өгсөн юм.

Дулааны үнийн хувьд нэгэн онцлог шинэчлэлт хийгдсэн нь, тоолуурын нэгж кКал (Килокалори)-с кЖ (Киложоуль) болж өөрчлөгджээ. Учир нь айл, өрхийн дулааны тоолуурын заалт кЖ нэгжээр тооцогддог гэв. Тодруулбал, хуучин нэгжээр нэг кКал тутмын үнэ 27692 төгрөг байсан бол, шинэ нэгжээр кЖ тутам нь 7277 төгрөг болсон байна. Өнгөц харахад тарифын нэмэгдлийг үүнээс анзаарахад хүндрэлтэй. Харин нэг нэгжид шилжүүлбэл дээрх тооцоо буюу 5.78 хувиар нэмэгдсэн нь тодорхой болно.

Иргэдийн анзаараагүй байх хооронд ус, цахилгаан, дулааны үнэ дээрх байдлаар нэмэгджээ. Нэгдүгээрт, нэмэгдэл хийх бүрт мэдэгдэл гаргадаг гэдгийг холбогдох албаныхан хэлж буй. Хоёрдугаарт, тариф нэмэхгүй бол төсвийн алдагдалд орж, шаардлагатай засвар, үйлчилгээнүүдийг хийх боломжгүй нөхцөлд орж байгаа гэх тайлбарыг тэд нийтлэг өгч байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Erdenebat
Erdenebat
2019-09-07 15:11

Ard tumnee shulj doroituulj hanahgui zasag tur yumaadaa

Иргэн
Иргэн
2019-09-08 09:01

цахилгаан түгээх Битгий худлаа ярь 116 байсан тариф 140 болсон байна лээ.Цагаан дээр хараар бичсэн баримт нь айл бүрт очиж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button