Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Үндсэн хуулийн өөрчлөлт үхэгт гацах уу

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнгөрөгч ажлын өдрүүдэд мөн л эцэслэж амжсангүй. Эрх баригч намын бүлэг хэдэн санал хураагаад л хуралддаг "мода ” дэлгэрүүлэв.

Учир нь, тэд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан саналуудыг бүрэн эхээр нь хүлээн авахад ихээхэн хүндрэлтэй байгаа юм. Бүлэг хоёр өдөр дараалан хуралдсаны эцэст УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, таван жилийн хугацаатайгаар парламентад суудаг байх саналуудыг "амжилттай ” унагахаар тохироонд хүрсэн юм.

Амжилттай гэдэг үгийг хаалтад хийсэн учир нь, эрх баригч намынхан эрх биш ганц хоёр заалтан дээр нэгдэж чадсаныг ёжилж байгаа нь энэ. Яг үнэндээ хоёрдугаар хэлэлцүүлэг гэхээсээ илүүтэйгээр Ерөнхийлөгчийн саналыг хэрхэн хүлээж авах уу гэдэг дээр л гишүүд мэтгэлцэж буй.

Хөшигний ард ч янз бүрийн процессууд өрнөсөөр. Тухайлахад, УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжихгүй бол УИХ-ыг тараана ” гэж гишүүдээ сүрдүүлж үзсэн гэх. Зөрүүлээд гишүүд нь "Тэгвэл чамайг солих асуудлыг хөндөнө ” гэж хэлжээ.

Цаашлаад МАН-ын генсек Д.Амарбаясгалан бүлгийн хуралдаан дээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжихгүй байгаа гишүүдийг нэр дэвшүүлэхгүй шүү ” гэхчлэн загнах болсоор нэлээд удлаа. Намаасаа тойрог авна гэдэг бол гишүүдийн амин чухал асуудал.

Тиймээс ч О.Баасанхүү гишүүн "Та нар бүгд бөлбөгдүүлсэн гэж танхимын нөхдөө шоглоод амжсан. Сөрөг хүчнийхэн ч хуралд хуралд суухгүй гэж өчигдөр мэдээлэл хийсэн. МАН дотроо л эв санаа нэгтэй байж чадвал сөрөг хүчний найман гишүүний хэрэг байхгүй. Хагарал байгаа учраас хөшигний ард зохицуулах ажиллагаа тасралтгүй хийгдсээр баасан гарагийн ажлын цаг өндөрлөлөө.

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг дуусгасны дараа ээлжит бус чуулганаар өчнөөн чухал асуудал хэлэлцэх учиртай. Гэтэл эрх баригч намынхан эвээ олохгүй мунгинаж, УИХ-ын даргын хамаг мэх шавхагдаж гүйцэв. Ирэх долоо хоногт энэ хэвээр дахин үргэлжилж, хэлэлцүүлгийг явуулна.

Үндсэн хуулийн өөрчлөлт явах уу, эс явах уу. Учир нь олдохгүй хэвээр байна.

Үхэг: Юм агуулж, тээх авдар /журамласан толиос/

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button