Диализын өвчтөнүүд: Хил дээр эмчилгээний хэрэгсэл удаан саатвал 1300 хүний амь нас эрстэнэ

Монголд бөөр орлуулах диализын аппаратад ордог 1300 гаруй өвчтөн бий. Харин тэдний 1200 орчмынх нь хэрэгцээг хангах хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг нэг компани дангаараа оруулж ирдэг. Харамсалтай нь тус компанийн ачаа хил дээр саатсанаас үүдэж, орон нутгийг иргэд эхнээсээ эмчилгээндээ хол зайтай орж эхэлжээ.
ДИАЛИЗЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙГ ОРЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ, ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ
Диализын аппаратад голчлон бөөрний дутагдлаар шаналж буй өвчтөнүүд ордог. Тэдний бөөрний үйл ажиллагаа нь доголдсон, заримынх нь бөө жижгэрч, байхгүйтэй адил болсон байдаг тул энэ аппаратад орж, цусаа бүтэн шүүлгэдэг. Хүнд өвчтөнүүд нэг өдөр өнжөөд диализад орох бөгөөд хоёр өнжихөд л цусандаа хордож, амиа алдах эрсдэлд улам ойртдог аюултай.
Гэтэл хил гааль дээрх ачаа барааны нөхцөл байдал ийм амин чухал хэрэгцээ бүхий эмчилгээнд зориулагддаг хэрэгсэл тасрахад нөлөөлж эхэлжээ. Диализын аппаратад нэг удаа ороход шүүлтүүр, зүү, магистрал, хэд хэдэн тариур зэрэг 115 мянган төгрөг бүхий багц хэрэгсэл шаардлагатай болдог байна. Эднийг өөр зориулалтын хэрэгслээр орлуулах боломжгүй бөгөөд дотооддоо үйлдвэрлэдэггүй.
ОРОН НУТАГТ ТАСАЛДАЛ ҮҮСЭЖ, УЛААНБААТАРТ НӨӨЦТЭЙ ЭМНЭЛГЭЭСЭЭ "ГҮЙЛГЭЖ" ЭХЭЛЖЭЭ
Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын эмнэлгүүдэд диализын аппаратын туслах хэрэгслүүд бүрэн тасраагүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Харин дутаж эхэлжээ. Хэрэв ингэвэл нөөц байгаа эмнэлэгт хандан “гүйлгүүлэх” хэлбэрээр Нийслэл дэх эмнэлгүүд диализын өвчтөнүүдээ эмчилгээнд нь тасралтгүй оруулахыг хичээж байна.
Гэхдээ Баянгол дүүргийн эмнэлэгт өнөөдрөөс /2022.02.14/ хэрэгсэл тасарч байгааг тэндхийн өвчтөн мэдээлсэн юм. Багануур дүүрэгт мөн тасалдал үүсээд удаж буй бөгөөд орон нутагт нөхцөл байдал хүнд байгааг эх сурвалжууд онцолж байлаа.
Тухайлбал:
- Хэнтий
- Дорнод
- Булган
- Өвөрхангай
- Багануур аймагт диализын аппаратын хэрэгсэл нэгдүгээр сараас хойш байн байн тасарч байгаа аж. Үүнээс болж өвчтөнүүд бүтэн найм хоноод, аппаратдаа орох тохиолдол ч гарчээ.
ДИАЛИЗЫН ӨВЧТӨНҮҮД БА ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИЙН БАЙР СУУРЬ
Кэйсүүд дурдвал:
- Булган аймаг: “Энд тасраад удаж байна. Газруудаас гуйж цуглуулаад, хүмүүсээ хоёр өнжүүлээд нэг удаа оруулж байгаа”.
- Хэнтий аймаг “Орохгүй удсан тул хордлого их байна, нэлээд хүндэрлээ. Өнөөдөр /2022.02.12/ гэхэд хил дээрээс ачаа хөдлөөгүй л гэж байна. Энэ асуудлыг сайн хэлж ярихгүй бол олон хүний амь нас эрсдэлд ороод байна”.
- Дорнод аймаг: “Манай эмнэлэгт хэрэгсэл тасраад долоо хонолоо. Өчигдөр би хотоос хэдийг захиж авчруулсан”.
Эхэнд дурдсанчлан, нийт диализын аппаратад ордог өвчтөнүүдийн дийлэнхийг дангаар хангадаг компани бол “Айвико” ХХК. Харин тус компанийн эм, эмнэлгийн хэрэгслийг ачааг “Гоо уул транс” ХХК тээвэрлэдэг аж. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газраас “Гоо уул транс”-д энэ төрлийн тээвэр хийх эрх өгчээ.
Тэгвэл, “Гоо уул транс” ХХК-ийн зүгээс “Ачаа Монголын галт тэргэнд ачигдсан байгаа. Гагцхүү БНХАУ-ын талаас тамгаа дарж өгөхгүй байна” гэсэн мэдээлэл өгч байгаа юм.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газар чиг үүргээрээ энэ асуудлыг бүрэн хариуцах учиртай. Орон нутагт үүссэн тасалдал удалгүй Улаанбаатар хотын эмнэлгүүдэд ч газар авах бодит эрсдэл байгааг анхааралдаа авууштай. Диализын аппаратаа өнжсөн өдрийн тоогоор бөөрний дутагдалтай өвчтөнүүдийн нас богиносож байдаг гэхэд хилс болохгүй. Саяхан дарга Б.Цэцэгсайханыг нь чөлөөлснөөр эзэнгүй, толгойгүй болсон энэ агентлагийн үйл ажиллагаа, диализын аппаратад ордог 1300 орчим өвчтөнүүддээ анхаарал тавина уу, Эрүүл мэндийн сайд аа.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш олон хүний амь нас эрсдэлд ороод байгааг С.Энхболд харж бна уу
Хил намар хаалаа гэхэд л энэ нөөцөө тооцоод таслалгүй нийлүүл гээд байхад юм ойлгодоггүй хүмүүс. ЭМЯ тэр ганцхан компанийн ачааны төлөө ХЯтадтай ярих л ёстой. Өвчтэй хүмүүсийнхээ тоог гаргаад нөөцөө тогтоогоод тасалдагүй ханга гэж эм эмнэлгийн хэрэгслийн газар шинээр байгуулсан. Үүнийг ЭМЯ байнга хянаж байх ёстой. Ялангуяа жирийн бус нөхцөлд хил хаалттай үед бүр их тооцож нийлүүлэх ёстой.