Шинэ үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойд зориулсан барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно. Өнөө жил тус барилдаанд зодоглохоор улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр нараар манлайлуулсан 300-гаад бөх бүртгүүлээд байгаа юм.
Шинэ үндсэн хуулийн ойд зориулсан барилдааны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
ХАМГИЙН ОЛОН УДАА ТҮРҮҮЛСЭН БӨХ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр тус барилдаанд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаар бүх бөхийн тэргүүлдэг.
ХАМГИЙН ОЛОН УДАА ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН ХҮЧТЭН

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ эл барилдаанд дөрвөн удаа дараалан түрүүлсэн нь хэний ч гаргаагүй бахдам амжилт. Түүний амжилтыг Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын арслан Б.Ганбат хоёр дараалан түрүүлснээр удаалдаг.
ХАМГИЙН ОЛОН ҮЗҮҮРЛЭСЭН БӨХ

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, Дархан аварга А.Сүхбат. Тэрбээр тус барилдаанд гурван удаа үзүүрлэсэн юм.
УЛСЫН ЦОЛ АВААГҮЙ БАЙХДАА ТҮРҮҮЛСЭН ХҮЧТЭН

Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх, улсын аварга Ч.Санжаадамба (аймгийн арслан байхдаа)
УЛСЫН ЦОЛГҮЙ ҮЗҮҮРЛЭСЭН БӨХ

Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь, Завхан аймгийн Идэр сумын харьяат бөх, улсын гарьд Ш.Жаргалсайхан, (хоёулаа аймгийн арслан байхдаа).
ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮТЭЙ АЙМАГ

Архангай аймаг дөрвөн түрүү, дөрвөн үзүүрээр тэргүүлж, Хэнтий, Увсын бөхчүүд тус бүр дөрвөн түрүү, гурван үзүүрээр удаалдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.